![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/b8df31e4b43a5b7b/98f90da569ea7086big.jpg)
Мөн нийтийн албанд нийтийн олон эрх хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонихлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан дээрх хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан бөгөөд энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар сонирхлын зөрчлийн тухай хууль бүрэн утгаараа үйлчилж эхлээгүй байхад төрийн албан хаагчдын дунд зохиомол эсэргүүцэл гарч байгаа нь Монголд төрт ёс, дэг журам байна уу гэж бодоход хүргэж буй тухай шүүмжилсэн юм. Тэдний өгүүлснээр бол уг хуулийг гүйцэд уншаагүй, түүний зорилго, мөн чанарыг бүрэн ухаараагүй, яг ямар заалт нь ойлгомжгүй, амьдралд нийцэхгүй байгааг хэлж мэдэхгүй атлаа гадаадаас хуулбарласан, төрийн албаныханд гэм халтай хууль мэтээр айж сүрдэхүйц сөрөг суртал нэвтрүүлэг төрийн албаныхан, түүний дотор УИХ дотор газар авч хуулийг хүчингүйдүүлж байгаа тул хуулийн сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах учиртай аж. Хууль хэрэгжүүлэн сахиулах, сурталчлан таниулах үүрэг бүхий төрийн албан тушаалтнууд хуулийг өөрийнхөөрөө нугалан тайлбарлаж, төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлж, тааламжгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, шударгаар ажиллахад нь тус дэм боллохын оронд мөрдлөг, сүрдүүлэг мэтийн цагдаагийн арга барил ашиглах аюултай хууль гарсан мэтээр хуулийн уг зорилгыг айдас болгож байгаа тул Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын соён гэгээрүүлэх алба чиг үүргийнхээ дагуу УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодтой хамтарч энэ хуулийг сурталчлан таниулах сургалт семинар зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдгийг Байнгын хорооны дарга Д.Одбаяр ч онцлов.
Дээрх хоёр хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжих эсэх асуудлаар санал хурааж, зарчмын зөрүүтэй санал гишүүдээс гараагүй тул УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал дэвшүүлэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулахаар боллоо.
Үүний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Бригадын генерал М.Ганхүү танилцуулсан.
Хуульзүйн байнгын хорооны Ажлын хэсэг 2011 онд тус газрын үйл ажиллагаатай танилцаад 21-р тогтоолоороо 13 заалт бүхий үүрэг, чиглэл өгсний 8-11 дэхээс бусад заалт бүрээр ямар арга хэмжээ авснаа тус байгууллагын удирдах хүмүүс гишүүдэд тайлагнасан юм. Тухайлбал, ялтныг нийгэмшүүлэх, суллан гаргахын өмнө ажил мэргэжлийн ямар дөр, чадамж олгодог, хөдөлмөр эрхэлж буй ялтны хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нийгмийн даатгалд хамруулах талаар юу хийсэн, шийдвэр гүйцэтгэх байгуулллагын ажилтнуудыг сонгон шалгаруулж, мэдлэг, ур чадвар, харилцааны соёл, мэргэжлийн ёсзүйг нь сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа, хорих ангийн орчин нөхцөлийг сайжруулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түргэн шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх, байгууллагадаа харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэвшилт систмемд нэвтрүүлэх талаар ямар ямар арга хэмжээ авснаа тэд мэдээллээ. Ялангуяа тус байгууллагын үйл ажиллагааны стандарт, ажилтнуудынх нь харилцааны соёл, мэргэжлийн ёсзүйн талаар сүүлийн үеийн улс төрийн халуун үйл явдлуудтай холбоотойгоор нэлээд яриа, шүүмжлэл өрнөсөн бөгөөд “Байгууллагын дотоод журам нууцын зэрэглэлд ороогүй л бол ил тод байх ёстой, уг журам зөвхөн дотор байгаа ялтанд хамаатай бус түүний ар гэр, найз нөхөд зэрэг эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдэд хамаатай тул нээлттэй байх ёстой” гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн онцолж байлаа. Дээрх дурдсан тогтоолын 8-11 дэх заалтын хувьд хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-дын хохирогчдын хохирол барагдуулах ажлын явцтай холбоотой асуудал байсан бөгөөд ХЗХ-дын хохирогчдоос Байнгын хорооны хуралд суух хүсэлт гаргасны дагуу гурван төлөөлөл хуралд оролцож, гишүүдийн асуултанд хариулсан юм.
Энэ өдөр хэлэлцсэн бусад асуудлын хүрээнд АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тус газрын саналд үндэслэн Хуульзүйн байнгын хорооноос УИХ-ын тогтоолын төсөл санаачлах нь зүйтэй эсэх дээр гишүүдийн саналыг хурааж, Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хорооныхоо санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр танилцуулах болсноор хуралдаан өндөрлөлөө.