Б.Баярцэцэг: Өнөөдөртөө бол өөрийгөө олохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Баярцэцэг: Өнөөдөртөө бол өөрийгөө олохыг хүсч байна

bayartsetseg 2

Дуучин
Б.Баярцэцэг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт бие даасан тоглолтоо
толилуулахаар болжээ. Ирэх хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд дээрх
аймгийн үзэгчид дуучин Б.Баярцэцэгийн тоглолтыг үзэх боломжтой болж
байна.


-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Бэлтгэл
хангагдсан гэж хэлж болно. Эхний тоглолтоо Сэлэнгэ аймагтаа хийнэ.
Хоёрдугаар сарын 5-нд гэсэн үг л дээ. Тэгээд 6, 7-нд Орхон аймагт, 8-нд
Дархан-Уул аймагт, хамгийн сүүлд 9-нд Зүүнхараагийн үзэгчдэд тоглолтоо
хүргэнэ.

-“Нисванис”-ын Амгаа тоглолтод оролцоно гэсэн үү?

-Тэгнэ.
Ерөнхийдөө тоглолт зохион байгуулах багт хориод хүн багтаж байгаа.
Гэхдээ уран бүтээлч гэвэл Амгаа ах бид хоёр л байгаа. Дархан,
Эрдэнэтийн тоглолтод ганц нэг дуучин оролцоно. Тэрнээс бусад нь зохион
байгуулалтын болон тайз, техникийн ажилтнууд байгаа. Яагаад арын албанд
ийм олон хүн ажиллаж байгаа вэ гэхээр бид тоглолтынхоо тайз засалт,
гэрэлтүүлэг, орчин нөхцөлд илүүтэй анхаарч байгаатай холбоотой. Аймгийн
төвийн бэлэн тайзан дээр очоод дуулчихсан нь амар, ажил багатай гэж
бодсонгүй л дээ. Аль болох гоё орчинд тоглолтоо тавья гэж бодсон. Тэр
зорилгыг маань биелүүлэхийн төлөө олон хүн ажиллаж байна.

-Орхон аймагт яагаад хоёр өдөр тоглох юм бол?

-Өмнө
нь олон удаа санал ирж байсан л даа. Эрдэнэтэд оросууд нэлээд байдаг.
Монголчууд нь ч бас их гоё, орос соёлтой хүмүүс байдаг. Орос дуунд
дуртай. Тэр талаас нь бодолцож үзээд нэг өдөр нь монгол дуунаас бүрдсэн
тоглолтоо, нөгөө өдөр нь дан орос дууны тоглолт хийе гэж ярилцсан
байгаа. “Swing in kremlin” гэж “Polo arts”-тай хамтарч гаргасан миний
дан орос дууны цомог байдаг. Тэр цомгийнхоо уран бүтээлээс мөн
үзэгчдийн сонсох дуртай Оросын хит дуунаас тоглолтдоо дуулна.

-Багаасаа орос дуу дуулдаг байсан уу?

-Манай
Алтанбулаг оростой хил залгаа болоод ч тэрүү багын орос дуунд дуртай
байсан. Нэг хэсэг би Москвад амьдардаг байлаа. Тэнд суралцаад, уран
бүтээл хийж болох л байсан байх. Тухайн үед монголдоо амьдармаар
санагдаад буцаад ирсэн.

 -“Нисванис”-ын
Амгаа та хоёрын хослол дажгүй. Гэхдээ “Нутгаа санасан сэтгэл” шиг
уянгын дуунаас гадна илүү эрч хүчтэй дуу хамтарч дуулбал гоё байх юм
шиг санагддаг?

-Амгаа ах уянгын зөөлөн дууг ч гэсэн гоё дуулдаг
биз дээ. Гэхдээ дуулна аа дуулна. Нэг шинэ дуу хийсэн байгаа. Тэрийгээ
энэ тоглолтон дээр дуулна.

-Гэхдээ манай дуучид хэтэрхий нэг
хэмнэлтэй дуулаад байх шиг санагддаг. Зарим поп дуу зохиолын дуунаас
ялгарахаа байчихсан байгаа биз дээ?

-Олон хүний олон уран бүтээл
дунд янз бүрийн сул тал байдаг л байлгүй дээ. Тэгэхээр хүн бүр л дор
бүрнээ уран бүтээлчийнхээ хувьд хөгжих ёстой байх. Мэдээж, өөрийн гэсэн
арга барил, өнгө төрхөө олж авахыг зорьж байгаа залуу уран бүтээлчид
алдаа гаргаж л таарна. Гол нь хөгжих боломж юу байна, тэрийгээ олох
хэрэгтэй. Байнга нэг байрандаа зогсохыг хүн хүсэхгүй биз дээ.

-Жишээ нь та өөрийгөө хэр хөгжүүлж байгаа вэ. Уран бүтээлчийнхээ хувьд?

-Хөгжүүлж
байгаа гэж хэлж болох байх. Анх би СУИС-ийн оюутан байхдаа хип хоп
хамтлаг, дуучидтай хамтарч ажилладаг байлаа. Уран бүтээлийн бага ч
гэсэн дөртэй болохын тулд амьд хамтлагтай дуулж эхэлсэн. Поп дуу
дууллаа. Дуэт дуулж үзлээ. Алдаа байсан байж болно. Гэхдээ нэг дуу
дуулах, нэг уран бүтээлийн тухай бодох бүртээ алхам, алхамаар хөгжихийг
үргэлж хүсдэг байсан. Яг одоогоор гэвэл Хятадад Бээжингийн урлагийн их
сургуульд суралцаж байгаа. Өнөрсөн намраас шинэ оюутан болсон.

-Дуулаачийн ангид уу?

-Хөгжим судлаач.

-Ингэхэд та өөрөө дуугаа бүтээдэг үү. Альтернатив Отгоо шиг ч юм уу?

-Нэг л дуу байгаа. “Хүнийх”. Гэхдээ миний ая зохионо гэж юу байхав.
 

-Сараа,
Ариунаа, Алтаа, Наран гээд Монголын рок, попын төлөөлөл болсон нэгэн
үеийн дуучдыг өнөөдөр дива хэмээн өргөмжилдөг болж. Тэднийг залгамжлах
залуу эмэгтэй дуучид гэвэл таныг, Отгоо, Соко, Нара нарыг нэрлэх байх.
Гэхдээ манай залуучууд Сараа, Ариунаа, Наран гурвын залуу нас шиг эрч
хүчтэй байж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Тэд нар бол рок, попод
хөл тавьж байх үедээ маш хурц гялалздаг байсан?

-Бусад
дуучдынхаа талаар би дүгнэлт хэлж мэдэхгүй байна. Миний хувьд сайн
дуучин болохын төлөө хичээж л яваа залуу уран бүтээлч. Б.Баярцэцэгийн
гэсэн өнгө төр рок, поп урлагт байгаасай гэж хүсдэг. Миний дуунд дуртай
хүн байвал тэр хүний урмыг хугалахгүй үргэлж сайн уран бүтээл хийх
юмсан гэж зорьдог. Өнөөдөртөө бол өөрийгөө олохыг хүсч байна. Ямар
стилийн дуу надад илүү зохимжтой вэ, яаж дуулбал илүү хүнд хүрэх
гээд…Би бүх зүйлд суралцаж байгаа залуу хүн гэж өөрийгөө хардаг.
Харин ирээдүй ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Ирээдүйн дива
Б.Баярцэцэг гэж би өөртөө санагддаггүй. Тэгж төсөөлж байгаагүй. Харин
өнөөдөр хэн, юу сонсохыг хүсч байна. Тэр цэгт зогсч байх юм сан л гэж
боддог.

-Надад бол та амьд хамтлагтай дуулж байхдаа илүү таалагддаг?

-“А-соунд”-тай
амьд хөгжмийн клубт дуулдаг. Ер нь миний хайж байсан урсгал коунтри,
поп стилийн дуу юм болов уу гэж боддог. Ирэх гурав, тавдугаар сард хоёр
шинэ цомог маань дараалан сонсогчдын гарт хүрнэ. Шинэ цомгийнхоо уран
бүтээл дээр “А-соунд” хамтлагтай хамтарч байгаа. Хэд хэдэн дуунд клип
хийлгэх төлөвлөгөөтэй байна. Ер нь ойрын үед ачаалал ихтэй л ажиллах
бололтой.

-Улаанбаатарт бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ?

-Ирэх намраас тоглолтоо хийнэ.

Б.Баясах/2009 оны 1 сарын 28/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж