Иран Сирид зэвсэг нийлүүлж буй нь Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын Russia 24 мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаас ил болсон юм. Ливан, Туркээр дамжин Сирид очиж буй зэвсгийн хууль бус наймааны талаар Башар Аль-Ассад ярьсан аж.
Тэрбээр “Зэвсгийн хууль бус наймааг зогсоохын тулд хилийг шууд хааж болохгүй. Гэхдээ хууль бус наймааны урсгалыг бууруулж болно” хэмээн ярьсан байна. Башар Аль-Ассад Египет, Ливи, Тунисын эрх баригчдыг унагаасан Араб хавар хувьсгалыг шүүмжилсэн аж.
Тэрбээр “Ливи болон бусад орнуудын гашуун туршлагаас харахад Араб хавар бол хувьсгал биш, үймээн самуун, хямрал” хэмээжээ.
Египетээс эхэлсэн Араб хавар хувьсгалын шуурга Тунис, Ливид дэгдсэний дараа өнгөрсөн оны гуравдугаар сард Сирид Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм.
Башар Аль-Ассад босогчдын эсрэг цэргийнхнийг турхирч, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарах гэж оролдсоноос Сирийн улс төрийн дотоодын хямрал хурцдаж иргэний дайны ирмэгт тулаад байна.
НҮБ-ын шинжээчдийн дүгнэлтээр 14 сар үргэлжилж буй цус асгаруулсан мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 9,000 хүрсэн гэх авч бодит тоо үүнээс ч их гэж үзэж байгаа юм.