АТГ-аар ажлыг нь хийлгэе

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

АТГ-аар ажлыг нь хийлгэе

АТГ эрчимтэй ажиллаж эхэллээ. Шалгах, мөрдөх ёстой ажлаа хийж, шанаган хорхой, жараахай шүүрдэг байсан өмнөх үеийг халж, аварга загастай хөөцөлддөг болсон цагаас нь харин тус байгууллагыг ад үзэгчид олшров.

Эхний дарга нь гадаадад учир битүүлгээр таалал төгсч, шарил нь хөндөгдөж, удаах дарга нь хар гэрт орсон энэ байгууллагыг зүрхэлж удирдах хүн байхгүй болов уу гэж шуугиж байсныг бодоход Б.Хурц, Н.Ганболд нар зүрх зоригтой сайн ажиллаж байна. Авлига, хээл хахуульд автсан, ёс бусаар хөрөнгөжсөн гэх сэжиг дагуулсан эрхмүүдийг эзэлж байсан хийгээд эдэлж буй албан тушаалаас нь үл эмээн шалгаж шүүж байгаа нь тэдний хийх ёстой ажил үүрэг мөн.

АТГ-ын шинэ удирдлагууд өнгөрсөн өвлийн сүүлээр албан үүрэгтээ орсон, гагцхүү ажил нь ид жигдэрч эхэлж буй үе нь УИХ-ын сонгуулийн өмнө таарснаараа зарим нэгэнд улстөржиж байна гэх хар сэрийг төрүүлж буй бололтой. АТГ-ынхан олон нийтийн зүгээс авлигатай холбон нэрлэдэг байсан эрхмүүдийг зоригтой шалгаж байна. Монгол Улсын Ерөнхийлагч асан Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн бүр Ерөнхий сайд байх цагаас нь ярьдаг байсан. Түүний гэмтэй эсэхийг шалгаж байна. Түүнийг барихдаа, бас хорьж байх үедээ хүний эрхийн талаас нь зөрчил гаргасныг, эрүүл мэндийг нь хохироосныг  үгүйсгэхгүй. Гэхдээ үнэхээр авлигын эцэг мөн үү, үгүй юү гэдгийг шалгаж нягтлах үүргээ л АТГ гүйцэтгэсэн. Буруу гараар хөрөнгөжөөгүй нь үнэн бол цагаадаад гараад л ирнэ биз. Хэрэв авлига авч, улсын өмчийг албан тушаалаа буруугаар ашиглан үнэгүйдүүлж өөрийн болгосон бол хэргээ хүлээнэ л биз. Иргэн бүр шүүхийн өмнө, хуулийн өмнө тэгш гэдгээрээ экс Ерөнхийлөгч ч, энгийн иргэн ч ижил хариуцлага үүрэх ёстой. Гэтэл МАХН-ын зүгээс явуулж буй үйл ажиллагаа авлигын хэргийг мөрдөн шалгах ажлыг Н.Энхбаяр даргыг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн намуудын явуулга хэмээх сөрөг РR болгочихоод байна.

Авлигын хэргийг улс төрөөс ангид авч үзэх “билгийн нүд” МАХН-ынханд алга болчихжээ. Экс Ерөнхийлөгчийг баривчлах үедээ хүчний байгууллагынхны гаргасан бүдүүлэг алдаа, хорих явцдаа гаргасан хүний эрхийн зөрчил зэрэг нь АТГ-ын хийж буй жинхэнэ ажлыг бүрхэгдүүлж, улмаар сэжигтнийг нийгмээр өрөвдүүлэх дэндүү арчаагүй байдалд хүргээд байна. Төрийн тэргүүн байсан эрхэмд ч хууль ёсоо дээдлэх наад захын соёл алга. Дуудахад нь очилгүй гэдийсээр хачин байдлаар баривчлагдсан, хоригдож байхдаа шүүхийн шийдвэр сонсгох үед цэцэрлэгийн хүүхдээс гарамгүй авир үзүүлж чихээ таглан “төрхгүйтсэн”, өлсгөлөн зарлаж өөрийгөө болоод өрөөлийг тамласан гээд төрийн өндөр алба хашиж байсан хүнээс гарамгүй байдал үзүүлж АТГ-ын үйл ажиллагаанд садаа үүсгэж нийгмийг буруу тийш түлхэж байна. Уг нь хэргээ үнэн мөнөөр нь шийдүүлчихээд гараад ирвэл олон нийт түүнд шоу маягаар бус жинхэнээсээ зүй ёсоор талархахсан.

Н.Энхбаярын араас АТГ-ынхан түүнийг Ерөнхийлөгч байх үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлвэрийн захирал асан, эрхэм гишүүн Х.Наранхүү нарыг шалгаж эхэлсэн байна. Тэд зарлан дуудсан дагуу нь очиж байгаа тул хөлөө гозгонуулж ачуулаад өлсч зовохоос ангид эрх чөлөөтэй явна. Эр улс ийм л байх ёстой. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, хэд хэдэн аймгийн Засаг дарга нар АТГ-т шалгуулж, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц ч тэр газарт дуудагдан морилсон. Хэлдгээ хэлээд, мэдүүлдгээ мэдүүлээд ном ёсоороо явж байгаа тэдэнд талархах ёстой.

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат тендэр будилуулсан хэргээр огцорч, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх  мөнгө хөрөнгө шамшигдуулан “аав”-ынд суусан бол тэдний араас дахиад хэдэн аймгийн Засаг дарга АТГ-т чихээ мушгиулж байна. Аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэглэх төсөвт хөрөнгийг хэтрүүлэн тэрбум төгрөгөөр наадсан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг төсвийн хөрөнгө хэтрүүлсэн асуудлаар АТГ шалгахаар болжээ. Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх наадмын үеэр ч тэрбээр төсөв хөрөнгө шамшигдуулсан бололтой дуулдаж буй.

Дорнод аймгийг олон жил даргалсан Ц.Жанлав АТГ-т “данстай” болоод байна. Бүр 2000-аад оны сүүлээс ИЗН-ынхан нэг хэсэг Ц.Жанлав даргыг огцруулах гэж үзээд бараагүй юм. ИЗН бүү хэл иргэд нь тэмцээд ч Засаг ноёноо дийлээгүй. Мянганы замын маршрутыг өөрчилж өөрийнхөө эзэмшил газар тийш татуулах гэснээс өгсүүлээд ХОМ-ээ буруу мэдүүлдэг, газрын наймаа хийдэг гээд олон маапаантай гэдэг Ц.Жанлав дарга АТГ-ын “харьяат” болох нь тодорхой гэх болов.

Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат газрын наймаанаас болж Орхон аймгийн Засаг ноён асан амидаагийнхаа араас орж яваа бол Увсын Засаг дарга Э.Цасчихэр зам, гүүр, барилгын ажлаас мөнгө “босгож” төсвөөс саасан мөнгөнөөсөө болж АТГ-т дуудагдаж “хар гэр” дэх олигархийн тоог нэмж буй. ИТХ-ын дарга нь ч давхар морилжээ. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр газрын асуудлаар АТГ-ын дансанд орсон байна. Засаг дарга тогтоодоггүйгээрээ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг зард гараад байгаа. Түрүүчийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь МАН-ын гишүүд боловч хоорондоо түнжин хагарч арсалдсаар огцорцгоосон. Оронд нь очсон Засаг дарга Ц.Болд цас хайлуулах бодис авахад зориулсан төсвийн хөрөнгөөс өөртөө “гулсуулсан” асуудлаар АТГ-ын мэдэлд очсон дуулддаг. Хариуцсан дүүрэг нь цас мөсөндөө баригдаж, халтиргаа гулгаатай өвөлжсөн байхад Засаг дарга нь цас хайлуулах бодисын мөнгөөр гараа угаачихсан сууж байсан гэх.Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат ч АТГ-т дуудагдсан мэдээлэл гарч байна. С.Энхбатыг эрх мэдлээ ашиглаж авлига авсан байж магадгүй гэж АТГ сэжиглэжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт АТГ-т дуудагдмагцаа гадагшаа гарч алга болсон гэж байгаа. АТГ-аас үнэхээр айсан хэрэг биш үү.

Ийнхүү АТГ-ынхан алба тушаалтай, тарган цатгалан акулууд шүүрдэж үнэн мөнийг нь олохоор ажиллаж байна. АТГ гэж байна уу хэмээн үгүйлж суусан нийгэм харин тэдний энэ үйлдлийг одоо буруутгах маягтай болов. Экс Ерөнхийлөгчийг “өрөвдөх” операциас болсон хэрэг л дээ. Хүний эрхийн зөрчлийг нь холбогдох байгууллагууд нь анхаарч таарна. Монгол бол Хүний эрхийн үндэсний комисстой, Хүний эрхийн олон конвенц, гэрээнд нэгдсэн ардчилсан орон шүү дээ.  Одоо энэ асуудлаас АТГ-ын үйл ажиллагааг салгаж авч үзэцгээе. Дэлхийн 186 орноос авлигад баригдсан  үзүүлэлтээрээ Монгол Улс 120-д яваа гэсэн судалгааны тоо бий. Энэ тааруу үзүүлэлтээсээ салахын тулд авлигад өртсөн толгойгооноосоо эхлээд цэвэрлэх ёстой. “Загас толгойноосоо өтдөг” гэгчээр толгой талаасаа авлигад идэгдээд байгаа Монголын нийгмийг цэвэрлэх дорвитой ажилдаа АТГ ид ороод байхад нь садаа хийхээ больё. АТГ ажлаа хийг. Хар дансанд орсон эрхмүүдээс гэмгүй нь цагаадаад гараад ирнэ. Гэмтэй нь хэргээ хүлээнэ. Авсан идсэн зүйлгүй л юм бол чихээ хуруугаараа таглаж, биеэ зовоож, эрүүл мэндээ сүйтгэж, олноор өрөвдүүлэх арга хэмжээ авч шоу зохион байгуулаад хэрэггүй. Дарга шоронд орохоороо өвдөж эмнэлэгт шилждэгээ бас цэглэе. Жирийн иргэд энэ байтугай гүжирдүүлж хар гэрт орчихоод хамаг зовлонг нь үүрдэг шүү дээ. Долдугаар сарын 1-ний хэргээр “аав”-ынд хориулсан залуусыг санацгаая. Одоо АТГ зүгээр л ажлаа хийг. Албан тушаалтан нь тавьтиртай, ард иргэд нь ч ухаантай байг. Хувь хүнийг өрөвдөх сэтгэл байх нь зүй, үүний цаана явж байгаа төрийн албыг харин чөдөрлөж таарахгүй.

Өнөөдөр АТГ-т шалгуулж буй эрхмүүд шүүхийн шийдвэр уншуулчихаагүй байгаа тул УИХ-д нэр дэвших эрх нь хэвээрээ. Н.Энхбаяр даргад ч тийм эрх бий. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Отгонбаяр, Л.Гүндалай, Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат нар АТГ-т шалгуулж л байсан. Нэрээ дэвшүүлээд зарим нь өдгөө УИХ-д сууж л байна. Ийм зарчмаар л АТГ ажлаа хийг.

                    Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж