“Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай хөдөө аж ахуйн салбарт маргашгүй томоохон амжилтууд гарсан. Энэ нь зүгээр нэг ажлын амжилт бус, бодлого зорилтыг оновчтой хэрэгжүүлэх юм бол ийм амжилт гарч болно гэдгийн тод жишээ болж байна. Газар тариалангийн салбарт монголчуудын мөрөөдөж байсан мөрөөдөл биелэлээ гэж хэлж болохоор байна. Мал аж ахуйн хувьд 2009, 2010 оны өвөл 10 гаруй сая малаа алдаж байсан. Харин энэ жил зөвхөн төл маань 15 саяд хүрэх нь. Улсын хэмжээнд 50 сая малтай болчихлоо. Төрөөс баримталсан бодлогын хүрээнд ХХААХҮЯ “Монгол мал” хөтөлбөр, Хөдөө аж ахуйн биржийн баримт бичгийг гаргалаа. Ер нь үүнээс харахад бодлогыг зөв тодорхойлж, хэрэгжүүлвэл аль ч салбарт амжилт гаргаж болох нь” хэмээн өдөрлөгийн үеэр хэлж байлаа.
Нээлттэй өдөрлөгийн үеэр хувийн хэвшлийнхэн бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. Тухайлбал, АПУ ХК, Мах импекс ХК, Хүнс комплекс ХХК болон ноолууран эдлэл, газар тариалан, мал аж ахуйн хувцас хэрэглэлийг сонирхуулж байлаа.
Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, аюулгүй хүнсээр хангахад анхаарч ажилласнаар дотоодын хүнсний үйлдвэрлэл 2008 оныхтой харьцуулахад 56.6 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд шулж ангилсан мах, боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилыг Нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг баталсан нь хүн амын хэрэгцээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн гэнэ. Тухайлбал, 2008 онд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 15.4 мянган тонн байсан бол 2009-2011 онд 16.4-23.8 мянган тонн, дотоодын гурилын үйлдвэрлэл 2008 онд 62 мянган тонн байсан бол 2009-2011 онд 105.3-143.5 мянган тонн болж өсчээ.
Сүүлийн жилүүдэд малын гаралтай бүтээгдэхүүний үр ашгийг ихээр онцлох болсон билээ. Гадаадын экспертүүд манай улсад ирж, ялангуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо нийлүүлэлтийг хангахаас гадна экспортлох боломж бий тухай зөвлөж байгаа. Тухайлбал, монголын мах цэвэр экологийн гаралтай учраас илүү удаан хадгалж, гадаадын орнуудад гаргах нэгээхэн том боломж нь махыг борцолж брэнд бий болгох талаар санал болгож байсан. Харин малчдын талаарх төрөөс баримтлах бодлогыг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2009 онд УИХ-аас батлуулан хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд малчдыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, малчин өрхийг үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэх, малчин мэргэжлийг баталгаажуулах арга хэмжээг авч буй юм байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг батлуулан бирж ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай мэдээлэл бий.
Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр газар тариалангийн 20 гаруй машин, тоног төхөөрөмжийг танилцуулж байсан. Үүнээс тариалалт хийх зориулалтаар олон төрлөөр ажилладаг машин хүмүүсийн анхаарлыг татах байх юм. Энэ нь буудай тариалах, газар хагалах зориулалттай 152 морины хүчин чадалтай машин.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд “Атрын гурав дахь аян газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх “ хөтөлбөрийг засгийн газраас хэрэгжүүлсний дүнд 2011 онд 448 мянган тонн үр тариа, үүнээс 437.9 мянган тонн буудай, 199.2 мянган тонн төмс, 105.2 тонн хүнсний ногоо тус тус хураан авч, жилийн хэрэгцээт буудай төмсийг 100 хувь, хүсний ногооны 62 гаруй хувийг дотоодын ургацаас хангасан ажээ. Хүнсний ногоо, гурилын импортын гурилын импортын татварын хэмжээг 15 хувь болгон нэмэгдүүлсэнээр дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн гэнэ.