Сэргээгдэх эрчим хүч сэрж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүч сэрж байна

Өнөөдөр манай улс Оюутолгой, Тавантолгой гээд дэлхийд дээгүүрт орох газрын доорх баялагтай. Түүндээ тулгуурлаж, эдийн засгаа хөл дээр нь босгох талаар их ярих болсон. Харин хэзээ ч дуусахгүй, байгальд ээлтэй баялгийнхаа талаар хоолны хачир төдийхөн ярьж байна гэдгийг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Монголын сэргээгдэх эрчим хүч-2012”  чуулганы үеэр хэлсэн юм. Энэ сарын 17-18-ны өдрүүдэд “Ньюком” тэргүүтэй байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа “Монголын сэргээгдэх эрчим хүч-2012” чуулганаар  хачир төдийхөнөөр яригддаг ногоон эрчим хүчний талаар салбарынхан нухацтай хэлэлцлээ.

Нүүрс түлж дулаацдаг, гэрэл асаадаг үе бага багаар “bye” болж байна. Харин нар, салхи, ус тэргүүтэй сэргээгдэх гэх тодотгол бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэр бидэнтэй мэндчилж, дэлхийн зарим улс орон тэдэнтэй дотно танилцаж эхэлсэн. Тэр дундаа БНХАУ тэргүүтэй азийн орнууд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг түлхүү дэмжиж байна. Манай улс ч ялгаагүй бага багаар сэргээгдэх эрчим хүчтэй гар барьж эхлээд байгаа. Харин “Монголын сэргээгдэх эрчим хүч-2012”  хуралд илтгэл тавьсан Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн БНХАУ дахь захирал Лиминг Чао хэлэхдээ “Монгол Улс ойрын хэдэн жилдээ сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү их үүрэгтэй болох төлөв ажиглагдаж байгаа. Учир нь, эрчим хүчний хамгийн том хэрэглэгчтэй хөрш зэргэлдээ. Мөн Япончууд танай орны салхины асар их нөөцийг сонирхож байна” гэв. Үнэхээр манай орны сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхи, нарны нөөцийг гаднынхан ихээхэн сонирхож байгаа. Харин бид өөрсдөө энэ тал дээр хэр ахицтай явна вэ. Одоогоор манайд анхны их чадлын буюу 50 мВт-ын Салхит цахилгаан станцыг “Ньюком” групп хувийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Мөн 2000 оноос хойш хэрэгжиж, өдгөө дуусах шатандаа явж буй “100 000 нарны гэрэл” хөтөлбөрийг тус тус нэрлэж болох юм. Эдгээрээс өөр томоохон хэмжээний бүтээн байгуулалт ер нь байхгүй гэхэд хэлсдэхгүй. Харин манай орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхи, нар, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй бөгөөд түүнийг үр дүнтэй ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн орон гэдэг нэгэнт тодорхой болсон. Иймээс Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчээр өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй их хэмжээний цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн, экспортлох боломжтой болох юм. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний Сайд Д.Зоригт “Манай улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь эрчим хүчний салбарын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгохоор заагдсан байдаг билээ. Түүнчилэн, салхины эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага, Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах, хүрээлэн байгаа орчны бохирдлыг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудал МУ-ын Засгийн газрын чухал зорилт болж байна” гэв. Гэхдээ манай улсын эрчим хүч, эдийн засаг нэг хэсэгтээ л нүүрснээс хамааралтай байгаа энэ үед эрчим хүчний блансыг тааруулах хэрэгтэй талаар чуулганд оролцогчид хэлж байсан юм.

Даяаршиж байгаа дэлхийн хэрэглээ

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын тэргүүн Роберт Шолхаммер тавьсан илтгэлдээ Ази номхон далай бүс нутгийн улс орнууд СЭХ-ийг хөгжүүлэх тал дээр дэлхийд тэргүүлж байгаа ба 2050 он гэхэд 50 гб-д хүргэх зорилт тавиад байгааг хэлсэн юм. Улс орнууд тогтвортой хөгжилд хүрэхийн тулд СЭХ-ийг хөгжүүлэх шаардлагатайг (1) эрчим хүчний аюулгүй байдал, (2) байгаль орчинд ээлтэй бодлоготой холбон тайлбарласан. Тиймээс Азийн орнууд Европын холбоогоос үлгэр дуурайл авч сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох тал дээр үйл ажиллагаагаа чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй талаар хуралдаанд оролцогч гаднын төлөөллүүд хэлж байлаа. Мөн уг сүлжээнд хамгийн их үүрэг бүхий орон яах аргагүй Монгол байх болно гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байсан юм. Учир нь, нар салхины нөөцөөр дэлхийд эхний гуравт жагсах, газрын байршлын хувьд хаа хаанаа ашигтай манай орны хувьд энэ салбарын цохилох зүрх болж чадах нь дамжиггүй. Харин үүнд хүрэхийн тулд Засгийн газрын тогтвортой бодлого, ард иргэдээсээ аваад улс төрчид хүртэл сэтгэлгээний өөрчлөлтийг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй гэх зөвөлгөөг гадаад дотоодын төлөөллүүд анхааруулж байсан юм.

Чуулган энэ мэт сонирхолтой сэдвээр үргэлжилж байна. Чуулганы ерөнхий үр дүнгийн талаар “Ньюком” группын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Бид хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний талаар ярьж байгаа ч тулгамдаж байгаа асуудал их байна. Тиймээс гаднын болоод дотоодын тэр дундаа холбогдох яам, тамгын газрын мэргэжилтнүүдтэй ярьж байгаа юм. Энэ бол том дэвшил. Үүнийг дагаад тэргүүн туршлага, техникийн дэвшил шинэ бодлого гээд олон нааштай үр дагавар гарна” гэсэн юм.

Бурхан магадгүй Монгол гэх эх газарт өөрийнхөө хамаг л сайн сайхныг өгсөн байх. Харин энэ сайхан эх орны эзэн болсон бидэнд бурхны өгсөн бэлгийг салхинд хийсгэчихгүй байх асар том үүрэг бий. Хэрвээ энэ үүргээ нэр төртэй биелүүлж чадвал Монгол Улс эрчим хүчний болоод эдийн засгийн диваажин орон болж чадах юм.

 
Э.ЗОРИГТ

Эх сурвалж: mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж