Тайгад түймэр гарснаас машин, техник явах боломжгүйд хүргэж, гал сөнөөгчид, нутгийн иргэд 10-20 км газар алхаж байж түймрийн захад хүрдэг. Мөн салхи ихтэй, чиглэл нь байнга өөрчлөгдөж байгаагаас түймэр унтраахад хүндрэл учруулж байна. Хөвсгөлд асч байгаа түймрийг хүний хүчээр унтраах боломж бага учир үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах шаардлага гарсан байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээнээс үзвэл Хөвсгөл орчимд өнөөдөр болон энэ сарын 21, 22-ны өдрүүдэд үүлэрхэг байх нь. Иймээс холбогдох байгууллагууд үүл буудах төхөөрөмжийг бэлэн байдалд оруулаад байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан түймрийн хил хязгаар, аль чиглэлд тархаж байгааг тогтоохын тулд нисдэг тэрэгнээс агаарын тандалт хийх шаардлагатай байгаа тухай Онцгой комиссын хуралдааны үеэр яригдлаа. Мэдээллийг сонссоны дараа Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд үүрэг өглөө. Юуны түрүүнд олон хоног түймэртэй тэмцэж ядарсан онцгой байдлынхан болон нутгийн иргэдийг шинэ хүн, хүчээр сэлбэх, техник, багаж хэрэгсэл, хувцас, хоол хүнс, шатахуунаар тасралтгүй хангах нь зүйтэй гэж Шадар сайд хэлэв. Тухайн орон нутагт Онцгой байдлын ерөнхий газрын хээрийн штаб ажиллуулах, алба хаагчид болон нутгийн иргэдийн аюулгүй байдалд анхаарч, заавар, зөвлөгөө өгч байхыг тэрээр онцгойлон анхаарууллаа.
Түймэр цаашид илт хүндэрвэл Засгийн газар хоорондын гэрээний дагуу хоёр хөршөөс ус цацах төхөөрөмж бүхий нисэх онгоцны тусламж хүсэх, ногоон бүс дэх эргүүл, хяналт шалгалтыг тогтмол явуулах, түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгийн удирдлагуудад өгсөн Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг шалгах, ой, хээрийн түймрийн эзэн холбогдогчийг тогтоох, буруутай этгээдэд хариуцлага тооцох зэргийг үүрэг болголоо. Хуурайшилт нэн аюултай, аюултай зэрэгт хүрээд байгаа энэ үед их, дээд, дунд сургуулийн төгсөлт давхцан ногоон бүсэд аялж, зугаалах нь эрс нэмэгдээд байна.
Иймээс Онцгой байдлын ерөнхий газар түймрээс урьдчилан сэргийлэх талаар байнгын сэрэмжлүүлэг, ухуулга явуулж байгаа. Гэхдээ иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байхгүй бол дутуу унтраасан гал, татаад хаясан тамхины ишнээс болж их хэмжээний талбай түймэрт өртөн, улмаар эрдэнэт хүний амь нас эрсдэх аюул ойрхон байна. Энэ он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 75 сумын нутагт 129 удаа ой, хээрийн түймэр гарсны ихэнх нь хүний буруугаас болжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.