Боловсролын салбарынхан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынхан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Цагаан майхнууд талбай дээр ярайж, жанжины талбай  хөл хөдөлгөөнд дарагдав. Учир нь боловсролын байгууллагууд бүтэн өдрийн турш иргэдэд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа нь энэ ажээ. Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-үүд  өөрсдийн үйл ажиллагаагаа сурталж, иргэд ч сонирхсон мэдээллээ авахаар энд цугларч. Уг нь Боловсролын үнэлгээний төв, Магадлан итгэмжлэлийн үндэсний төв зэрэг томоохон байгууллагууд ирнэ гэж байсан ч энэ өдөр харагдсангүй.

МСҮТ-д элсэгчдийн тоо нэмэгджээ

“Шинэ үе”, Хүнсний техноло­гийн коллеж зэрэг зургаан МСҮТ энэ өдрийн нээлттэй өдөрлөгт иржээ. Хэдийгээр талбайн хоёр хажуу талаар их, дээд сургуулиудын хэсгүүд байсан ч хүүхэд, залуучууд МСҮТ-ийн сурталчилгаа явуулж байгаа майхны хажууд шавж байсан гэхэд болно. “Тэтгэлэг өгдөг болохоор МСҮТ-д оръё гэж бодсон. Бас төгсөгчдийн дйилэнх нь ажлын байраар хангагддаг гэж сонсоод гэр бүлээрээ зөвлөлдөж байгаад МСҮТ-д шинэ хичээлийн жил эхлэхээр элсэе гэж бодож байна. Өнөөдөр өгч байгаа зөвлөгөө нь ч надад маш их таалагдлаа. Өмнө нь би зүгээр л өнгөц мэддэг байж” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Л.Нямжаргал ярьсан юм. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар сүүлийн гурван жилд МСҮТ-д элсэгчдийн тоо 10-20 хувиар нэмэгджээ. Мөн сүүлийн хоёр жилд төгсөгчдийн бараг 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн таатай мэдээлэл байна. “Манай сургуулийн онцлог бол шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж, шаардлагатай ажлын байранд зуучилж өгдөг. Одоогоор манай сургуулийг төгсөгчдийн 85 гаруй хувь нь ажлын байранд орсон байдаг. Энэ жил ч гэсэн орох хүсэлтэй хүүхдүүд нэмэгдсэн байгаад баярлаж байна” гэж “Шинэ үе” МСҮТ-ийн багш Ч.Цэрэндулам ярьсан юм. Зөвхөн энэ сургуулийн үүдэнд ч бус үлдсэн МСҮТ-ийн майхны гадаа олон хүүхдүүд зогсч, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байлаа.

Их, дээд сургуулиуд бүх мэргэжлийн онцлогийг тайлбарлав

Тэдний ийнхүү тайлбарлаж байгаа нь цаанаа учиртай. Яагаад гэвэл сургуульд элсэгчдийн 60 гаруй хувь нь тухайн сургуульдаа ангиа солих юм уу, өөр сургуульд шилждэг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс мэргэжлээ сонгочихсон байгаа хүүхдүүдэд тухайн мэргэжлийн талаар мэдээллийг өгч, хүсэл сонирхлыг нь судлах талаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэсэг анхаарсан байна. “Боловсролын байгууллагууд зөвлөлдөж байгаад энэ өдрийг мэргэжлийн талаар таниулах, ерөнхий мэдээллийг өгөхөд зориулахаар болсон. Ямар ч байсан ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь мэргэжлээ зөв сонгосон гэж ам сайтай байгаа ч зарим нь мэргэжлээ сонгож, сонголтоо өөрчилж болох уу гэдгийг сонирхож байна. Мэргэжлээ зөв сонгоход нь дунд сургууль уг нь шаардлагатай мэдээллийг өгөх хэрэгтэй. Одоо бол тийм юм ерөөсөө алга” гэж ШУТИС-ийн профессор Г.Санчир ярьж байсан юм.

Соёлын байгууллагууд ажлаа сурталчлав

Талбайн доод талд бяцхан тайз зассан нь урлаг, соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж байгаатай холбоотой. Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний номын сангийн ажилтнууд байгууллага бүрийн онцлог, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар хүмүүст танилцуулж байсан юм. Талбай дээр цугларсан хүмүүс сургуулиудын мэдээлэлтэй танилцаад урлаг, соёлынхны сурталчилгааны хэсэгт хүн цөөн байв. Гэлээ ч тэд хийсэн зүйлээ тайлагнаж, үзүүлэн таниулах хуудсуудыг бэлтгэжээ. “Төрөөс мэргэжлийн урлагийн байгууллагуудад анхаарал бага хандуулж байгаа юм шиг санагддаг. Хэрвээ бодлогын хэмжээнд бэлдэж, анхаарлаа хандуулж чадвал бидэнд дэлхийд өрсөлдөхүйц чадвартай олон мэргэжилтнүүд бий. Дэлхийд гарах, өөрсдийн театр, дуурийн урлагыг сурталчлах боломжийг төрөөс нээж, дэмжих хэрэгтэй гэж боддог” гэж УДЭТ-ын ажилтан н.Өлзийтөгс ярьсан юм. Талбай дээр нээлттэй өдөрлөг зохион байгуулах ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилнэ. Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж