Монголд бороо орохоо больжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Монголд бороо орохоо больжээ

Монголчууд бид үүлэнд нөлөөлж бороо оруулдаг болсоор багагүй хугацааг үдлээ. Үүлэнд зориудаар нөлөөлснөөс байгальд үүсэх сөрөг нөлөө гаж байдаггүй бөгөөд харин ч ашигтай ажил аж.

Байгалийн жамаараа орж чадахгүй байгаа хур тунадасыг газарт буух нөхцөл бүрдүүлэх нь мал аж ахуйгаар голлодог Монгол оронд тэр тусмаа хэрэгтэй. Газрын гадарга хэт халаад эхлэхээр үүлэнд агуулагдах чийгийн хэмжээ багасч, үүл дээш өргөгдөж хөөрдөг аж. Ийнхүү газрын гадарга хүртэл доош сууж чадахгүй, чийгээ ууршуулаад байгаа үүл рүү 12 вольтын цахилгаанаар иодот мөнгө хэмээх бодис агуулсан пуужинг харвадаг юм байна.

Пуужин дээд тал нь 5000 метрт хүрч, 6 км орчим радиуст бодисоо цацдаг аж. Үүлэнд тархсан иодот мөнгө чийгийг татан өөртөө шингээж усан дусал болгоод хүндийн хүчний үйлчлэлээр доошоо бууж бороо оруулдаг. Ашиглаж буй бодис нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хүнсний давсандаа хүртэл нэмэлтээр хэрэглэдэг иод, хор тайлах чадалтай мөнгөний аль аль нь бидэнд эерэг нөлөөтэй бодис билээ. Энэ ажлыг гардан хариуцдаг "Хурын шим" төвийн үйл ажиллагаа жилээс жилд эрчимжиж, бороо оруулах тоо нь нэмэгдэж байгаа гэх. Одоогийн байдлаар 35 экспедиц Монгол орны хаана үүл орж ирэх нь вэ хэмээн тандаж явдаг гэнэ. Ингээд үүл орж ирэнгүүт буудаж бороо оруулна. Үүл нь жижиг байвал томруулдаг бас нэг өөр янзын пуужингаар буудаж байгаад дараа нь бороо оруулдгаар нь буудаж ч болдог юм байна. "Хурын шим" төвийн удирдлагууд нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бараг газар нутаг дээрээ хуралдсан бүх үүлийг буудаж үлдээдэг, бид ч гэсэн ингэх ёстой гэсэн яриа үе үе цухалзуулах.

Хурын усыг авч үлдэж л байвал ашигтай гэдэг нь үнэн, гэхдээ бүх үүлийг буудаж авч үлдэнэ гэдэг юу л бол. Дэлхий нийтээр ашиглаж буй хамгийн дэвшилтэт энэ аргаар байгалиас орох тунадасны хэмжээг 10-20 хувиар нэмэгдүүлэх боломжтойг, өөрөөр хэлбэл, бүх хурыг авч үлдэж болохгүй шүү гэж Дэлхийн цаг уурын байгууллага зөвлөсөн байдаг аж. Тиймээс энэ ажил хэтрээд ирвэл утгаа алдана гэдэг нь хэнд ч илэрхий.

Монгол орон цөлжиж байгаа ч гэсэн урьд нь бас ч гэж бороо хур ороод болоод л байдаг байсан санагдах юм. Харин одоо юм л бол "Үүлэнд нөлөөлнө", "Пуужин харваж бороо оруулна" гэх болжээ. Худалч хүнд, орсон бороо болгоныг үүл буудаж оруулсан гэдэг болж. Энэ нь цаанаа эдийн засгийн шалтгаантай ч байж магадгүй гэж хардах шиг. Үүл буудах ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагддаг, энэ мөнгө байгалийн жамаараа орсон бороонд бас шингэж байж мэдэх л юм.

Нөгөөтэйгүүр, хавар эрт үүлэнд нөлөөлөх нь сөрөг үр дагаварт ч хүргэж болзошгүй юм. Бороо гэхээсээ илүү цас орж, малын зүй бус хорогдол гаргах ч магадгүй. Ер нь бол манай улсад 35 экспедиц гэдэг бол хэтэрхий ихэдсэн гээд хэлчихэд буруудахгүй байх. "Хурын шим" төвийн идэвхитэй үйл ажиллагааны буянаар яваандаа Монголд байгалийн жамаараа орсон бороо ховордох магадлал тун өндөр байна.

Б.УСГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж