Кино урлагийн акулууд “19”-т нэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Кино урлагийн акулууд “19”-т нэгджээ

Тун удахгүй дэлгэцнээ “19” нэртэй уран сайхны кино мэндлэх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичин УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа  нар найруулжээ.  Энэхүү бүтээлийнхээ тухай ерөнхий продюсераар ажилласан Баабар “Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон” хэмээн ярьсан юм.

Хэсэг бүрт нь нэг дүрийг өөр өөр жүжигчид бүтээсэн бөгөөд хүний амьдралын төрөхөөс үхэх хүртэлх үйл явдлыг харуулсан байна. Кино багийнхан энэхүү бүтээлдээ олны танил жүжигчдийг сонгоогүй нь цаашид хөгжиж буй энэ салбарт шинэ нүүр царай  гаргахыг зорьсонтой нь холбоотой гэнэ.

Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар, гол дүр Үүрцайх хүүгийн төрж буйгаас эхлэн бага насны амьдралын харуулна. Хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа “артхаус” төрлөөр сонирхол татахуйц харуулсан байна. Сонирхуулахад, найруулагчид бие биенийхээ кино бүтээлийн явцад оролцолгүй тэр ч бүү хэл  хоорондоо ямар ч зөвшилцөөнгүй гүйцэтгэсэн нь киног улам бүр сонирхолтой болгож байгаа юм.

Дээрх гурван найруулагч өөрсдийн кино багаа бүрдүүлэн “19” киноны гурван хэсгийг бүтээсэн бөгөөд энэ сарын 11-нд гурван кино багийнхан анх удаа уулзан бүтээлүүдээ үзсэн байна. Тэдний кино багт сүүлийн үед кино урлагт хүч түрэн орж ирсэн чадварлаг залуу найруулагч, зураглаач нар багтжээ. “19” уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү


Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж