Хэрлэн, Онон, Туул голыг тахиж ёслол болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Хэрлэн, Онон, Туул голыг тахиж ёслол болжээ

“Монголын бөөгийн нэгдсэн эвлэл” нь Хэрлэн, Онон, Туул голын  тахилгыг санаачлан зохион байгуулжээ.

Уг лусын тахилга энэ сарын 15 өдөр Чингис хайрханы урд, Гандан уулын хойд хормойд “Хатан Туул”-ын дэргэд, Сэлбийн голын дээд эхэд “Ойн булаг” амралтын дэргэд мөн Тэрэлжийн дээд эхэд Асралт хайрхан уулын хормойд Туул гол, Онон голын дээд эхэд нэгэн зэрэг болсон юм.  Монголын бөө мөргөлийн гол зан үйлүүдийн нэг болох лусын тахилгыг “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ийн төлөөлөл болсон “Ноён уулын тахилга”-д оролцсон удган зайрангууд шавь нарын хамт онгод шүтээний айлдварын дагуу хийж гүйцэтгэсэн юм.

Уг зан үйлээр Хан Хэнтийгээс эхтэй, Хэрлэн, Онон, Хатан Туул ээжийнхээ цөхрөл гомдлыг тайлж, аргадан уярааж, ард олныхоо ундаа болсон  ариун ус рашаанаа халигааж цалигааж байхын ерөөл гуйсан юм.  Мөн хуран цугласан олон түмэн идээ ундааныхаа дээжийг өргөж, сүслэн мөргөж, дээдийн дээд хүндэтгэл үзүүлсэн.

Энэхүү үйл явдал нь “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ийн санаачлан зохион байгуулж буй хоёр дахь томоохон арга хэмжээ бөгөөд үүний дараа зургадугаар сарын 22 өдөр “Нарны болон газар тэнгэрийн тахилга тайлга”-ыг  хийхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн оныг дуустал Монголын 800 уул ус, гол горхи, мөрнийг тахиж, уул усны тахилга тайлгыг жаяг ёсонд нь оруулах зорилготой байгаа ажээ.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж