Индонезид осолдсон Оросын “Сухой супержет” онгоцны хар хайрцгийг олжээ. Индонезид үзүүлэх туршилт хийсэн тус онгоцонд 45 хүн зорчигч байсан юм. Онгоц энэ тавдугаар сарын 9-нд Жакарта хотоос хөөрснөөс хойш 50 минутын дараа радарын дэлгэцнээс алга болсон бөгөөд нэг өдрийн дараа онгоцны сүйрлийг хиймэл дагуулаас авсан зургаар тогтоосон юм. Онгоцны хар хайрцгийг ослын газраас 100 метрийн зайд, шатаж, хэмхэрсэн байсныг олсон байна. Супержет онгоцны ослоос ганц ч хүн амьд үлдээгүй бөгөөд эрлийн багийнхан 12 цогцсыг олсон байна. Онгоцонд Оросын нисэхийн техникч, нисгэгчээс гадна Индонезийн иргэний агаарын тээврийн төлөөлөгчид, сэтгүүлчид байжээ. Онгоц осолдсон Индонезийн уулархаг бүс дэх тосгоны оршин суугчид онгоц маш доогуур нисч байсныг гэрчилсэн юм. 100 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай Супержет онгоцыг Оросын нисэх онгоц үйлдвэрлэгч компани Азийн орнуудад худалдахаар төлөвлөж байсан юм.
Н.ЭНХ