Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг Францын шүүхэд татжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг Францын шүүхэд татжээ

Малайзын түүхэнд хамгийн том зэвсгийн наймаагаар тод­роод буй “Scorpene” шумбагч хөлөгтэй холбоотой авилгын хэргийг Францын прокурорууд шалгаж эхэлсэн нь дээрх наймаа­тай нэг сэжмээр холбогдсон монгол бүсгүйн аллагын учгийг тайлж магадгүй байна. Францын төрийн өмчит “DCNS” болон “Thales International” компаниуд Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ бай­гуу­лахын тулд тухайн үед тус улсын Батлан хамгаалахын сайд байсан, одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакт хахууль өгсөн эсэхийг Францын шүүгч Рожер Де Луа, Серже Турнейр нар шалгаж эхэлсэн талаар “malaysia-today” сайтад бичжээ. Францын мөрдөгчид сүүлийн хоёр жилийн турш дээрх хэрэгтэй холбоотой баримтуудыг цуглуулсан байна. 2001 онд Малайзын Ерөн­хий сайд Нажиб Разак шумбагчийг худалдаж авсны төлбөр болох нэг тэрбум ам.долларыг “Perimekar” ком­панид шилжүүлэхийг хүссэн факс илгээж байсныг нотлох баримтыг өнгөрсөн сард Францын прокурорууд олсон талаар Малайзын хүний эрхийг хамгаалах “Suaram” байгууллага мэдээлж байсан юм.

“Perimekar” нь тухайн үед Батлан хамгаалахын сайд байсан одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн зөвлөх Абдул Багиндагийн компани аж. Ш.Алтантуяатай дотно харьцаатай байсан, аюулаас хамгаалахын ажилтан Абдул Багинда тухайн үед Нажиб Разакийн бие хамгаалагч байсан бөгөөд монгол бүсгүйн аллагыг захиалсан хэргийн гол сэжигтэн. 2002 оноос эхэлсэн “Scorpene” шумбагч хөлгийн гэрээг Нажиб Разакийг Малайзын Батлан хамгаалахын сайд байхад нь  үзэглэсэн бөгөөд үүнд Нажибын дотны нөхөр, улс төрийн зөвлөх Абдул Багинда голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Францын албаны хүмүүсийн олж тогтоосноор “DCNS”-тэй байгуулсан шумбагч хөлгийн төлбөрийг хоёр хувааж төлсөн аж. Төлбөрийн эхний хэсэг болох 114 сая еврог шумбагчийн ложистик үйлчилгээг хариуцсан Малайзын “Perimekar” компани руу гуйвуулсан байдаг. Абдул Багинда, түүний эхнэрийн мэдэлд байсан “Perimekar” нь тэр үед ердөө л аялал жуучлал эрхэлсэн компани байсан аж. Францын шүүгчдийн анхаарлыг татаж буй өөр нэг зүйл нь 46 сая ам.долларыг гуйвуулсан “Terasasi” нэртэй компани. “Terasasi нь” Малайзад байгуулагдсан авч дараа нь Хонконгод бүртгэгдсэн байжээ. Харин захирал нь мөн л Разак Багинда, түүний аав Абдул Малим Багинда нар байсныг хууль хяналтынхан олж тогтоогоод байна . Үндэстэн дамнасан шумбагч хөлгийн гэх асар том мөнгө угаасан уг наймаатай холбоотой асуудлууд  2006 оны аравдугаар сард Ш.Алтантуяа гэх орчуулагч монгол бүсгүйн зэрэмдэглэгдсэн цогцос Куала Лумпур хотын зах дах ойгоос олдсоны дараа л олон нийтэд ил болсон.  Шинжээчид бүсгүйг толгойд нь буудаж, биед нь C4 тэсрэх бодис зүүж, дэлбэлснийг тогтоосон юм. Абдул Багинда өөрийг нь мэхэлснийг мэдсэн Ш.Алтантуяа амиа алдахын өмнө түүний гэрт нь очиж, сүрдүүлсэн талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Ш.Алтантуяа 2004 онд Абдул Багиндатай танилцсан бөгөөд Малайз, Францын хоорондох “Scorpene”  шумбагчийн гэрээ ид яригдаж байх үед тэд хамтдаа Францад очсон байдаг. Ш.Алтантуяа шумбагч хөлгийн наймааны талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан бөгөөд гэрээний жинхэнэ үнэ хөлсийн талаар хэнд ч хэлэхгүй, нууцыг хадгалсны төлөө Разак Багиндагаас 500,000 ам.доллар нэхсэн тухай гараар бичсэн захидал ч олдсон аж. Ш.Алтантуяагийн хэргийг Францад шалгаж байх үед ОХУ-ын Тагнуулын газрынхан уг наймааг сонирхсон нь   түүнийг ОХУ-ын тагнуул байсан гэх хардлага ч төрүүлж байсныг Францын сурвалжлагч Арно Дюбю бичсэн байдаг. Ш.Алтантуяагийн аллагыг захиалсан гэх Абдул Багиндаг хэдийгээр шоронд хорьсон ч Малайзын шүүхээс түүнд  ямар ч ял сонсгоогүй бөгөөд Их Британи руу дүрвэн гарч, өдгөө тэнд суурьшжээ. Нажиб Разакийн бие хамгаалагч байсан Азила Хадри, Сирул Умар нарт Малайзын шүүх цаазаар авах ял оноосон ч ялын гүйцэтгэлийг хойшлуулсаар байгаа юм. Ялыг хойшлуулсан нь ирэх зургадугаар сард болох Малайзын парламентын сонгуультай холбоотой гэж тус улсын хэвлэлүүдээр бичиж байна. Хэрэв Нажиб Разакийн тэргүүлж буй эвслийн Засгийн газар сонгуулиар дахин гарч ирвэл Ш.Алтантуяаг хөнөөсөн алуурчдын хэргийг цагаатгах магадлал их байгаа юм. Малайзад “Scorpene” шумбагч хөлгийн хууль бус наймаатай холбоотой хэргийг хаасны дараа хүний эрхийг хамгаалах байгууллагууд Францын шүүхэд хандаж, гэрээг дахин шалгахыг хүссэн билээ. Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Францын прокурорын мөрдөн байцаалтад ихэд найдлага тавьж байгаа бөгөөд хохирогч бүсгүйн аав С.Шаарийбуу Францад очиж шүүх хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. Францын шүүхээс “Scorpene” шумбагч хөлөгтэй холбоотой хээл хахууль, аллагын хэрэгт Малайзын Ерөнхий  сайд Нажиб Разак, Батлан хамгаалахын сайд Ахмад Захиди, Их Британи руу дүрвэн гарсан  Абдул Багинда нарыг сэжигтнээр шүүхэд татсан талаар “Malaysiakini” сайтад мэдээлсэн байна. Гэвч Малайзын Батлан хамгаалахын сайд Ахмад Захиди өчигдөр “Францын шүүхэд Малайзын эрх баригчдыг шүүхэд татах эрх байхгүй. Тэд баривчлах зөвшөөрөл олгодог хэн юм бэ? Бид нар Францын хуулийн субьект биш” гэж мэдэгдсэн байна. Харин Малайзын улс төрч PAS буюу Пан-Малайзын исламын намын нэгэн гишүүн Ерөнхий сайд Нажиб Разакийг хэрэв буруугүй юм бол Францын шүүхэд мэдүүлэг өгч, Малайзын нэр хүндийг аврах ёстой гэж үзэж байгаа гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж