Энэ гэрээний дагуу Тосонцэнгэл-Улиастай, Тариалан-Мөрөнгийн чиглэлийн
авто замын барилгын төслүүд зэрэг нийт зургаан аймгийн төвийг
Улаанбаатар хоттой холбосон замуудыг санхүүжүүлэхээр болсон байна.
ЗТБХБЯ-наас төсөв нь хийгдээгүй олон зуун километр авто замын хэд хэдэн
төслийг санхүүжүүлэх асуудлыг арваад хоногийн өмнө Хөгжлийн банкинд
ханджээ. Банкны ТУЗ хэлэлцээд хуульд нийцүүлэх үүднээс зураг төсөв нь
батлагдсаны дараа авч үзэхээр буцаасан аж.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал "Монгол төрийн хамгийн том
бодлогын санхүүгийн байгууллагад ажилладгийн хувьд Хөгжлийн банкны
хууль, холбогдох журмаар тогтоосон бүхий л шаардлага, шалгуурыг
хангуулах тал дээр маш хариуцлагатай хандаж ажиллаж байна" гэжээ.
Хөгжлийн банкныхан цаашид энэ байгууллагын бие даасан байдлыг хангах
чиглэлээр ялангуяа, улс төрөөс аль болох үл хамааралтай байлгах талаар
холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж
байгаа юм.