Гэр хороолол руу дэд бүтэц татахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Гэр хороолол руу дэд бүтэц татахыг хүсч байна

Газрыг шударгаар хувьчлахын төлөөх хөдөлгөөнөөс өнөөдөр Төрийн ордны Их танхимд Гэр хорооллын оршин суугч иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад 1000 орчим иргэд оролцож санал бодлоо хуваалцсан юм. Иргэдийн хувьд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт тун хангалтгүй байна гэсэн шүүмжлэлийг хэллээ. Учир нь эл хөтөлбөр батлагдаад хоёр жил болсон байтал огт хэрэгжээгүй. Дээр нь орон сууцны үнэ асар өндөр байгаа. Юун бага, дунд орлоготой иргэд түүнийг худалдаж авах. 20 жилийн урт хугацаатай жилийн зургаан хувийн хүүтэй зээл авъя гэлээ ч Орон сууцны санхүүжилтийн корпораци, арилжааны банкуудын тавьж байгаа шаардлагыг хангахгүй. Тэгэхээр төр үнэхээр иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрт хамруулъя гэж зорьж байгаа бол одоогийн өмчилсөн газрыг нь хүчээр үнэ тогтоож авахаа болих. Тэр тусмаа барилгын компаниудтай хамтарч иргэдийн газрыг бага үнээр аваад, маш өндөр үнэтэй орон сууц санал болгож байгааг чуулганд оролцогчид эрс эсэргүүцсэн юм. Өөрсдийнх нь юм үнэтэй, иргэдийн газар хямдхан байж таарахгүй. Тийм учраас өмчилсөн газар руу нь дэд бүтэц татаж өгөх, тэр цагт иргэд өөрсдөө амьдралынхаа боломж нөхцлөөс хамаараад нэгээс хоёр давхар хувийн сууц барих боломжтой. Энэ цагт УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр богино хугацаанд амжилттай хэрэгжинэ гэлээ.

Улмаар чуулганд оролцогчид Засгийн газарт хандан шаардлага хүргүүлэхээр болсон юм. Шаардлагад нэгдүгээрт, гэр хорооллыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгоход улсын төсөв болон бусад орлогын эх үүсвэрийг зориулах. Түүнчлэн гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх гэж заасныг яаралтай эхлүүлэх. Нийслэлийн гэр хорооллын цөөнгүй өрхөд хашааных нь газрыг өмчлүүлэх бус эзэмшүүлж газар эзэмших эрхийг нь тав хүртэл жилээр сунгаж, иргэдийг албан тушаалтны барьцаанд байлгаж байгааг зогсоож эзэмшсэн газрыг нь тухайн иргэнд өмчлүүлэх. Шинээр өмчлүүлэх газрыг иргэдэд тохилог орон сууцаа барих нөхцлийг нь бүрдүүлсэн дэд бүтэц байгуулж ямар нэг болзол төлбөр авлига, хүнд сурталгүйгээр ил тод шударгаар өмчлүүлэх гэсэн хэд, хэдэн шаардлагыг тавьж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж