
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсээр буй. Тухайлбал, Улаанбаатар хотын цахилгааны хэрэгцээ 2015 онд 531 мВт, 2030 онд 2361 мВт болж нэмэгдэнэ гэсэн тооцоог Эрчим хүчний газраас гаргасан байгаа. Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын чадал цаашдаа хүрэлцэхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь ярьдаг. Монгол Улсын эрчим хүчний салбарт шинээр эрчим хүчний эх үүсвэр барих шаардлага зайлшгүй тулгараад байгаа бөгөөд Засгийн газраас Дулааны тавдугаар цахилгаан станц барихаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм. Тавдугаар цахилгаан станцыг анх Улиастай аманд барихаар төлөвлөж байсан боловч газар нутгийн байршлаас шалтгаалж, цахилгаан станц барихад тохиромжгүй хэмээн үзсэн. Тиймээс Дулааны гуравдугаар цахилгаан станцыг дэргэд барихаар шийдвэрлэсэн бий. Улаанбаатар хот болон төвийн бүсийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор V ДЦС-ийг барихаар ТӨХ-оос олон улсын тендер зарласан. Уг тендерт цөөнгүй компани өрсөлдөнөөс Тавдугаар цахилгаан станц төслийн зөвлөх компаниар сонгогдсон АНУ-ын “H&J”-гийн тооцоогоор уг цахилгаан станцыг барихад ойролцоогоор 1.8 тэрбум ам.доллар зарцуулагдах юм байна. Энэ мөнгөний тодорхой хэсгийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 600 сая ам.доллароосоо тавдугаар цахилгаан станц барих ажлыг санхүүжүүлэх юм байна. Жилд 820 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож буй тавдугаар цахилгаан станц жилдээ 2.5 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос даруй хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх тооцоотойг гаргажээ. Мөн нүүрснээс ялгаруулах утааг 100 хувь цэвэршүүлж, үнсний 99 хувийг шүүн барилгын материалд ашиглах боломжтой байхаар тооцоолжээ. Улаанбаатарт барих тавдугаар цахилгаан станц нь 450 мВт цахилгаан, 500 Гкал дулаан үйлдвэрлэнэ. Тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатарын дулаан, төвийн бүсийн эрчим хүчний дутагдал арилах юм. Эрчим хүчний газар тавдугаар цахилгаан станцыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
