Ариун Элладын нутгаар долоо хоног аялсны эцэст Зевс бурхнаас хулгайлсан олимпийн гал Их Британийг зориход бэлэн болжээ. Сүүлийн өдрөө Афинд саатаж буй энэ гал орчин үеийн олимпийн анхдугаар наадмын нээлт хаалт болж асан Панатинайко цэнгэлдэх гэх мэт хэд хэдэн газраар орсны эцэст Акрополист хонох ажээ. Хамгийн сүүлд бамбарыг өртөөлөх хүмүүсээр Бээжингийн олимпийн наадмын бамбарыг асаасан домогт гимнастикч Ли Нин болон Грекийн алдарт хүндийг өргөгч Пирос Димас сонгогджээ гэж Монголын олимпийн хорооноос мэдээллээ.