ШУТИС-ийн оюутнууд спортоор манлайлав

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн оюутнууд спортоор манлайлав

БСШУЯам, ЗГХА- БТСГазар, МОХолбоо, МОСХолбоо хамтран Монголын улсын 2012 оны Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг волейбол, ширээний теннис, гандбол, жудо, шатар, заалны хөл бөмбөг, модон бөмбөг, явган аялал, сагсан бөмбөгийн спортын 9 төрлөөр Улаанбаатар хотноо 2 сарын 1-ний өдрөөс 5 сарын 11 хүртэл хугацаанд  амжилттай зохион байгуулан явуулсан билээ.

Монгол улсын 2012 оны оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд орон нутаг, нийслэлийн нийт 34 их, дээд сургуулийн 1100 гаруй оюутан залуучууд хамрагдаж идэвхтэй оролцсон. Тэмцээнийг зохион байгуулахад мэргэжлийн 125 шүүгч оролцов. Тэмцээнийг МУИС, ШУТИС, МУБИС, Улаанбаатар ДС, Оч клуб, СТО, Гачуурт дах “Монгол шилтгээн”, “Хос мастер” шатрын академи зэрэг газруудад явуулан хамтран ажиллаа.

Тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд 23 оноогоор Б.Дамдинсүрэн захиралтай ШУТИС, хоёрдугаар байранд 29 оноогоор Г.Лхагвасүрэн захиралтай Үндэсний БТДС, гуравдугаар байранд 43 оноогоор Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус БТДС, 4 дүгээр байранд 51 оноогоор МУБИС, 5 дугаар байранд 54 оноогоор ХААИС, 6 дугаар байранд 55 оноогоор МУИС -ийн  баг тамирчид орлоо. Дотоод хэргийн ИС, ЭМШУИС, Их засаг ИС, Отгонтэнгэр ИС зэрэг сургуулиуд, орон нутгаас Дархан-уул аймгийн ХААИС, ШУТИС, Ховд ИС, Архангай багшийн сургууль, Говь-алтай аймгийн ЭМШУСургуулиуд тэмцээний төрөл бүрт баг тамирчдаа бэлтгэн амжилттай оролцов.

Нэгдсэн дүнгээр тэргүүлсэн ШУТИС-ийн багийг тэмцээний дурсгалын цомоор шагнасныг тус сургуулийн ректор Б.Дамдинсүрэн, багш, оюутны төлөөлөгчид нь хүлээн авчээ. Тэмцээний нэгдсэн дүнгээр эхний гурван байр эзэлсэн их, дээд сургууль, коллеж /1-р байр 800 000, 2-р байр 600 000, 3-р байр 500 000 төгрөг/, алт, мөнгө , хүрэл медаль, өргөмжлөлөөр, 4-6 байр эзэлсэн сургуулиудыг тус бүр 200,000 төгрөг, наадмын "Хүндэт өргөмжлөл"-өөр тус тус шагнаж урамшууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр БСШУЯ-нд болж БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, МОСХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан зэрэг албаны хүмүүс, их, дээд сургуулиудын ректор, захиралууд, багш нар, төвийн хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчид оролцсон байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж