-Нэг сая төгрөгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Бэлэн мөнгө авах хүсэлт гаргасанахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөгийг нь ирэх 7 хоногоос Улаанбаатар хотоос эхэлж олгоно. Ингэхдээ 4, 5 дугаар сарын мөнгийг хамтад нь өгөхөөр болсон. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбоотой тогтоолын хэрэгжилттэй Засгийн газрын хуралдаанаар танилцуулан ийм шийдвэрт хүрлээ.
2012 оны тавдугаар сарын 15-ны байдлаар нэг сая төгрөгийн хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэдгээ 272 582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн илэрхийлж өргөдлөө гаргасан байна. НХХЯ тавдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг мөн хүлээн авч эхэлсэн. Тавдугаар сарын 15-ны байдлаар 738 917 мянган хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтэй байна. Эдгээрийн 717 748 нь буюу нийт өргөдөл гаргасан иргэдийн 97 хувь нь хувьцаагаа зарж бэлэн мөнгө авах, 21 мянга нь орон сууц худалдан авсны төлбөр, 394 хүн боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр авах хүсэлт гаргажээ.
-Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийн талаар яригдсан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Засгийн газрын хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийн талаар яригдсан. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдан эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байгаа. Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосны дараа зургадугаар сарын 1-нээс үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаж эхлэнэ. Иргэдийг 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор Төрийн банкинд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр мөн 50 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд ирэх 7 хоногт шилжүүлэхээр болсон. Ямар ч гэсэн босоо тэнхлэгийн замын ажил, төмөр замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг бүрэн шийдвэрлэсэн.
Мөн өдрийн хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэжээ.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 125 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Энэ дагуу энэ оны төсвийн тухай хуульд заасан 150 тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн долдугаар сарын 02-ны дотор “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх дансанд төвлөрүүлэх юм. Үлдэгдэл 20 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах бөгөөд нэмэлт эх үүсвэр батлагдан, шилжүүлэх хүртэл хугацаанд арилжааны банкнаас зээл авч дүрмийн санг бүрдүүлэх аж. Тодруулбал, Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу талууд тус бүр 125 сая ам.доллар гарган нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх болсон юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэг техникийн шинэчлэл хийх, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, ачаа илгээгч, хүлээн авагчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хөдлөх бүрэлдэхүүн авах зэрэг боломж бүрдэх гэнэ.
Мөн хуралдаанаар Дорнод аймгийн Чойбалсан хотод төрийн өмчийн оролцоо 34 хувиас багагүй байхаар тооцон газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” компани байгуулахаар шийдвэрлэлээ. Харин бусад хувийг эзэмших аж ахуйн нэгжийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг боловсруулан батлуулахыг Төрийн өмчийн хороонд даалгаж. Үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийн төрийн эзэмшлийн хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох хувь хөрөнгө, Хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтээс гаргах боллоо.