Шүүгдэгчийн биед халджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Шүүгдэгчийн биед халджээ

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан ч хурлын товыг хойшлуулжээ. Шалтгаан нь өмгөөлөгч н.Дашдэмбэрэл шүүх хуралд ирээгүй, мөн шүүгдэгчдийн нэг болох н.Төмөрбаатар яаралтай мэс засалд орох болсон байна. Ингээд хурлын товыг ирэх зургадугаар сарын 7-ныг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатарыг өнгөрсөн шөнө /V.17/ гэр рүүгээ харих замд үл таних этгээд хэвлий тус газар нь хутгалсан гэнэ. Түүнийг нэн даруй ГССҮТ-д хүргэж, мэс засал хийсэн бөгөөд одоогоор ухаан ороогүй, биеийн байдал хүнд байгаа аж. Үүнийг захиалгат үйлдэл байж болзошгүй гэж үзэж буй гэдгийг Гол нууруудын хөдөлгөөний зүгээс мэдээлэв. Өнгөрөгч 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутгагдаад буй Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон ч мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан.

Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай ажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж