”МАН дахин луйвар хийх гэж байна”

Хуучирсан мэдээ: 2012.05.17-нд нийтлэгдсэн

”МАН дахин луйвар хийх гэж байна”

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Чуулганы хуралдаанд УИХ-ын ээлжит сонгуулийн  сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэд санал өгөхдөө хуучин иргэний үнэмлэхээрээ өгөхөөр болсон. Иргэний үнэмлэхгүй болон шинээр иргэний үнэмлэх авах 64 мянга гаруй иргэн байгаа. Эдгээр иргэд нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бичиг баримтаа гээгдүүлсэн, болон шинээр авах хүсэлтээ илэрхийлэн лавлагааны хуудас авсан иргэдийн тоо. Харин үүний цаана хичнээ иргэн байгаа, хэдээр нэмэгдэж, хасагдах нь одоогоор тодорхой бус байгаа. Харин эдгээр бичиг баримтгүй лавлагааны хуудастай иргэдэд цахим үнэмлэх буюу ухаалаг үнэмлэх хэвлэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Мөн ирэх намар болох Орон нутгийн сонгуулийг ч мөн хуучин үнэмлэхээрээ өгөх саналыг МАН-ын зүгээс гаргаж байсан бол Ардчилсан намы гишүүд үүнийг нь Орон нутгийн сонгууль луйвардах гэсэн санаа гэж шүүмжилж байсан юм.

Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулсан юм.

-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа наадам, тэгээд намар хаяанд ирнэ. Баярлаж, амарч явсаар шинэ цахим үнэмлэхээ хэвлэж амжихгүй, мөн тарааж дуусахгүй байх магадлал байна. Үүнийг яаж зохицуулах вэ. Мөн хүн бүрт шинэ цахим үнэмлэхийг нь хүргэж өгөх боломжтой юу. Иргэн бүрийн гарт нь үнэмлэхээ өгөх боломж бий юу. Ялангуяа орон нутгийн иргэд, малчдад тараахад хүндрэл их гарна шүү дээ.  Үүний оронд хуучин үнэмлэхээрээ буюу УИХ-ын сонгуульд санал өгснөөрөө яваад харин дараа нь цаг хугацаанд баригдалгүй цахим үнэмлэхээ хэвлэвэл яасан юм бэ гэдгийг тодруулсан.

-Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж:

-Орон нутгийн сонгуулийг хуучин үнэмлэхээрээ өгөх эсэхийг шийдэх эрх нь УИХ-д байгаа. Хэрэв санал хураагаад Орон нутгийн  сонгуулийг ч  мөн хуучин үнэмлэхээрээ явуулна гэж УИХ баталсан тохиолдолд бид түүний дагуу л ажиллана. Харин цахим үнэмлэхээрээ Орон нутгийн сонгуульд санал өгнө гэвэл бид ирэх намрын Орон нутгийн сонгууль хүртэл цахим үнэмлэхээ хэвлэж, тарааж амжина.

-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Цахим үнэмлэхийг сонгуулийн дараагаас эхлэн хэвлэж эхлэн боломжтой. Цаг хугацааны хувьд ч гэсэн боломжтой харагдаж байгаа.  Тиймээс бид анхнаасаа сонгуулиа цахим хэлбэрээр явуулна гэж байсан учраас Орон нутгийн сонгуулийг цахим үнэмлэхээрээ явуулах нь зүйтэй байх.

-УИХ-ын гишүүн З.Энхболд:

-Орон нутгийн сонгуулийг хуучин үнэмлэхээр өгөх боломжгүй. Энэ бол сонгууль будлиантуулах нэг арга байна. Зургадугаар сарын 28-нд болох НИТХ, УИХ-ын сонгуулиас өмнө амжихгүй гэсэн шалтгаанаар цахим үнэмлэх хэвлээгүй. Гэтэл одоо бас Орон нутгийн сонгуулийг луйвардах гэж хуучин үнэмлэхээр өгөх санал гаргаад байх юм.

-Ажлын хэсгийн ахлагч  Ц.Нямдорж:

-Сонгууль будлиантуулах боломжгүй. Хурууны хээгээр нь санал авч байгаа учраас давхар санал өгөх боломжгүй. Нэгэнт УИХ-ын зарим гишүүд Орон нутгийн сонгуульд хуучин үнэмлэхээрээ оролцох, зарим нь үүний эсрэг байгаа учраас УИХ-аар санал хураах нь зүйтэй. Бид бол Засгийн газрын хэрэгжүүлэгч учраас УИХ-аас гарах шийдвэрийг гүйцэтгэнэ.

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Энэ удаагийн сонгуулийг цахим үнэмлэхгүй явахыг Ц.Нямдорж, Л.Амарсанаа нар будилаантуулсан. Өмнө нь Н.Алтанхуяг дарга ажлын хэсгийн ахлагч  байхад ямар нэг асуудал яригдаагүй байсан. Харин ажлаа өгснөөс  нь хойш энэ ажил өдөр бүрт шалтаг тоочиж, асуудал ярих болсон. Одоо Орон нутгийн сонгуулийг хуучин үнэмлэхээр өгвөл бүр их будилаан гарна. Тиймээс Орон нутгийн сонгуулиас өмнө 100 хувь цахим үнэмлэхжүүлэх боломжтой эсэх. Мөн 64 мянга орчим цахим үнэмлэх хэвлэнэ гэж яриад байгаа. Энэ тоо сонгууль хүртэл нэмэгд үү, хасагдах уу. Мөн Ц.Нямдорж сайдыг энэ ажлыг авахаас өмнө зөрчил гарсан гэж яриад байгаа. Яагаад тухайн үедээ Хууль, зүй дотоод хэргийн сайд байхдаа хяналт тавиагүй байж одоо яагаад өмнөх ажлын хэсэг рүү хамаг буруугаа чихээд байна вэ гэдгийг ажлын хэсгийн ахлагчаас тодруулсан.

-Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж:

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Орон нутгийн сонгуулиас өмнө 100 хувь хэвлэж, тарааж дуусна. УИХ шийдвэрээ хэрхэн гаргана түүний дагуу л ажиллана. Анхнаасаа тендер буруу аргаар өгсөн. Тендерт шалгарсан гадны компаниуд нь олон янзын тайлбар тавиад хойшлуулаад байгаа. Аль болох сонгууль будлиангүй явуулахаар хичээн ажиллаж байгаа.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга, санал дүгнэлтээ хийсний дараа УИХ-ын ээлжит сонгуулийн  сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж, гишүүд дэмжсэнээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дээрхи асуудлын дараа чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлд инфляцийг хөөрөгдөхгүй байх зорилгоор нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцлөхөөр тусгажээ. Үүнд нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Мөн шатахууны нөөц бүрдүүлэхэд зориулж 40 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар төлөвлөжээ. Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй мэдээллээр инфляцийг хөөрөгдөж байгаа гол шалтгаан нь мах, нефтийн бүтээгдэхүүний үнэ хоёр гэнэ. Тиймээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй энэхүү хоёр бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө мөнгийг нь төлөвлөчихөөр дотоодоос хамааралтай инфляцийн хөөрөгдлийг хязгаарлана гэж Засгийн газар тооцоолжээ. Гэхдээ өнгөрсөн жил махны үнэ өсөхөөс сэргийлж улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээд 12 мянган тонн мах нөөцлөн хавар нь худалдаанд гаргахаар төлөвлөөд байсан ч өвөлдөө мах магнаг болсон тул цагаан сараас урьтаж хэрэглээнд гаргасан. Ирэх жил ч энэхүү үзэгдэл давтагдах вий гэдэг болгоомжлолыг гишүүд хэлж байлаа. Түүнчлэн дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаагүй цагт нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарахгүй. Энэ нь үйлдвэр байгуулагдтал нефтийн үнэ ханш дотоодод хэлбэлзэлтэй байхын нэг нотолгоо гэж байлаа.

Ер нь инфляцид нөлөөлж төгрөгийн ханшийг унагаж байгаа гурав дахь шалтгаан нь орон сууны үнэ аж. Жил тутамд орон сууцны үнэ чангарсаар байгаа, тэр байтугай нэг сарын дотор нэг мв талбайн үнэ 100 мянган төгрөгөөр өсч буй дүр зураг ч харагдах болсон. Хоёр жилийн өмнө 40 гаруй мв квадрат талбайтай хоёр өрөө байрыг 42 сая төгрөгөөр худалдаж авчих бололцоо байсан бол одоо бол нэг өрөө дээрх талбайн хэмжээтэй дүйх сууцыг 50 сая төгрөгөөр худалдаж авч чадахгүй тал руу оржээ. Гэтэл Барилгачдын холбооныхон “Байрны үнэ буурна” гэдэг PR хийсээр суудаг. Иймд цаашид байрны үнэ ханшийг ямар арга замаар бууруулахаар төлөвлөж байна вэ гэсэн гишүүдийн асуултад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга хариулт өгсөн юм.

Байрны үнэ ханш өндөр байгаагийн гол шалтгаан нь барилга барихад шаардагдах гол материалыг урд хөршөөс импортолдог. Энэ нь үнэд огцом нөлөөлж ирсэн. Тиймээс ирэх жилээс эхлэн барилгын материал үйлдвэрлэх 12 үйлдвэр шинээр байгуулахаар төлөвлөсөн тухай мэдэгдлээ. Үүнд нийт 322 тэрбум төгрөг шаардагдах гэнэ. Мөн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ирэх жил гэхэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг 1000 орчим иргэнд олгохоор, түрээсийн байр 900 орчмыг барихаар төлөвлөсөн тухай дуулгасан юм.

Харин дээрх тайлбарыг сонссон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахдаа зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулж, жинхэнэ баялаг бүтээдэг хувийн хэвшилд ажиллагсдыг хөсөр хаяж ирснийг анхааралдаа авахыг хүсэв. Дашрамд сануулахад, чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 71.4 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд 49 гишүүн оролцож, зургаан гишүүн тойрогтоо, нэг гишүүн гадаадад харин хоёр гишүүн өвчтэй байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж