Хятадын бас нэг лидерийг огцруулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Хятадын бас нэг лидерийг огцруулахыг шаардав

Хятадын коммунист намын ахмад гишүүд намын лидерүүдийн нэг Жоу Юнканыг огцруулах хүсэлтийг Ху Жинтаод хүргүүлжээ.

Монгол Улсад өнгөрсөн оны наймдугаар сард айлчилж байсан Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан тус улсын аюулаас хамгаалах хүчирхэг аппаратыг удирддаг нэгэн.

Хятадын дарга Ху Жинтаод хаягласан нээлттэй захидалдаа коммунист намын ахмад гишүүд Жоу Юнканыг Мао Зедуны хөдөлгөөнийг дахин сэргээхийг оролдож байна хэмээжээ. Хятадын улс төрийн дотоодын хямрал сүүлийн үед олон улсад ч анзаарагдах болсон юм.

Хятадын хамгийн олон суурьшигчтай Чунцин хотын коммунист намын дарга Бо Силайг огцорсноос хойш Жоу Юнканы суудал ганхаж эхэлсэн юм. Бо Силайг Чунцин хотод Мао Зедуны эринийг дахин цогцлоох хөдөлгөөн өрнүүлсэн гэж огцруулсны дараа түүний эхнэрийг Их Британийн бизмесмен эрийн үхэлд буруутган баривчилж, Харвардын их сургуульд сурдаг хүүгийнх тухай мэдүүллүүд гэнэт хэвлэлээр цацагдаж эхэлсэн юм. Бо Силай  Хятадын удирдах дээд  байгууллага Коммунист намын улс төрийн товчооны гишүүн  болоход тун ойрхон байжээ.  Түүнийг Жоу Юнканы залгамжлагч болно гэх таамаг ч байсан аж.
Харин Жоу Юнканыг Бо Силайг дэмжиж байсных нь төлөө коммунист намын ахмад гишүүд одоо өөрийг нь улс төрөөс шахан гаргахаар хөдөлж эхэлсэн аж. Ху Жинтаод хаягласан нээлттэй захидалдаа тэд Жоу Юнканыг цагдаа, шүүх, тагнуулын байгууллагыг удирдаж буй албан тушаалаас нь огцруулахыг шаардсан байна.

Хятадын дарга Ху Жинтаод нээлттэй захидал илгээсэн коммунист намын ахмад гишүүдийн зарим нь бүр 1949 онд намд элссэн хүмүүс гэнэ. Хятадын коммунист намын доторх эрх мэдлийн төлөөх зөрчилдөөн эрх баригчдыг мухардалд оруулаад байгаа тухай цуу яриа Бээжинд таржээ.

Жоу Юнканыг огцруулахыг шаардаж буй тэдгээр ахмад гишүүд намд өндөр албан тушаал эрхэлдэггүй, нөлөө бага боловч тэднийг дэмжигчид олон аж. Бээжингийн эрх баригчид ахмад гишүүдийн захидалд ямар нэгэн тодорхой тайлбар өгөөгүй боловч Жоу Юнканы намд бужигнаан эхэлсэн гэнэ. 

Хятадын ахмад коммунистууд намын суртал ухуулгын албаны дарга Лю Юншаныг мөн огцруулахыг шаарджээ. Лю Юншань нь Хятадын коммунист намын удирдлагыг шинээр томилох үед тушаал дэвших элитүүдийн тоонд багтаж байгаа юм байна. Арван жилд нэг удаа томилдог Хятадын коммунист намын шинэ дарга энэ оны эцсээр тодрох юм.

Хятадын коммунист намын дарга Ху Жинтаогийн залгамжлагчаар намын дэд дарга Си Жинпинийг эртнээс бэлтгэж байгаа аж. Нөгөөтэйгүүр Хятадын дотоодын улс төрийн хямралаас үүдэн шинэ удирдагчийн томилгоо хойшлогдож  магадгүй гэж ажиглагчид бичиж байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж