Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Татварын ерөнхий газраас тоон гарын үсгийг татвар хураалт, татварын төлөгчидтэй харилцах үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлж байна. Аливаа улс оршин тогтноход голлох үүрэг хүлээдэг татварын салбарт дэвшилтэт технологи, найдвартай нууцлалаар мэдээллийг шуурхай солилцоход шаардлагаар ийнхүү цахим гарын үсгийг хэрэглээнд оруулж байгаа ажээ. Ингэснээр урьд нь татварын тайлангаа цахимаар болон оочир дугаар авч, цаасаар дахин өгдөг байсан бол зөвхөн цахим байдлаар өгч болох боломжтой болох гэнэ. Энэ нь цаг хугацааг хэмнэхээс гадна татвар хураалтыг ихээхэн хөнгөвчлөх болсон талаар Татварын Ерөнхий газраас онцолж байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхийн тулд Татварын ерөнхий газраас томоохон татвар төлөгчид болон дүүргүүдэд сургалтуудыг хийж, түлхүүр бүхий гэрчилгээгээ олгож байна. Тоон гарын үсгийг аж ахуй нэгжүүд ашиглахын тулд Татварын ерөнхий газарт хандан, гэрээ байгуулах юм.
У.БОЛОР