Сар гаруйхан өмнө С.Жавхлангаас сэтгүүлч “таныг намд элсээч гэвэл хэрхэн хүлээж авах вэ” гэж асуухад “Нам гэдэг үг биднийг ганцхан талцуулж байгаа зүйл болчихоод байна. Монголчууд өмнө нь бөөс хуурсандаа баригдсан байсан бол одоо бөөс хуурс шиг олон намтай болжээ. Нам гэдэг үг намхан байх, чимээгүй байх, дуугүй байх, дорой байх гэсэн утгыг заадаг. Монголчууд намхан газар хогоо хаядаг. Тэгэхээр би намхан юм руу орохгүй” хэмээн хариулж байж. Гэтэл сарын дараа буюу өчигдөрхөн тэрээр Монгол ардын хувьсгалт намд элсэнэ гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Мөн тэрээр гадаадын хувцас өмсөхгүй гэж байсан ч энэ удаад европын буюу улаан хувьсгалчийн цэргийн дүрэмт хувцас өмсөн иржээ. Тэрээр ийнхүү намхан зүйл рүүгээ орж үзэл бодол, өмссөн хувцсаа солихоор шийдсэн аж. Ю.Цэдэнбалыг магтаж, Х.Чойбалсан шиг хувцасласан нь “хувьсгалт” намд хэрэгтэй, МАХН–д орж Увс аймгаас нэр дэвших нь С.Жавхланд ашигтай байсан гэнэ. Энэ мэтчилэнгээр өмссөн хувцас, авсан өргөмжлөл, урлаг, спортоор олонд танигдсан байдлаа ашиглан улс төрд орж ирэх хүмүүс ирэх өдрүүдэд тодорч энэ талаар хэвлэлийн хурал зарлагсад олшров. Урлаг, спортын амжилтаараа олонд хүндлэгдсэн хүмүүсийг улс төрийн намууд энэ сонгуульд ашиглах нь тодорхой болсон бөгөөд нэр дэвшигчид цөөнгүйг бэлдэж буй аж. Улс төр урлаг, спорт хутгалдсан энэ өдрүүдэд гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр хүртэл “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлан байж Ховдын бөхийн холбооны тамга, батламжийг гардан авахыг илүүд үзжээ. Сонгууль дөхөх бүрт нэр дэвшигчдийн энэ мэт халуурал улам ихсэх болно. Иргэд нэр дэвшигчдийн өмссөн хувцас, урлаг спортын авъяасыг илүүд үзэхгүй нь лавтай. Парламентын танхимд дуулах ч, барилдах ч шаардлага үгүй, гол нь УИХ-д сайн хууль батлах чадвартай хүн л хэрэгтэй. Ээ дээ, хувцсаа солиод нэмэр болох уу. Хувцас бурхан бие чөтгөрөө гэж.
Хувцсаа солиод нэмэр болох уу?
А.ШАРХҮҮ