Оюунхоролын торгууль

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Оюунхоролын торгууль

Үгүй, энэ зүүний үзлийг яана аа. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн пролетари занг бүр тэвчихээ байлаа. Тэдний зүтгэлээр манай нийгэм улам бүр улаан өнгө нэмж өдрөөс өдөрт барлаг сэтгэхүйтэй болсоор.

Ерөнхий сайд нь зах дээр давхиж очоод өргөн хэрэглээний барааны үнийг буулга гэж зарлигдаж байх жишээний. Зах зээлийн үнийг Ерөнхий сайд байтугай нь зохицуулж болдоггүй гэдгийг мэдэхгүй байна гэж үгүй. Өнгөрсөн өвөл ханиаднаас сэргийлж 960 сая төгрөгөөр аарц буцалгаж байсан улс өргөн хэрэглээний барааны үнийг буулгана гэж хэлэх юухан байх вэ дээ.

За, УИХ-ын гишүүн Оюунхорол гэж нэг бүсгүй бий. Завханаас сонгогдсон билүү дээ. Тэр нөхөр уг нь бизнес эрхэлж, хувийн дээд сургуультай байсан болохоороо мөнгөтэй байж үзсэн яавч пролетари сэтгэхүйтэй байх учиргүй эмэгтэй. Гэтэл үгүй юм байна аа. Өнгөрсөн долоо хоногт нөгөөдөх чинь "Хүүхдийн мөнгийг өгч эхлэх нь зүйтэй боловч нийгмийн ядуу эмзэг давхаргынханд өгнө" гэж ярив.

Уг нь тэр хүүхэд төрүүлж үзсэн эх хүн. Амьтны алаг үрийг бүлтийтэл харуулж байгаад ялгаад хаячих зоригтой л бүсгүй юм. Өөрөө бол таагүй ханддаг хүнийхээ хүүхдийг зодож хөөгөөд даргынхаа хүүхдэд бол атга атгаар нь чихэр өгч мэдэх л хүн юм. Харин хүүхэд бүрт олгох мөнгө бол төрөөс олгож буй хишиг.

Үүнийг нь нэг харамч эмэгтэй "тэрэнд ч өгнө, энэнд ч өгөхгүй" гээд аашлаад байх шаардлагагүй. Үндсэн хуулинд зааснаар хүн бүр тэгш эрхтэй. Монголын төр иргэдээ хүүхэд хөгшид, ядуу чадуугаар нь ангилах ёсгүй. Тиймээс арчаатай амьдарч амиа аваад явж байгаа хүний хүүхдийг төр ялгаварлан гадуурхах учиргүй. Өгөх л гэж байгаа бол бүгдэд нь хүртээх ёстой. Үнэхээр өгөх гээд байгаа бол шүү дээ.

Уг нь ингэж сул мөнгө тараах утгагүй гэдгийг гишүүд бүгд мэдэж байгаа. Гэвч өнөөх зүүний үзлийнхээ золиос болж харамлаж харамлаж хэдэн халтар төгрөг шидэх нь л дээ. Өглөө үдэшгүй ажиллаад өрх гэрээ бүү хэл, Монголын нийгмийг нуруун дээрээ үүрч яваа ажил хэрэгч мянга мянган хүний үр хүүхдийг ийнхүү гадуурхаж эхэллээ.

Энэ гадуурхал зөвхөн хүүхдээр зогсохгүй алхам тутамд мэдрэгддэг болоод удаж байна. "Зуд боллоо малчдаа харж үзье" л гэнэ. Ямаатай хүмүүст зориулж ноолуурын үнийг нэмнэ л гэнэ. Тэгснээ байчихаад ямаа бүрт нь мөнгө олгоно. Гэтэл тахианы аж ахуйтай иргэдэд зориулж юу хийсэн билээ. Өндөг бүрт нь яагаад мөнгө олгосонгүй вэ. Шилэн хоргоны загас импортолж зардаг нөхдөд бас юу гийгүүлэв.

Жараахайнуудад зориулсан жижигхэн хууль яагаад баталсангүй вэ. Зудад малаа алдсан малчдын банкнаас авсан зээлийг хүчингүй болгоно л гэнэ. Тэгвэл барьцаанд лицензээ тавиад алдаж байгаа "Монгол газар"-ын Ц.Мянганбаярын өрийг бас хэрэгсэхгүй болгох байсан юм биш үү. Малчид яагаад төрийн ивээлд багтаж Ц.Мянганбаяр яахаараа "Ганц худаг"-ийн камерт заларчих гээд байдаг юм бэ. Энэ бүгд арчаатай амьдарч яваагийн торгууль биш үү.

Хөлс хүчээ урсгаж мэдлэг оюунаа чилээж хичнээн ажиллаа ч зүүний төрийн золиос болж торгууль амсана гэдэг хэцүү байна. Бүр байчихаад одоо үр хүүхдийг минь гадуурхаж байгаад зэвүү, дургүй зэрэг хүрч байна. Оюунхорол гэдэг эмэгтэйн хүүхдэд мөнгө хэрэггүй юм бол бусдынх нь хүүхдэд мөнгө хэрэгтэй.

Ааваас нь архиа харамлаагүй төр хүүхдээс нь мөнгө харамлаад юу хийнэ. Эцэг эхийнх нь амьд явах баталгааг хангаж чадаагүй байж эрхийн чинээ хүүхдийг нь гадуурхаж яаж чадна. Хүүхдийн мөнгийг өгье л гэж зорьж байгаа бол Оюунхоролын үзэмжээр биш хүүхэд бүрт өгөг. Хэрвээ чадахгүй бол бүр байчих. Тэглээ гээд муудах юм байхгүй шүү дээ.

Л.Мөнхбаясгалан.
Улс төрийн тойм сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж