-Эмэгтэйчүүдийн тухайд энэ сонгуулиар 20 хувийн квоттойгоор оролцоно. Өмнөх сонгуулиар бие дааж дэвшиж байсан. Энэ удаа ч мөн аль нэг нам гэхгүйгээр үзээд алдах гэж байгаа юм аа даа?
-Би намын гишүүн биш. Нам гэдэг нь цөөхөн хэдэн бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын нэгдэл байдаг. Төрийн эрх ашиг, Монгол Улсын нийтийн эрх ашгийг намын бүлгийн эрх ашигтай ерөөсөө хольж болохгүй. Гэтэл өнөөдөр манайд намын бодлого төрийнхөөс илүү үйлчилж байна. Тэр утгаараа би намын гишүүн байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ сонгуульд би Баянзүрх дүүрэгт бие дааж нэр дэвшинэ.
-Бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд санхүүгийн асуудал их эрсдэл дагуулдаг. Ер нь өнгөрсөн дөрвөн жил намуудын санхүү ч нэлээд зузаарсан. МАХН зэрэг намуудад сүүлийн үед хүмүүс олноор элсч нэр дэвших болсон. Танд МАХН-д элсээд нэр дэвшихийг, албан тушаал дээр сууя гэсэн тэр хүмүүстэй адил бодол байсангүй юу?
-Мөнгөөр луйвардаж санал авч байгаа хүмүүсийн санаархал нь бага, сонгогчдын тоо хавьгүй их учраас би ялна гэдэгтээ итгэлтэй байна. Сонгуульд үзнэ ээ гэдэг нь ерөөсөө л мөнгөний хэмжээ байдаг. Аливаа зүйлийг зоосны нүхээр харж болохгүй. Зоосны нүхнээс гадна том эрх ашиг, хүсэл зориг, тулгамдсан асуудал гэж байна. Тиймээс ирэх сонгууль намын биш улс эх орны эрх ашгийн төлөө явна гэж оролцоно. Мэдээж надад мөнгө хэрэгтэй. Ямар ч мөнгөгүй сонгууль хийж чадахгүй нь ойлгомжтой. Хэдэн зурагт хуудас хийж тавихаас эхлүүлээд л сонгуульд их мөнгө орно. Гэхдээ намайг дэмжиж байгаа олон хүн бий. Тэр дунд мөнгөтэй ч хүмүүс байна. Мөнгөгүй нь ч байна. Ямар ч байсан ирэх сонгуульд хамаг хүчээ шавхаж орох бодолтой сууж байна.
-Яг одоогийн нөхцөлд та бол улс төрийг ажиглагч.Сонгуулийн өмнөх намуудыг төлөв байдалд ямар дүгнэлт өгч байна?
-Намууд маш явцуу хүрээнд сэтгэж 20 гаруй жил явлаа. 1990 оноос өмнө манай улс ганцхан намтай байсан. Түүнээс хойш хориод намтай боллоо. Нийгэм нийтийн төлөө бодлого явуулж байсан удаа байхгүй. Төрийн эрхэнд байх гэсэн оролдлого, хөрөнгө мөнгө хайсан, баяжиж хөлжихөө бодсон бодлого явуулж өнөөдрийг хүрсэн учраас намууд задралд орж байна. Тухайлбал, 90 нас хүрч байгаа Ардын нам, МАХН хоёр бригад болчихлоо. Ардчилсан нам ч мөн дотроо фракцын зөрчилтэй. Намуудад хүчтэй байх боломж алга. Гудамжинд таарсан таван хүний дөрөв нь аль ч намд итгэхгүй гэж хэлдэг болсон нь үүнийг нотлох хамгийн том баримт. Түүнчлэн Н.Энхбаяр гэдэг Монгол төрийн хамгийн өндөр албыг хашиж байсан хүн өнөөдөр шоронгийн хаалга татах хэмжээнд хүрчихсэн байна. Үүнийг байх ёстой процесс гэж үзсэн. Ардчилсан нийгэмд хуулийн өмнө хэн ч гэсэн тэгш эрхтэй байх ёстой. Сайд дарга, алдар хүндтэй байсан эсэх нь хамаагүй. Н.Энхбаярын баривчилгааг сонин содноор хүлээж авч гайхаад байх явдал миний хувьд байхгүй. Учир нь намайг ч гэсэн 30,40-өөрөө ирээд дамжлаад л аваад явдаг. Уйлсны маань төлөө, миний хүүхдийг орилуулж бархируулж байгаад аваад явж ч байсан удаа бий. Би том даргын албан тушаал хашиж яваагүй ч гэсэн иргэн хүнийхээ хувьд өөрийн гэсэн зорилт тавиад түүнийхээ төлөө төр засгаас шаардаж, жагсаал хийхэд маань төр эсэргүүцэл илэрхийлж байсан. Түүнтэй адилхан Н.Энхбаярыг мөн адил хэрэг хийснийх нь төлөө хуулийн байгууллага дуудсан. Дуудсаных нь дагуу очоод ямар нэгэн тайлбар мэдээллээ хийгээд явсан бол түүнийг заавал барьж хорих шаардлагагүй байсан байх. Гэтэл дуудаад байхад очдоггүй. Очсон хэр нь гарын үсэг зурахгүй байгаа нь хуулийг хүндэлдэггүй. Хуулийн дээр би байна гэж өөрийгөө овойлгож, товойлгож байгаагийн шинж. Уг нь нэг ч гэсэн монгол эр хүн гэдэг утгаар нь би хүндэлж байна.
-Тийм ээ, таныг олон удаа байцаагдаж байсныг нийгэм тэр чигээрээ мэднэ. Харин тэр үед Н.Энхбаярыг халдашгүй эрхээрээ далайлгаж, олон түмнээс ичих ч үгүй салаавч гаргаж байсан нөхдүүд шиг хамгаалалт байсан уу?
-Халдашгүй дархан эрх гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө Монгол Улсын төлөө үйл ажиллагаа явуулж байхад нь халдаж болохгүй л гэсэн үг. Халдашгүй эрх гэдэг бол гэмт хэрэгт сэжиглэгдээд, тоот бүрдчихсэн хүнийг хамгаалах гэсэн үг биш. Хамтрагчдын шугамаар очсон байна уу гэхээс Монголын цагдаа “энд УИХ-ын гишүүн байна” гээд яваад өгч болохгүй.
-МАН, МАХН эргээд нэгдэх нэг том гүүрч нь Н.Энхбаярын баривчилгаа гэх яриа гадуур чих дэлсэх боллоо. Хэрэв нэгдчихвэл гэдэг үгний ард танд ямар хариулт байна вэ?
-Эргээд нийлэх ч бай. Эсвэл 10 бутарсан байлаа ч гэсэн Монголд цул хүчин байж нийгмийг авч явах чадал бяр нь аль эрт дууссан. Намынх нь өөрийнх нь ерөнхий рам, машиныг удирдаж байгаа механизм нь өөрөө цул хүч байна гэвэл худлаа. Үргэлж муу аргаар бүрдсээр ирсэн байсан учраас маш хэврэг. Хэдтэй нийлээд ч хэврэг хэвээрээ. Долдугаар сарын 1-нд таван хүний амиар тоглочихоод эргээд огт хайрлаагүй. Харин ч эсрэгээр нь том цагаан байшин бариад суучихсан. Шатсан зулын гол боллоо гэдэгтэй адил зүйл болсон шүү дээ. Түүнчлэн Н.Энхбаяр шоронд орсныхоо дараа “Монголд хүний эрх байхгүй юм байна” гэж ярьж байна. Гэтэл өөрөө Төрийн өндөрлөгт байхдаа үүнээс аймаар аргаар хүний эрх зөрчиж байсан. Жирийн иргэн хүн биш. Ерөнхийлөгч л хүн байдаг юм уу. Тэгэхээр хүний эрх зөрчигдөж байгаа байдал бий болсныг, байгааг нь олж харахыг хүсдэггүй байсан хүн нь Н.Энхбаяр дарга өөрөө байхгүй юу. Тийм ч учраас Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, О.Цолмон нар ийм зүйлийг анх удаа үзэж байгаа мэт цочирдолд орж, мэдээлэл хийж байна. Гэтэл ард түмэн нь үүнээс аймаар эрхээ зөрчүүлж амьдарч байгаа шүү дээ. Харин ч маш ихээр хэлмэгдэж байсан жирийн иргэд Н.Энхбаяр болоод О.Чулуунбат нарын хүмүүсийг хараад дургүй нь хүрч байгаа. Би мэдэж байна.
-Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарласан нь Монголын нийгмийн шударга ёсны төлөө хийж буй үйлдэл гэж та үзэж байна уу. Чухам юуны төлөө юм бол оо?
-Хэрэг хийчихээд мултарч үлдэхийн тулд хийж буй эцсийн арга хэмжээгээ авч байна гэж харж байгаа. Яагаад гэхээр тухайн үед түүнийг Төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж байхад одоогийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголбанкны захирал байсан. Сангийн сайд нь Ч.Улаан байсан. Тэгэхээр тэд Монголыг сүйрүүлэхэд, газрын баялгаа ямар ч хяналтгүй зарахад гар бие оролцож байсан нэг баг байна л гэж би харж байна. Н.Энхбаярын амнаас нэг л үг гарахад баг нь задарчих гээд байгаа учраас амь тавин өөрийгөө хамгаалахаас өөр ямар ч аргагүй. Түүнээс бидний төлөө өлсгөлөн зарлах эр зориг Н.Энхбаяр гэдэг хүнд байхгүй л дээ. Байсан бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхдаа үнэн ярьж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөд монголчуудтай нэг баг болоод ажиллаж байх ёстой шүү дээ.
-Төрийн гурван өндөрлөгийн нэг байхдаа хийх нь яасан юм бэ гэдэг асуулт Н.Энхбаярыг үргэлж дагалддаг. Гэвч хүн алдаж ухаарч болно. Алдаа оноогоо засах нь чухал гэдэг нэрээр халхалдаг. Гэхдээ магадгүй түүнд заавал засах ёстой алдаа байгаа юм болов уу?
-Н.Энхбаяр эрх мэдэлтэй байхдаа асуудалд алдаатай хандаж байсан бол Төрийн өндөрлөгөөс буумагцаа нийгэмд тустай зүйл хийх байсан болохоос өөрөө тусдаа гарч нам болж тоглон улс төр рүү зүтгэх шаардлагагүй байсан. 2009 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буусны дараа “Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэрэв дахиж улс төрийн өндөрлөг рүү мацах юм бол шоронгийн хаалга татна. Харин чимээгүйхэн амьдрах юм бол Монголын ард түмэн уучлах чадвартай шүү” гэдгийг би хэлж байсан. Энэ үгийг яагаад хэлэх болсон бэ гэхээр Н.Энхбаяр шат ахих тусмаа заль гаргадаг. Маш их зальтай, бусдын хийснийг өөрөө хийсэн болгож авдаг маш эвгүй хүн шүү дээ.
-Тухайлбал, бусдын хийсэн юуг өөрийн болгож авсан юм бол. Та ямар баримттай ингэж хэлж байна?
-Хүмүүсийн бичсэн зохиолыг үргэлж л өөрийнхөө нэрээр гаргадаг. Төр барьж байгаа хүн аль завандаа ч тийм олон зохиол бичих билээ дээ. Гэтэл Н.Энхбаярын автортай номууд боть ботиороо л гараад байдаг. Ерөнхийлөгч гэдэг нэрийнхээ доор бусдын хийсэн бүтээлийг авдаг л байсан. Өнөөдөр Оюутолгойн тухай яриад л байна. 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтын дөрвөн лицензээр Н.Энхбаяр л Фрийдландад Оюутолгойг өгсөн биз дээ. Тэр үед би муу мэдээлэлтэй юм уу, та тийм сайн Ерөнхийлөгч юм уу гээд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь халз мэтгэлцээнд урьж ч байсан. Тэр ирээгүй. Намай дуудсан тэр үед өөрөө ухаараад ирэх нь яасан юм бэ. Н.Энхбаярт ухааруулахсан гэж олон төрлөөр шахаж байсан хүнийхээ хувьд түүний хийж буй үйлдлүүдийг жүжиг гэж шуудхан хэлмээр байна.
-Гадаадаас өмгөөлөгч урьж авчирсан. Хуульчдын фирм авчирсан зэрэг нь ихэнх массын эгдүүцлийг хүргэж байх шиг. Монгол төрийн хуулийг нулимж байна гэж үзэх хүн ч олон байна. Харин таны тухайд?
-Н.Энхбаяр Төрийн өндөрлөгт суухдаа тийм л ард түмний хайртай хүү байж чадсан юм бол яагаад эх орондоо итгэх итгэлгүй болчихсон юм бэ. Энэ эх оронд Н.Энхбаярыг өмгөөлж хамгаалах хуульч олдохгүй байна гэж үү. Монгол Улсад Н.Энхбаярын эсрэг хууль байна гэж хэзээ ч байхгүй. Хоёрдугаарт гадаадаас тэр том хуульчийг авчирахад асар их хэмжээний мөнгө орж байгаа нь тодорхой. Тэр их мөнгө хаанаас гараад байна аа. Үүний ард юу ханхалж байна гэхээр Монгол Улсын лицензийн 4.1-ийг гадаадын 100 хувь хөрөнгө оруулалтаар 60-100 жилийн хугацаатай өгчихсөн. Лиценз олгогдоод аравхан жил болж байна. Нийт лицензийн хэдэн хувь нь ашиглагдаж байгааг тооцоолж мэдэхгүй байгаа ч арваадхан жилийн дотор монголын энд тэндгүй нүхэллээ. Тэгэхээр Н.Энхбаярыг Монгол Улсын газрын хэвлийг гадаадын мафуудад зарсан муу муухай гэмт хэргээ нуухын тулд гадаадаас хуульч авчирсан гэж бодож байна. Гэхдээ бид алийн болгон гадаадын өмнө мөргөж сөхөрч явах юм бэ. Энэ нь Монгол Улсыг үндсээр нь үгүйсгэж байгаа балмад үйлдэл. Харийн бодлого асар их үйлчилж, шударга бус нүдэнд харагдаж чихэнд шууд сонсогддог болчихсон цагт амьдрал мэдэхгүй хүмүүс амиа бодсон атгага санаагаар явж болохгүй. Жижиг хэмжээний гэмт хэрэг байсан ч хариуцлага хүлээдэг байх ёстой шүү дээ.
-Жижигхэн ч гэсэн гэмт хэрэг хийсэн. Н.Энхбаярыг том гэмт хэрэгтэн гэж харахаасаа илүү таны насны ахмадууд өмөөрөөд сууж байна. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Бид эзэн Чингисийн үр сад. Өөрөөр хэлбэл, бид хүнийг шүтсээр ирсэн. Сайн төртэй байя гэвэл хуулийг, муу төртэй байхыг хүсвэл удирдагчийг шүт гэсэн үг байдаг. Бид өнөөдөр хуулийг шүтэж сайхан амьдрах цаг ирсэн. Аль нэгэн Дорж, Дулмааг шүтдэг бус нийгэм рүү ороод 22 жил болчихлоо. Түүнээс биш тэр энэ дарга минь гэдэг социолизмын үеийн шүтээнээсээ салаагүй, бие сэтгэлээсээ ангижраагүй байна. Тэгэхээр аав ээжийгээ хайрлаагүй байж Н.Энхбаярыг шүтдэг гаж тогтолцоо, шуудхан хэлэхэд тийм өвчтэй хүмүүс асуудалд ингэж хандаж байгаа байх. Ажиглаад байхад асуудалд нухацтай ханддаг хүмүүс Н.Энхбаярыг өрөвдөөд байгаа юм алга. Монголын төрийг барьж байсан юм шүү хөөрхий минь гээд халаглаад байх юм. Бид тэр хүнд итгэл үзүүлж төрөө бариуллаа. Буцаад хайр даахгүй гэмт хэрэг хийлээ. Иймд харин ч эсрэгээрээ хариуцлага тооцох ёстой биз дээ. Монголын газар шороог зарж өөрөө сайн баяжаарай гэж төрийн өндөрлөгт суулгаагүй юм шүү дээ. Монголын ахмадууд бид “Н.Энхбаяруудаас салах уу, Эх орноо алдах уу” гэж тэмцэж байсан. Өөрийнхөө шунаг сэтгэлээс бол өөрийгөө доллараар боож алж байгаа зургийг тавьж байсан удаа ч бий. Бидний тавьж байсан анонс үнэн болж хувираад байна. Өөрөөр хэлбэл, Монголын газар шороог доллараар сольсных нь гай гарч байна.
-Ер нь бол доллартоо боогдож үхэж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм. Бидэнд амьдрал, аз жаргал хайрласан байсан бол би ч гэсэн гараад өмөөрөхөд бэлэн байна.
-Та бол юунаас ч айхгүй ярьсаар тэмцсээр Монголын ард түмний танил болсон. Гэхдээ таны үг нэг их урагшаа явахгүй юм. Зарим нэг нь бол бүр Г.Баасан болих болоогүй юм байхдаа ч гэх нь дуулдах юм. Та ер нь хэзээ чимээгүй болох хүн бэ. УИХ-д орчихоод амаа үдүүлсэн юм шиг болчихдог тал зарим нөхдөд ажиглагдаж байдаг. Та арай тэдний нэг юм биш биз?
-1990 оноос ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжиж явахдаа хүний эрх шударга ёсыг ярьж зорьж байсан хувьсгалынхаа үр дүнг хойч үедээ үлдээх гэж ирэх сонгуульд дахин үзэх гэж байна. Миний хувьд нэр дэвшээд хэрэв ялалт байгуулах юм бол З.Алтай шиг “би ирлээ” гэж сонгуульд гарчихаад “би ганцаардлаа” гээд зогсох ч үгүй. Энэ бол шившиг. Олны төлөө биеэ зориулсан хүнд ганцаардана гэсэн ойлголт байдаггүй. Учир нь түүний ард нийтийн эрх ашиг явж байдаг юм. Би хэзээ ч ганцаардаж нам руу орох талаар бодож үзэж байгаагүй. Үр хүүхэд ач зээ нараа харанхуй нийгэмд үлдээхийг хүсэхгүй байна. Тиймээс миний хувьд чимээгүй болох ямар ч боломж байхгүй. Монгол Улс уужим асуудал их, Г.Баасан завгүй гэх зарчмаар ажиллана.
-Шударга ёсны тухай ярихгүй хүн байхгүй болчихжээ. Сүүлдээ шударга ёс гэдэг үгний маань утга алдагдахад ч хүрэх магадлалтай. Шударга ёсны цаана шуналаа нууж байгаа хүмүүс ч байна. Таныхаар шударга ёс гэж юу юм. Та бас арай шуналаа нуугсдын нэг юм биш биз дээ?
-2000 онд АН-аас нэр дэвшихдээ нийгмийн хэрэгцээ шударга ёс гэж дэвшүүлж байлаа. 12 жилийн өмнө минийх шиг уриатай сонгуульд орж байсан хүн байхгүй. Намайг миний найз нөхөд тойрон хүрээлэгчид шударга Г.Баасан гэж нэрлэдэг. Тэр нэрэндээ би их хайртай. Шударга ёсны ард шунал нуугдаж байгаа нь үнэн. Нэг үе ардчилал гэдэг үгний ард нуугддаг үе байсан. Байгаагаараа байхыг шударга ёс гэдэг. Байхгүй мөртлөө байгаа мэт ярих нь шударга бус. Түүнээс Н.Энхбаяр шиг болсон явдлыг байгаагаар нь хэлэхгүйгээр нуун дарагдуулчихаад түүнийгээ шударга ёс, ард түмний төлөө явж байна гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн шунал байхгүй. Би шулам биш хүн баймаар байна. Өлсөхгүй, мөр нүцгэн явахгүй, өвдөхгүй л байвал бол оо.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин