![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/36741b8a0eeeb280/cb198cf375b39216original.jpg)
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд ирэх оны төсвийн төсөөллийг гаргахдаа ДНБ-ийн өсөлтийг 20 шахам хувиар тооцож гаргасан нь хэр бодитой үзүүлэлт болохыг лавлаж байлаа. Учир нь дэлхий дахинд эдийн засгийн байдал амаргүй, Грек, Испани, Фортугали зэрэг орнууд санхүүгийн хямралтай, Еврогийн бүсийн орнууд тэдгээрийг хямралаас гаргахын тулд яах вэ гэдгийг хэлэлцсээр байгаа ч гарц олохгүй байгаа. Мөн дэлхийн эдийн засагчид 2008 оны санхүүгийн хямрал давтагдаж болзошгүй гэдэг анхааруулгыг өгч буй үед аж үйлдвэр гэх юмгүй, дан ганц түүхий эдээ гадагш гаргаж амьдардаг Монгол Улсад эдийн засгийн өсөлт 2013 онд 20 хувьд хүрнэ гэж зарлах нь хэтэрхий сонгуульд зориулсан улстөр явж байх талтайг сануулсан юм. Сангийн сайдын тайлбараар бол ирэх жил Оюутолгойн ордын үйлдвэрлэл ашиглалтад орохоор байгаа. Түүн дээр гол нь түшиглэсэн, гэхдээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс доогуур гарах төлөв бий. Тиймээс анхаарч байгаа гэж мэдэгдсэн бол Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал “Цаг хугацаа байгаа учраас төсвийн хүрээний мэдэгдлээ засч залруулж болно” гэлээ.
Мөн хэлэлцүүлгийн шатанд гишүүн Н.Батбаяр Монгол Улсын гадаад өр хэд болчихоод байгаад хариулт өгөхийг шаардав. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн хэлснээр бол 2011 оны дөрөвдүгээр улиралд гаргасан судалгаагаар Монгол Улсын гадаад өр нийт дүнгээрээ 9.6 тэрбум ам.доллар аж. Үүнд хувийн хэвшлийн байгууллагуудын гадаадаас авсан зээл ч багтаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар, төв банкны өөрсдийнх нь өр ч оржээ. Харин 2012 оны эхний улиралд гадаад өр хэд хүрээд байгаад гаргаагүй гэдэг хариулт өглөө. Харин асуулт тавьсан гишүүн “Монгол Улсын гадаад өр одоо хэд хүрчихээд байгааг төв банк мэдэхгүй байна. Гэтэл Ерөнхий сайд С.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн шүүмжилсэн юм.