Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор “Бид Монгол Хүүхдүүд-2012” нэртэй “Монгол Эгшиглэн” хамтлагийн бие даасан гурав дахь тоглолт Бөхийн өргөөнд энэ сарын 31-нд 12.00, 16.00 цагт болох гэж байна. Тус тоглолт хандивынх байх бөгөөд тоглолтын орлогыг ЭХЭМҮТ-ийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн сахиурын таван өрөөг шинээр бий болгон тохижуулах, сахиуруудын сэтгэл зүйн байдал, байрлах орчныг сайжруулах, шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх зорилготой гэнэ. “Бид Монгол Хүүхдүүд-2012” тоглолтын ерөнхий санаачилагчаар “Эгшигийн учиг” ТББ, ерөнхий зохион байгуулагчаар “Монголын урлагийн залуучуудын холбоо” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байгаа аж. Харин ивээн тэтгэгчээр ШУТИС Улаанбаатар хот дахь Польтехникийн коллеж ажиллаж байгаа гэнэ. Тоглолтод урилгаар язгуур урлагийн "Домог" хамтлаг, Дархан хотын "Эгшиглэнт чимээ" хамтлаг ДБЭТ-ын найрал дуучид оролцох юм байна.
Э.МӨНХ
Эх сурвалж: www.mminfo.mn