Паркт уулзъя, хүүхдүүд ээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Паркт уулзъя, хүүхдүүд ээ

Гадаа гоё байна. Дулаахан, намуухан. Яг ийм л гоё өдөр хүүхдийн паркт очиж, тогломоор, хүүхэд насаа дурсмаар…

Үндэсний соёл амралтын хүрээлэн өчигдөр хүүхдүүдийн хөл хөдөлгөөнд дарагдав. Хаашаа л харна эцэг, эхийнхээ гараас хөтөлсөн бяцхан хүүхдүүд, хөөр баяслаар дүүрэн харагдана. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хэвлүүхэн жаалууд “Та дүрэм зөрчөөд байна” хэмээн том, том ах нарт сануулга өгөн зогсох өхөөрдмөөр. Тэд бол “Замын цагдаагийн цагаан толгой” тэмцээнд оролцож буй бяцхан хэв журмыг сахиулагч, цагдаа нар.

1991 оноос хойш зохион байгуулсаар ирсэн “Замын цагдаагийн цагаан толгой” тэмцээнийг энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэн дэмжин ажиллаж байгаа гэнэ. Тиймээс ч тэмцээн өнөөдөр паркт болж, өдөржин цагдаа хүүхдүүдээр дүүрэн байв.   Паркийн бүх тоглоом ашиглалтад оржээ. Эргэдэг дельфин, далайн дээрэмчний завь, алсыг харагч, саран савлуур гээд л хүүхэд, залуусын дуртай тоглоом бүгд ажиллаж байна. Нуурын эргээр даган алхах хосууд, хүүхдээ салхилуулах ээжүүд, дуртай тоглоом руугаа яаран алхах хүүхдүүд. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон хүүхэд, залууст нэгэн гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм билээ. Юу гэж бодож байна?

Бүх тоглоомоо 50 хувиар хямдруулна гээд боддоо. Энэ сарын 21-27-ныг хүртэл паркийн бүх тоглоом 50 хувийн хөнгөлөлттэй. Тэгэхээр заавал зургадугаар сарын 1-нд дугаарлан зогсох шаардлагагүй болж байгаа юм. Ингээд болоогүй ээ, энэ сарын 28-наас “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөрийг мөн л хүүхэд, багачууддаа зориулан зохион байгуулах гэж байгаа гэсэн. “Гайхамшигт долоо хоног” нь ирэх зургадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх аж. Гаймшигт долоо хоног үүгээр дуусахгүй ээ, энэ зуныг дуустал “Park Street” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зэхээд байна. Хөтөлбөр маргаашнаас эхлэл юм билээ. Энэ “Park Street” хөтөлбөр нь залууст шинэ соёлыг түгээхэд чиглэж байгаа аж.

Та парк дотор явж байхдаа хүүхдүүдийн хайртай Бонго, Мишээл, Можухтай таарч байсан биз дээ. Тэгвэл “Park Street”-ээр таны өмнө гэнэт нэг хийлч таны дуртай хөгжмийг тоглож өгөх, эсвэл таныг хөрөг зургийг зурах, эсвэл та нүүрэндээ ч зураг зуруулж болно гээд боддоо. Магадгүй уран зурагт дуртай хүмүүс зураг үзэж сонирхож ч болох юм билээ. Харин чөлөөт бүжиг сонирхогч залуусыг ч мартсангүй ээ. “Street dance”  хэмээх бүжгийн тулааныг зохион байгуулж, салса бүжиг заалгахыг хүссэн нэгэнд нь бүжгийн хичээл заах гээд л олон сонирхолтой хөтөлбөрүүд энэ зуны турш зөвхөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжлэх гэнэ шүү. Мэдээж хэрэг үнийн тухай мэдмээр санагдаж байгаа байх. Яг л урьдын адил үнэ, төлбөртэй байх аж. Бүх тоглоом хуучин үнээрээ, тоглоомынхоо үнийг нэмээгүй байна лээ.

Харин хүссэн үедээ очиж тогломоор санагдсан залууст зориулан паркийнхан “Season Pass” хэмээх картыг худалдаанд гаргаад байгаа аж. Энэ карт нь гурван сарын хугацаанд бүх тоглоом дээр үнэ төлбөргүй тоглох бөгөөд хүссэн өдрөө, хүссэн цагтаа, хэдэн удаа ч тоглох боломжтой гэдгээрээ онцлог юм. Үргэлж сонирхолтой хөтөлбөрийг хэрэгжүүлж, залууст шинэ соёлыг түгээж байдаг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн цаашид бүр ч гоё зүйлсийг хийхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү.

Өө, бяцхан хүүхэддээ ямар бэлэг авахаа мэдэхгүй байгаа эцэг, эхчүүдийн хувьд паркийн “Зун цаг” дэлгүүрт зургадугаар сарын 1-нд зориулсан баярын бэлгийг худалдаанд гаргах юм билээ. Хямдралтай өдрүүдэд амжиж тоглож, урлагийн гайхашгийг мэдэрч, хүүхэд насаа дурсч, хүүхдээ ч давхар баярлуулаад, цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.ДӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж