“Кореана” зочид буудлын эзэн монгол ажилтнаа зоджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

“Кореана” зочид буудлын эзэн монгол ажилтнаа зоджээ

Хэт үндсэрхэг үзэлтэй залуус нэгдэж “Даяар Монгол” хэмээх хөдөлгөөн үүсгэж, гадаадынхны даварсан үйлдлийн эсрэг тэмцэж эхлээд 10 жилийг ардаа орхижээ. Тэд өнгөрсөн жилээс эхлэн “Даяар Монгол” ТББ болоод байгаа. Гэхдээ Монгол Улсын хуулийг биелүүлэхгүй, дураараа аашилж байгаа гадныхантай тэмцсээр байгаа билээ. Тэд өчигдөр хэвлэлийнхэнд хандаж 10 жилийн турш хийсэн, хэрэгжүүлсэн ажлаа бага ч болов тайлагнав. Мөн энэ удаагийн сонгуульд ямар байр сууринаас оролцохоо ч мэдэгдлээ. Ямартай ч тэд сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөхгүй юм байна. Харин улстөрчидтэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ тэд зүгээр ч нэг хамтрахгүй, хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэх аж. Мөн жилийн өмнөөс “Даяар Монгол” хөдөлгөөн дэргэдээ “Хүний наймаатай тэмцэх алба” байгуулан ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө бэлгийн мөлжлөг тал руу нь түлхүү судалгаа явуулж, хэргийн материал бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Дээрээс нь ойрын үед “Даяар Монгол” хөдөлгөөнийхний нэрийг барьж дээрэм, рекит хийж, хятадуудаас мөнгө татаж байгаа залуус олширч байгаа. Худал хэлсэн хүнд бараг өдөр болгон “Даяар Монгол” хөдөлгөөний залуус дээрэм хийлээ, гадаадын хүн зодлоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад төдийгүй тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдэд ирж байгаа гэнэ. Тиймээс ойрын үед тэд Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч шалгалт явуулж, нэлээд олон хүнийг баривчлаад байгаа ажээ. Энэ үеэр “Даяар Монгол” ТББ-ын дэд Г.Ганбаттай зарим хэргийн талаар ярилцлаа.

-Танай ТББ иргэдийн санал хү­сэлтийн дагуу гадаадын бай­гууллага, аж ахуйн нэгж, харьяа­лалгүй иргэдтэй хол­боотой хэргийг шалгаж, ний­тэд мэдээлдэг. Хамгийн сүүлд ямар гомдлын дагуу хэрэгтэй танилцсан бэ?

-Манай байгууллагад саяхан нэг иргэнээс санал гомдол ирсэн юм. Он сарыг нь хэлээд яах вэ. “Кореана” гээд 10 дугаар хороололд байрлах Зочид буудлын захирал болох Солонгос эр монгол ажилтнаа ухаан алдтал нь зодож хүнд гэмтээсэн талаар хохирогчийн ах нь гомдол мэдүүлсэн. Гомдлын дагуу бид очиж, Монгол Улсын иргэн яахаараа эх орондоо гадны хүнд зодуулж байгаа юм. Хуулиар хамгаалсан эрх нь хаана байна гэсэн шаардлагыг тавьсан. Биднийг очиход Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс бие бүрэлдэхүүн ирсэн байсан. “Хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгах зүйл хийх хэрэггүй. Тэнд 63 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа” гэсэн. Тэгэхээр бид манай улсын 63 мянган иргэн тэнд ажиллаж, амьдрахдаа Солонгосын хуулийг яс дагаж мөрдөөд, боолын хөдөлмөр эрхэлж байна. Дээрээс нь эрүүл мэндээрээ хохирч байна. Гэтэл энд ирсэн солонгосчууд манай улсын хуулийг уландаа гишгээд, монгол хүнийг зодоод ухаан алдуулж байхад та нар ийм юм ярьж болохгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар нь холбогдох хууль журмынх нь дагуу шийдвэрлэнэ гэсэн.

-Тэгээд шийдвэрлэлт ямар байгаа талаар эргэж лавласан уу?

-Бид эргэж дандаа нягталж, шалгадаг. Сүүлд сонсох нь ээ, зодуулсан эмэгтэй өнөөх солонгосоос мөнгө аваад дуугүй болсон байна билээ. Тэгэхээр гадныхан давраад байгаа нь тэднээс биш биднээс болж байна. Тэд өөрсдөө давраад байгаа юм биш, бид давруулаад байна шүү дээ. Хэрвээ гомдлоо өгөөд, шийдвэрлүүлсэн бол тэр эмэгтэй тэртэй тэргүй нөхөн төлбөр, эмчилгээний зардал гээд мөнгө авч болно шүү дээ. Дээрээс нь тэр гадны хүнд оноох ёстой хариуцлагыг тооцуулах байсан. Хэдэн сар хорих, нутаг буцаах ч юм уу. Тэгээгүйгээс болж тэр гадны нөхөр улам даварсаар л байна. Энэ тал дээр төрийн байгууллагууд ч анхаарч ажиллахгүй байна шүү дээ.

-Ямар шалтгааны улмаас зодсон юм бол?

-Шалтгаан нь их хямдхан. Тэр эмэгтэй шөнө нь ээлжинд гараад, өглөө буусан юм билээ. Гэтэл буудлын эзэн мөнгө өгч, утасны аппарат аваад ир гэж явуулсан байгаа юм. Уг нь тэр хүний ажил дууссан, дараагийн ээлжний хийх ёстой үүрэг байсан гэсэн. Өнөөх эмэгтэй захисан юмыг нь авах гээд гадуур явж, бага зэрэг удаж ирэхгүй юу. Гэтэл удлаа гэсэн шалтгаанаар зодож, ухаан алдуулсан, хүнд гэмтээсэн  гэсэн. Ийм юм байж болохгүй биз дээ. Үүнтэй эвлэрч болохгүй. Гэтэл манай хуулийнхан ч, төрийн байгууллагууд ч, зодуулсан хүн ч эвлэрчихсэн явж байна шүү дээ.

-Солонгос эзэнтэй ресто­ран, паб, цэнгээний газарт ажил­лаж байгаа охидуудыг гад­ны­хан дарам­талдаг, бэл­гийн хүчирхийлэл үйлд­дэг талаар санал гомдол их ирдэг. Энэ тал дээр танай байгуул­лагаас хэр анхаарал тавьж байна?

-Тэнд ажиллаж байгаа охидууд нь бидэнд хэлдэг. Надтай зүй бусаар харьцлаа энэ тэр гэж. Явж очоод захиралтай нь уулзахаар тэгээгүй, ингээгүй гэдэг. Яг цагаа тулахаар нөгөө охидууд нь дуугарч чаддаггүй. Захирлынхаа хажууд тэр охидууд намайг тэгж байсан, ингэж хүчирхийлсэн, дарамталсан гэдгийг хэлдэг ажлын байран дахь бэлгийн дарамт гэдгээр хэрэг үүсгэж болно. Гэтэл тийм юм алга.

-Хүний наймаатай тэмцэх хэлтэс байгуулаад ажиллаж байгаа юм билээ. Одоогоор хэчнээн хэрэгт анхаарлаа хандуулж ажиллаж байна?

-Улаанбаатарт 25 мянган биеэ үнэлэгч байдаг. Түүний 20 хувь нь 16-18 насны охид гэсэн судалгааг бид гаргасан. Гэтэл Улаанбаатарт 16-18 насны охид 27 мянга байдаг гэсэн албан ёсны судалгаа байдаг юм билээ. Үүнээс 5000 гаруй нь биеэ үнэлэх хэмжээнд хүрсэн байгаа биз. Загварын агентлагийн охидууд өнөөдөр ямар байдалтай болчихсон гээч. Үнэхээр уур хүрмээр. Нэг зочид буудал байгаа. Одоохондоо бид судалгаа явуулж байгаа болохоор хамаагүй нэр дурьдаад хэрэггүй. Хажууд нь дахиад нэг байр байгаа. Тэр байранд загвар өмсөгч охидуудыг байрлуулчихаад, буудалд оруулж биеийг нь үнэлүүлдэг байх жишээтэй. Энэ мэт 14 хэрэг дээр бид ажиллаж байна. Одоо  дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байх. Тэгвэл тэд үйл ажиллагаагаа зогсоох, нуух арга хэмжээ авна шүү дээ. Бид хэргүүдийн талаар хангалттай баримт, нотолгоо цуглуулж дуусаад зөвхөн хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн талаар сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийнэ.

Дээр дурьдсан “Кореана” зочид буудал аль эртнээс охидын биеийг үнэлүүлдэг, мөрийтэй тоглоомын үүр уурхай болсон талаар мэдээлэл гарч байсан. Жишээ нь, 2008 онд  энэ зочид буудалд биеэ үнэлэх ажиллагаа явагддаг болох нь тогтоогдсон байдаг. Тэр ч битгий хэл  “Кореана” зочид буудалд монгол иргэд очвол оруулдаггүй, оруулсан ч манайд караоке байхгүй гэдэг. Тэгсэн атлаа доод давхарт нь караоке ажиллаж байдаг байсан.  Улмаар тэр үед цагдаагийн газраас  шалгаж  үзэхэд  тэнд биеэ үнэлж байгаа монгол охид, тэдний эзэн солонгос иргэд байсан нь илэрч байсан. Тухайн үедээ  монгол охидын биеийг үнэлүүлсэн Солонгос улсын иргэдийг эрүүгийн хариуцлагад татсан байдаг.

Гэхдээ ял шийтгэл оноосон, нутаг буцаасан эсэх нь тийм ч тодорхой бус байдаг. Түүний дараа  2009 онд мөн зочид буудлын “Вольво” караокед өсвөр насны болон биеэ үнэлэгчид олноор байсныг илрүүлсэн байдаг. Ширээний үйлчлэгч нэрээр охид биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн юм билээ. Мөн ямар шийтгэл оноосон талаар мэдээлэл байхгүй. 2010 онд дахиад ийм хэрэг гарсан, цагдаагийнхан шалгаж илрүүлсэн байдаг. Дахиад ял шийтгэл оноосон эсэх нь тодорхой бус. 2011 онд тус буудлын зоогийн газрынхан үйлчлүүлэгчдээ жоомтой хоол өгсөн хэрэгт холбогдсон. Шийдвэрлэлт бас л байхгүй. Энэ жил тус зочид буудлын эзэн хүн зодлоо. Шийтгэл оноох асуудал мөн үгүй болж байх шиг байна. Гадны эзэнтэй ганцхан зочид буудал байгуулагдсан цагаасаа эхлээд жил дараалан ноцтой хэрэгт холбогдож байхад одоо болтол үйл ажиллагаа явуулсаар байгааг юу гэж ойлгох вэ.   

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж