20 тойргоос хүн амын болон сонгогчдын тоогоороо хамгийн бага нь
Дундговь аймаг. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар тус аймгийн нийт сонгогчдын
тоо 27500 байснаас 22391 нь сонгуульд оролцсон байдаг. Харин 2010 оны
хүн амын нэгдсэн тооллогын дараа сонгуулийн насны хүн амын тоо нь 30
мянгаас давсан ч бусад аймагтай харьцуулбал хамгийн бага нь. Тиймээс
УИХ-аар баталсан сонгуулийн шинэ хуулийн дараа тойрог, мандатын тоог
батлахдаа тус аймгийг нэг мандаттай нэг тойрог болгосон билээ. Өмнөх
парламентуудын үед хүн ам цөөтэй Дундговь аймгийг төлөөлж УИХ-д хоёрын
хоёр гишүүн суудаг байсан ч энэ аймаг хамгийн хөгжил буурай аймаг болон
үлдсэнийг бодоход Дундговьчуудын сонголт нэг л “байгаа онохгүй” явж
ирсэн бололтой. Сүүлийн гурван сонгуулийн дунд эргээд харья л даа.
2000
оны УИХ-ын сонгуулиар энэ жижигхэн аймгийг сонгуулийн хоёр тойрог
болгон хувааж байсан бөгөөд нийт есөн нам эвслийн 12 нэр дэвшигч
өрсөлдсөнөөс Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт, МАХН-аас
“томоотой” гэгдсэн Н.Тогтох хоёр УИХ-д сууж байлаа. Энэ сонгуулиар
Ардчилсан хүчин УИХ-д ганцхан суудалтай үлдэж, МАХН 72 суудал авч байсан
юм. Гэхдээ хоёр намд нийт сонгогчдын өгсөн саналыг харьцуулбал 4-5-хан
хувийн зөрүүтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнийг “жижиг мажоритари
системийн гажиг” гэдэг. Тиймээс л сонгуулийн хуульд жилээс жилд ямар нэг
өөрчлөлт оруулж ирсэн хэрэг.
Харин 2004 оны сонгуулиар тус
аймагт МАХН-ын Р.Раш, Ж.Адьяа генерал, Ардчилсан намаас Ж.Наранцацралт,
“Шинэ дэлхий” компанийн Л.Алтанхуяг, МҮЭННН-ын Б.Энх-Өлзий нар өрсөлдөж,
Р.Раш, Ж.Наранцацралт нар ялалт байгуулж байсан юм. Ж.Наранцацралтын
хувьд 2000 оны сонгуулиар Ардчилсан намыг УИХ-д ганцаараа төлөөлсөн /бие
даагч Л.Гүндалайг тус намд элсэх хзртэл/ гавьяатайгаас гадна
Улаанбаатар хотын захирагч, Ерөнхий сайд хийсж байсан, Ардчилсан намын
даргын албыг хашиж байсан гээд тус аймгаас сүүлийн хорин жилийн дотор
улс төрд хамгийн хол явсан хүн билээ. Энэ ч утгаараа Дундговьчууд
нутгаасаа төрсөн Ерөнхий сайддаа залбирч явдаг. Ялангуяа түүнийг Оросын
Засгийн газарт бичсэн гэх хуурамч захидлын хэргээр Ерөнхий сайдаас нь
огцруулж, 2008 оны сонгуулиөн өмнөхөн цаг бусаар амиа алдсаных нь дараа
улам бүр хайрлах болсон. Тэр Дундговьд болсон нэгэн арга хэмжээний дараа
Улаанбаатар луу яаран буцаж яваад машиных нь дугуй буудаж онхолдсоны
улмаас амиа алдсан билээ. Одоо хүртэл энэ хэргийн учир шалтгааныг
хуулийнхан олоогүй байгаа бөгөөд “осолдсон газрас нь сумны хонгио олдож
гэнэ” гэх мэтийн үнэн худал мэдэгдэхгүй яриа ч сүүлийн үед тараад
байгаа. Ямартай ч Дундговьчууд Ж.Наранцацралт агсныг хэн нэгэн
санаатайгаар хөнөөсөн гэдэгт итгэлтэй явдаг шиг байна лээ.
Харин
2008 оны сонгуулиар Дундговь аймгийг хоёр мандаттай нэг тойрог болгосон
бөгөөд МАХН-аас Х.Наранхүү, Р.Раш, Ардчилсан намаас Дундговьчуудын бас
нэг шүтээн байсан Норовбанзад агсны ганц охин Б.Дэлгэрмаа, аймгийн
Ардчилсан намын дарга Л.Цэрэнсодном нар өрслдөж, Х.Наранхүү 54,2, Р.Раш
47,8 хувийн саналаар ялалт байгуулсан байдаг. Тэдний хажууд улс төрийн
боловсрол, туршлагатай, МҮАН ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж
явсан “төмөр хатагтай” Б.Дэлгэрмаа 37,6 хувийн саналаар таслагдаж, харин
ҮШН-ын Ц.Ганхүү түүнээс өндөр буюу 42,4 хувийн санал авсан байдаг юм.
Тэр өмнө нь Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд М.Энхсайхан нарыг дагаж
ҮШН-д орон аймгийнхаа намыг тараагаагүй бол Ардчилсан УИХ-д дахиад нэг
суудал авах боломж байсан юм. Харин намын Л.Цэрэнсодном 10,8, ИЗН-ын
Д.Жаргалсайхан 3,5 хувийн санал авсан байна. Өөрөөр хэлбэл энэ жижиг
тойрогт их олон нам өрсөлдөхийн шаардлага ч байхгүй, сонгогчдын хувьд
тогтсон уламжлалтай гэсэн үг. Ямар ч байсан “Зууны манлай” уртын дууч
Норовбанзад агсны эрх танхи ганц охиныг гомдоогоод явуулсныг бодоход энэ
тойргийнхон эмэгтэйчүүдэд нэлээд “гар татуу” бололтой юм билээ. Тэр нь
одоо Сингапур улсад Монгол Улсыг төлөөлсөн Онц бүрэн эрхэт Элчин сайдаар
томилогдоод ажиллаж байгаа. Улс төрд 20 жил эрчүүдтэй ана мана, ач тач
явсаны дараах түр зуурын амралт ч гэж хэлж болно.
Харин одоо
болох сонгуулиар Дундговьчуудын хийх сонголтыг тааж мэдэхийн аргагүй
болоод байга билээ. МАН-аас Х.Наранхүү, Р.Раш нарыг УИХ-д нэр
дэвшүүлэхээр нам нь урьдчилсан байдлаар зарлаад байсан ч Х.Нарахүү нь
саяхнаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэгт яллагдагчаар
татагдаад орхисон. Одоохондоо Х.Наранхүү, Ц.Батбаяр нарын хэргийн УИХ-ын
гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдэг зүйл торгоож буй боловч,
шүүх хурал нь сонгуулийн өмнө зарлагдаад явчихвал МАН Дундговийн
тойргоос Х.Наранхүүгийн нэрийг татахаас өөр аргагүй болно. Түүнийг уулын
баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга байхдаа Н.Энхбаярыг гадаад дахь
дансанд овоо мөнгө хийж өгсөн гэж ярьдаг юм билээ. Тиймээс шалгагдаж
байгаа хэрэг нь үүнтэй холбоотой байж ч магадгүй.
Харин
Ардчилсан намын хувьд энэ тойрогт нэр дэвших хүмүүсийн тоо “олдохоороо
өлдөх” гэдэг болоод байгаа. Хамгийн түрүүнд нэр нь тодорсон хүн бол тус
намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Ургамалцэцэг. Дундговиын
уугуулаас гадна бараг л 2008 оны сонгуулиас хойш тойрогтоо ажилласан,
нутгийнхандаа нэр сайтай, нам дотроо ч гайгүй “лобби”-той эмэгтэй гэх юм
билээ. Гэхдээ Дундговьчууд эмэгтэй хүнд ямар билээ дээ. Мөн хамтарсан
Засгийн газарт Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны дэд сайдаар
ажиллаж байсан А.Гансүх бас энэ тойрог руу гүйдэлтэй болоод удаж байгаа.
Аав ээж нь энэ нутгийнх ч өөрөө бол жинхэнэ “хотын имижтэй” нөхөр дөө.
Өндөр боловсролтой ч монголоор ярихдаа хүртэл муу гэж байгаа.
Тэдэн
дээр бас нэгэн кандидат шинээр нэмэгдсэн нь УИХ-ын гишүүн асан
Р.Эрдэнэбүрэн. 2004-2008 оны УИХ-д Чингэлтэй тойрогт “Эх орон-Ардчилал”
эвслээс нэр дэвшиж гарч ирсэн УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг. Түүний
өмнө Сангийн сайд асан С.Баярцогт 23 насандаа УИХ-ын гишүүн болж байсан
юм билээ. Р.Эрдэнэбүрэнгийн хувьд Эх орон намаас угшилтай, УИХ-д
сонгогчдсоныхоо дараа Ардчилсан намд орж ирсэн, залуу хүн гэхэд алсын
хараатай л эр дээ. Магадгүй Эх орон нам байгуулагдсанаасаа хойших 10
жилийн түүхэнд /анх 2000 оны сонгуульд өрсөлдөж байсан/ хийсэн хоёрхон
сайн зүйл нь Р.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин гэж хоёр гайгүй залууг улс төрд
оруулж ирж, Ардчилсан намд “хандивласан” явдал байх. 2000-аад онд бол
Ардчилсан намынхан хүчнийхэн хоорондоо зодолдож, жинхэнэ бие биенийхээ
“гэдсийг хүүлж” байсан цаг болохоор гаднаас шинэ хүн орж ирэх ямар ч
орон зай байгаагүй юм. Р.Эрдэнэбүрэн 2008 оны сонгуулиар хуучин
сонгогдсон тойргоо намынхаа “ах” нарт өгчихөөд хамаг нэр дэвшигчид
тойрог руугаа явчихсан байхад ганцаараа стадионы гадаа Азид хамгийн
өндөр төрийн далбааг босгохоор хөлсөө урсгаад зогсч байсан гүндүүгүй
нөхөр дөө.
Дундговийн сонгуульд хүч үзэх хамгийн их хүсэлтэй,
сонгогдчих ч боломжтой хамгийн сүүлийн, хамгийн залуу кандидат нь
Ж.Наранцацралтын том хүү Соёмбо. Их эмч мэргэжилтэй, аавыга дуурайсан өр
зөөлөнтэй, даруухан залуу байдаг. Ээжтэйгээ хамтарч аавынхаа нутагт
бөөрний рашаан сувилал ажиллуулдаг билүү, ямар ч байсан нутгийнхан ам
сайтай байдаг юм билээ. Нэг иймэрхүү нас зүс, нэр хүнд, сонгогдох боломж
нөхцөл нь ч тун ойролцоо бараг нэг үеийн /Н.Соёмбоос бусад нь/
залуучууд Дундговийн тойрог дээр Ардчилсан намаас шахцалдаж байна.
Хэнийг нь нэр дэвшүүлэхийг удахгүй олох аймгийн намын хорооны хурал
болон Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын дараа л харж болно.
Одоо
мэдэгдэж байгаа ганц зүйл бол Ардын намын хоёр нэр дэвшигчийн нэг нь
эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдчихлаа. Харин Ардчилсан намын дөрөв
арайхан хоорондоо зодолдчихоогүй байгаа нь зол.