Хохирол барагдуулах асуудалд анхаарахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Хохирол барагдуулах асуудалд анхаарахыг хүслээ

Өнөөдөр “Улс төр мэдээллийн төв”-өөс ХЗХ-ны хохирогчдын нэгдсэн түр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг тэргүүтэй хүмүүс Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдод төрөөс дахин нөхөн олговор олгох гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл  хийлээ.

Тэд “Энэ парламентийн хугацаанд Хадгаламж зээлийн хоршооны нийт хохирол болох 100-150 тэрбум төгрөгийг барагдуулахгүй юм гэхэд 60-70 тэрбум төгрөгийг төрөөс барагдуулах нь зөв гэж үзэж байна.  Мөн хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төрөөс төлөхөөр болсон ч энэхүү асуудал дээр тодорхой анхаарал хандуулалгүй удаж байна” гэв.

Мөн “2007 онд  Хадгаламж зээлийн хоршоод олноор дампуурсан хэргээс үүдэн иргэд их хэмжээгээр хохирол амссан. Нийт 840 ХЗХ байснаас одоо 15 хоршоо үлдсэн байна. ХЗХ олноор дампуурсан энэхүү хэрэг зохиомол хэрэг төдийгүй улс төрчдийн оролцоотой” гэж мэдэгдсэн юм.

ХЗХ-ны хохирогчдын нэгдсэн түр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг “Хохирлыг барагдуулах асуудалд анхаарлаа хандуулж, эрх зүйн орчинг бүрдүүлж, хуулийн төсөл батлах хэрэгтэй” гэв.

Э.БОЛОРТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж