“Goodboys” тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн” гэх тододголтой ч рок, попод цахиур хагалан гарч ирсэн н хөвгүүдийн “Good boys” хамтлаг ирэх зургадугаар сарын 1-нд UB паласын задгай талбайд хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд тоглолтоо Эх үрсийн баярыг тохиолдуулан “Эх дэлхийгээ хайрлая” гэсэн уриан дор хийж байгаа ба “6 сарын 1” гэж нэрлэжээ.

Анх Монголын хүүхдийн ордны дууны дугуйлангаас урлагт хөл тавьсан эдгээр хөвгүүд урын сандаа 50 гаруй уран бүтээлтэй болжээ. “Tell me why”, “Хайр ирлээ”, “Хүмүүсээ эх дэлхийгээ хайрлая”, “Хүүхэд насны дурсамж” зэрэг дуугаараа олны танил болсон хөвгүүдийн хамтлагийн тоглолтын гол сюрприз бол тэд өөрсдөө хөгжим тоглож амьд тоглолт хийх гэнэ.

Энэ тоглолтыг амьд шоу тоглолт гэдэг утгаар нь олны танил болсон Монголын рок попын хамтлагуудын хөгжимчид дэмжиж оролцохоор болжээ. “Good boys” хамтлагийнхан таваас зургаан дуугаа өөрсдөө хөгжимтэйгээ дуулан сонирхуулах нь ээ. Түүнчлэн тэдний тоглолтод Гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, дуучин Нара, “TV коктейль”-ийнхон болон орчин үеийн бүж­гийн “Арга билэг” хамтлагийнхан оролцох юм байна. Сюрпризээр дүүрэн тоглолтын тасалбар бүр сугалаатай бөгөөд хамгийн азтай гурван хүүхдийг шалгаруулж, Бээжинд аялах эрхийн бичгээр шагнах аж. Мөн “Браво шоп”-ын нэрийн шагнал гээд олон сюрприз байгаа гэнэ шүү.

“Good boys” хамтлагийн хувьд “D.X” продакшнтай гэрээ байгуулаад гурав дахь жилтэйгээ золгоод байгаа юм. Анхны тоглолтоо өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-15-нд Улсын циркэд хийж байсан.

Харин хоёр дахь бие даасан шоу тоглолтоо Эх үрсийн баярыг тохиолдуулан “Эх дэлхийгээ хайрлая” гэсэн уриан дор “6 сарын 1” гэсэн нэртэйгээр UB паласын задгай талбайд хийхээр бэлтгэл ажилдаа орчихоод байгаа билээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж