Цагдаагийн дарга нар нэг ч өмгөөлөгч сонгосонгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нар нэг ч өмгөөлөгч сонгосонгүй

Шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс шалтгаалж удаа дараа хойшилсон “долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой, цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурлын тов одоо хэр нь тодорхойгүй байна. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэл нарын таван өмгөөлөгч өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр үйлчлүүлэгчдээсээ татгалзсанаар “долдугаар сарын 1”-ний гэх шүүх хурал гурав дахь удаагаа хойшилсон юм. Монголын өмгөөлөгчдийн холбооноос холбогдох хууль, журмын дагуу цагдаагийн экс-дарга нарт өмгөөлөгч томилсон ч татгалзсан. Улмаар өмгөөлөгчгүй болоод байгаа цагдаагийн экс-удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдоод хоёр сар гаруй хугацаа /64 хоног/ өнгөрч байна. Тэдгээрээс хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нар биеийн байдлын улмаас тавдугаар сарын 2-ноос Н.П. Шастины нэрэмжит Клиникийн III нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа юм. Тэдний эрүүл мэндийн байдлын талаар “Генерал Ч.Амарболдод хийсэн нарийвчилсан шинжилгээгээр элэгний хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн. Мөн улаан хоолой нь гэмтсэнээс /улаан хоолойн хагарал/ зарим хүнсний бүтээгдэхүүн  хэрэглэхийг хориглоод байгаа.  О.Зоригтын хувьд зүрхний титэм судас нээх мэс засал хийлгэсэн, биеийн байдал тааруу. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс хөл нь доголж, хуруунууд нь мэдээгүй болж эхэлсэн” гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Харин Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын тухай биеийн байдал сайнгүй гэдгийг тэдний ар гэрийнхний зүгээс мэдээлж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Монголын өмгөөлөгчдийн холбоонд "Хурандаа нарын хэрэгт өмгөөлөгч томилж өгнө үү" гэсэн хүсэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд тавьсан байна. Хүсэлтийн дагуу МӨХ-ноос шууд хүний нэр тулгаж болохгүй, хурандаа нарын өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэх ёстой гэж үзээд Ажлын хэсэг байгуулжээ. Улмаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1000 гаруй өмгөөлөгчийг шүүгдэгчдэд санал болгож. Ингээд Ч.Амарболд нь Б.Хишигбаатар, Г.Орхон, До.Батсүх нарыг, Ш.Батсүх нь Ш.Лхагвасүрэн, Ё.Энхбулган, Г.Оюунцэцэг, О.Зоригт нь П.Гомбосүрэн, Б.Мөнхбат, Г.Амгалансүрэн нарыг, Г.Ганбаатар нь Ц.Гансүх, Б.Цэцэнбилэг, Г.Золжаргал гэсэн өмгөөлөгчдийг сонгож, биечлэн уулзахыг хүсчээ. Гэвч цагдаагийн экс-дарга нар тэдгээр өмгөөлөгчидтэй уулзсан ч өмгөөллийн үйлчилгээ авахаас татгалзсан байна.

Өмгөөлөгч сонгоогүй шалтгааныг хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяагаас тодруулахад,

 “Оюутан гэж андуурахаар залуус эмнэлэгт ирж, уулзсан. Хэн хэнийгээ сайтар ойлгож, харилцаа тогтоож, итгэлцэл бий болгож байж л  нэг нь өмгөөлж, нөгөөх нь өмгөөлүүлэх итгэлтэй болно биз дээ. Гэтэл автоматаар сонгосон өмгөөлөгчийг таамгаар сонгоно гэж байхгүй. Одоо өмгөөлөгчөөс асуудал нь эрүүл мэндийн байдал болоод байна. Саяхан авсан шинжилгээгээр элэгний хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн гэсэн. Хэдийгээр эмнэлэгт хэвтэж байгаа ч гэсэн цагдаагийн хамгаалалтад байгаа. Гуйж байж өдөрт ганц удаа орж уулзаж байна” гэх хариулт өглөө.

Шүүх хурлын товыг хэдийд товлох, шүүгдэгчдэд өмгөөлөгч томилох асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбооны Ажлын албаны ахлах ажилтан Д.Гэрэлмаагаас тодрууллаа.  

-Шүүгдэгчид өмгөөлөгч сонгох асуудал юу болж байна вэ?

-Цагдаагийн экс-дарга нар нар өөрсдийн сонгосон, хүссэн өмгөөлөгчидтэйгээ биечлэн уулзсан. Гэтэл нэг ч өмгөөлөгч сонгосонгүй. Харин өмгөөлөгчдийн зүгээс Ч.Амарболдыг До.Батсүх, Ш.Батсүхийг Г.Оюунцэцэг, Г.Ганбаатарыг Ц.Гансүх нар өмгөөлөх боломжтой гэдгийг илэрхийлсэн.

-Өмгөөлөгчид нь оюутан гэмээр залуус ирж уулзсан гэх мэдээллийг шүүгдэгчдийн ар гэрийнхний зүгээс өглөө. Өмгөөлөгчдийн чадвар, туршлагын хувьд?

-Шүүгдэгчид өмгөөлөгчдийн бүх танилцуулгатай танилцаж байж л энэ хүмүүсийг сонгосон. Хэдэн онд төрсөн, ямар хэрэг дээр хэрхэн ажиллаж байсан, хэдэн жил ажилласан гээд шаардлагатай бүхий л мэдээлэлтэй танилцсан гэсэн үг. Өмгөөлөгчдийн хувьд багадаа долоон жил ажилласан дадлага, туршлагатай хүмүүс байгаа. Зарим өмгөөлөгчид нь захиргааны, иргэний  хэрэг дээр ажиллаж байсан. Шүүгдэгчид эмчлүүлэх шаарлагатай байна гэх шалтгаанаар өөрсдөө татгалзсан тал бий.

-Нэг ч өмгөөлөгч сонгосонгүй. Одоо яах вэ?

-Бидний зүгээс Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд өмгөөлөгч сонгосонгүй гэдгийг танилцуулсан. Улмаар шүүхээс тавдугаар сарын 14-нд 1063 тоот тушаал гаргаж, МӨХ-нд ирүүлсэн. Үүнд, шүүгдэгчид өмгөөлөгч сонгох асуудлыг түргэвчлэх, анхаарлаа хандуулах тухай дурьдсан байсан. Бид тавдугаар сарын 15-нд Удирдах зөвлөл хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцсэн. Одоо эцсийн удаа тус бүр сонгосон гурван өмгөөлөгчөөс сонголт хийх хүсэлт хүргүүлэх гэж байна.

-Дахиад сонгохгүй гэвэл?

-Бид өмгөөлөгч сонгох бүх боломж ашигласан. Хэрэв энэ удаагийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол автоматаар өмгөөлөгч томилох болно. Тэр цагт шүүх хурлын зургаа дахь тов гарна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж