Оюутнуудын ЭМД-ын шимтгэлийг төр даана

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Оюутнуудын ЭМД-ын шимтгэлийг төр даана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед дээрх асуудал хөндөгдлөө.

Одоогийн байдлаар төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлдөг байна. Сарынх нь шимтгэлийг 670 төгрөгөөр тооцож ЭМД-ын санд олгодог, гэтэл ажил хийж байгаа иргэдээс ЭМД-ын шимтгэлийг авахдаа цалингийнх нь дөрвөн хувиар тооцдог. Хоёр хувийг ажилтан цалингаасаа, үлдсэн хоёр хувийг ажил олгогч төлдөг. Тухайлбал, УИХ-ын гишүүнээр тооцож үзэхэд сардаа 40 мянга гаруй төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлдөг гэнэ. Харин дундаж цалинтай иргэд 20 мянга гаруй төгрөгийг сар тутамд ЭМД-ын шимтгэлд төлж байна гэсэн үг. Гэтэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 70 хувь нь хүүхэд, ахмад настнууд байдаг, харин сар тутамд мөнгөө төлдөг даатгуулагч нарын хувьд хэвтэх гэхээр ор олддоггүй. Тэгсэн атал төр халамжиндаа байгаа хэсгийн ЭМД-ын шимтгэлийн мөнгийг нэмдэггүй, энэ нь ЭМД-ын санг хүндрүүлж, улмаар мөнгөө төлсөн хэсэг нь эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, харин улсаар төлүүлсэн нь хэвтэн эмчлүүлж ирсэн буруу жишиг 2015 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг энэхүү төсвийн хүрээний мэдэгдлээс УИХ-ын гишүүн С.Ламбаа олж харан шүүмжилсэн юм. Тэрбээр хэлэхдээ төр дааж байгаа хэсгийнхээ ЭМД-ын шимтгэлийн мөнгийг нэмж чадахгүй байгаа хэрнээ дээр нь нэмж оюутнуудын ЭМД-ын шимтгэлийн мөнгийг даадаг байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан нь туйлын буруу гэлээ. Учир нь 2014-2015 оны төсвийн төсөөлөлд ЭМД-ын санг 2.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байгаа аж. Тэрхүү 2.4 тэрбум төгрөгийн нэмэгдэл нь зөвхөн оюутнуудын ЭМД-ын шимтгэлийг төрөөс даахтай холбоотойгоор тавьсан тоо юм байна. Уг нь бол төр одоо шимтгэлийг нь дааж байгаа хэсгийнхээ ЭМД-ын шимтгэлийг нэмэгдүүлэх талд анхаарч ажиллах шаардлагатай. Тэгэхгүй бол ЭМД-ын сан ачааллаа дийлэхгүй түүнийгээ дагаад эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй өнөөх л сулбагар дорой байдлаасаа гарахгүй явсаар унах талтай болохыг анхааруулсан юм.

Мөн дээрх асуудлыг хэлэлцэх шатанд хөндөгдсөн хоёр дахь асуудал нь Нийгмийн даатгалын сан хүндэрч буй тухай байлаа. Тодруулж хэлбэл, 2013-2014 оны үеэс эхэлж НДС хүндрэх төлөв харагдаж буй аж. Хэрвээ хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг авахгүй бол өнөөгийн тэтгэвэр авагчид тэтгэвэргүй суух магадлалтай. Мөн дээр нь сар тутамд НДШ төлж нэрийн дансанд суутгуулсан мөнгө маань хураагдаж байгаа гэж бодож буй иргэдийн хувьд ч асуудал өнөөдөр хүндэрчээ. Шалтгаан нь нэрийн дансанд хуримтлагдаж байгаа хэмээн боддог шимтгэлийн мөнгө нь зөвхөн хоосон тоо аж. Засгийн газрын хувьд эл асуудлыг шийдвэрлэх хүрээнд хуулийн төсөл боловсруулсан. Гэхдээ дахин сайжруулах шаардлага байгаа. Ямар ч байсан Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож байгаа сар тутмын мөнгө ирэх долдугаар сарын 1-н гэхэд зогсоно. Тиймээс энэхүү Хүний хөгжлийн санг НДС болгон хувиргах чиглэлээр төсөл боловсруулж байгаа гэдэг мэдээллийг Сангийн сайд Д.Хаянхярваа өгсөн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Баярцогт гадаад өртэй холбоотой мэдээллийг Сангийн яам болон Монголбанк сайн учрыг нь гаргаж олон нийтэд өгөх шаардлага байгааг онцоллоо. Тухайлбал, 9.6 тэрбум ам.доллар нь гадаад улсуудаас авсан зээл. Түүнд хувийн хэвшил, төрийн авсан зээл хамт нэгтгэгдсэн. Хэрвээ эл зээлийг төлөх хугацаа хэтрэх юм бол өр болж хувирна. Хоёрдугаарт, Монголбанк, Сангийн яам хоёр гадаад зээлийнхээ асуудалд дүнгээ нэгтгэх шаардлагатай, ингээгүйгээс болж тоо нь зөрснөөс түүн дээр нь хэвлэлийнхэн тоглолт хийж байна гэдгийг ч анхааруулсан юм. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Гадаадаас зээл авч болно, энэ нь эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, улс орнуудын Монгол Улсад итгэх итгэл сайжирсантай холбоотой гэж бодож байгаа. Гол нь авсан зээлээр ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж, юу бүтээв гэдэг нь чухал болохыг Засгийн газрын сайд нарт захисан юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Төсвийн байнгын хороон дээр энэхүү төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгийг хийх шатанд маш сайн боловсруулах шаардлагатай. Уг баримт бичиг нь энэхүү парламентын Засгийн газарт үлдээх том өв болохыг онцолсноор чуулганы хуралдааныг завсарлуулав. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж