Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй

Идэр их мөрний хөвөөнд ирэхүйд сэтгэл нэгэнтээ яруусч, ер бусаар цэлмэн гийдэг юм. Ямархан хувь заяаны ерөөл байдаг юм бол доо гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь бий. Хаврын хаварт, улирлын сайханд хоёр хутагтын нутагт дөрөө мулталж, Идэрийн голын уснаас амсч, Бөхөн шарын нурууны салхинд адислуулан, тарнийн гэгээ цацруулсан мөнгөлөг уулсынх нь тэргүүн өөд сүслэн залбирах минь хэн хүнд олдоод байх хувь тавилан биш шүү. Тийн бодох ахуйд энэхэн насны амьдралаа улам хайрлаж, уул шиг дүнэгэр ахын минь, утгын яруу ертөнцөд ангир шиг ганганан ирж буй алтанхан он цагийн минь хишиг буян даа хэмээн сүслэх ажгуу.

Энэ л ариун дагшин газарт гүйгүүл морин адил олоон бээрийн газраас суналзтал хатируулсаар ирэхэд нуруу тэнийх шиг болдог. Ертөнцийн хязгаараас хоёр сугаа холготол дэвсээр ирсэн шувуудын даль жигүүр нь хэрхэн амсхийж буйг бие, сэтгэлээрээ мэдэрдэг юм. Цаг хугацааны бүхий л нандин хэрчлээсийг өөртөө шингээн урсах Идэрийн гол дотоод сэтгэлийн минь орон зайг ер бусаар тэлдэг билээ. Номын авшиг шингэсэн уулс нь оюун санааны, гэрэл гэгээний хүлэг морин мэт санаа бодолд эргэцэн байдаг даа.

Их Нацагдорж “Үзэгдээгүй юм” хэмээх сонгомол туурвилдаа Идэрийн голыг зүгээр ч нэг сонгоогүй, Идэр мөрөн гэж зүгээр ч нэг тодотгоогүй, тусгаар Монголын их хаан Богд Жавзундамбын арван гурван тамгатай хутагтын хоёр нь болох Хамба гэгээн, Ялгуусан хутагтууд энэ л газар усанд номынхоо хүч, ер бусын ид шидээр зүгээр ч нэг гэрэлтэн оршоогүй биз ээ. Лутын Лхагважав хэмээх ном эрдмийн гэгээ цацруулсан сайхан хүмүүн тэр л голын хөвөөнөө мэндэлж, хичнээн мянган шавь нартаа даль жигүүр ургуулаад өврөөсөө шувуу шиг нисгэсэн бол оо. Тэгээд л тэрхүү буурал багшийн авшиг бид бүхэнд ирж, “Лхагважав сан”-гийн нэрэмжит эх хэл бичгийн чуулганд утга зохиолын өнөө цагийн луугарууд, бичгийн мэргэд дорноос мандах нарны түмэн цацраг лугаа урилга өвөртөлсөөр жил бүрийн хаврын сүүл сараар хангайн нурууны ноёлог оргил Солонготын давааг өгсөх болсон нь цаанаа тун чиг нарийн учир зохилдлоготой буюу.

Өчүүхэн миний бие алдарт Солонготын давааг гуравдугаар ангийн хүүхэд ахуйдаа анх номноос нэрийг нь дуулж байлаа. Бүр тодруулбал, Буур аваргын ярианаас  юм. Балчир оюундаа тогтоож “Ямар гоё нэртэй газар вэ” хэмээн бодож байсан Солонготын даваа цаг хугацаа алсрах тусам, нуруун дээгүүр нь хязаалан үрээ шиг шуугин өнгөрөх бүрийд, тэргүүн юунд нь залбирч, хадган овоонд нь гурвантаа мөргөх бүрийд нэг л утга төгөлдөр санагдах болсон билээ. Буур аваргыг арван долоо, наймтай залуу Завхан аймгийн наадамд түрүүлчихээд буцаж явахуйд багш нь “Чиний бөхийн дэвжээ хол бий” гэж Солонготын даваан дээр хэлсэн түүхтэй. Нээрээ чиг Жамьян хүүгийн бөхийн дэвжээ хол байж, бүх Монгол даяар нэр алдраа цуурайтуулан, “Буур” хэмээн монгол бөхийн алтан хуудсанд нэршиж үлдсээн. Тэрхүү алдар хүндийг, төрийн наадмыг хэдэнтээ магнайлах хүч чадал, ааг омгийг нь анхны багш нь харж мэдэрч байжээ. Түүн лүгээ адил Солонготын давааг өгсөх бүрийд молхи надад, чиний яруу найргийн дэвжээ, бүтээл туурвилын, хүн чанар хийгээд мөн чанарын дэвжээ, оюун билгийн тань жигүүр уулын гол шиг садрах тэр цаг мөн чиг хол байна даа гэж элчилгүй хөх тэнгэрийн уудмаас хэн нэгэн шивнэх шиг, эрин цагийн босгон дээр дэргэд минь уул мэт нөмөрлөн зогсоо Лхамсүрэнгийн Төрбаяр ах маань нүдээрээ, дотоод ахуйнхаа нандин шижмээр шивнэн хэлэх шиг болдог юм аа. Ийм л нэг далдын энерги, гэгээн тэмүүлэлд хөтлөгдөн, яруу сайхны цаглашгүй онгод авьяасаар бадарч, сэтгэлийн дуудлагаар Солонготын давааг давах болжээ. Ямархан хувь заяаны ерөөл билээ гэж бичил туурвилынхаа эхэнд уулга алдсан минь ийм бүлгээ.

Тэр нэг жил, Их Явуугийнхаа ерэн жилийн ойн яруу найргийн чуулганд оролцохоор утга зохиолын үе үеийн лидерүүдтэй хамт энэ сайхан давааг өгсөж зургадугаар сарын хорьд гэхэд тэргүүн юун нь мөнгөн ембүү шиг цавцайж байсан цаг мөчид овоонд нь чулуу нэмж, бодолдоо шүлэг хэлхэн явсан цаг минь  дурдатгалын хуудсанд дурайж л байна. Солонгот даваад л хутагтуудын нутаг руу, Их Явуугийнхаа нутаг руу, Богд Очирваань хайрхан руу, Идэр их мөрөн рүү ойртож, уулсын салхи савир, ер бусын эрчимлэг долгионд алгадуулан зүрх сэтгэл мөнгөрөн гийж, түмэн зулын гэрэл лугаа бадамладаг юм аа.Энэ удаа мөн чиг утга төгөлдөр сайхан хүмүүстэй хангайн нурууны оргилд эрдэнийн шигтгээ адил солонгорсон давааг нуруулдаж явна аа. Тэдгээр сайхнуудын нэгэн бол бичгийн их хүмүүн Гомбожавын Мэнд-Ооёо. Наран зүг Сүхбаатарын Онгон, Дарьгангаас тодорсон олон авьяас билэгтнүүдийн нэгэн. Монголын утга зохиолд Алтан-Овооныхоо хөлгөн их судрыг мөнхөлж, Монголын ард түмнийг Мэгжиджанрайсиг шүтээнтэй болгон мөнхжүүлж, Монголын их утга зохиолыг  Их Явуу багшийнхаа даалгавраар дэлхийн тавцанд гаргасан найрагч бол яалт ч үгүй Мэнд-Ооёо юм. Тэрээр Идэрийн голын хөвөөнд хоёр дахиа, харин эх хэлбичгийн чуулганд анх удаа зорин ирж буй нэгэн.

Явуу багшийнхаа ойд ирэхдээ Идэрийн хөвөөнд найрагч нөхдийн хамт чуулалдаж, Сэвжидбалбар хайрханы өвөр, Ногоон нуурын эрэг дээр хоноглосноо дурсан, төө илүүтэй сугсарсан ногоон дээр цавцайтал цас дарсныг хараад гайхаж, үндсэндээ Идэрт дөрвөн улирлын өнгийг нэгэн дор үзсэнээ бахдан ярьж явсаан. Түүний ярианы гол сэдэв эл удаа Говийн тавдугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа байв аа. Мань хүн догшин хутагтын тухай нэгэн туурвилыг бүтээчихээд, Хамрын хийдэд гэгээнтэн шиг сар жилийг үдчихээд, Равжаагийн зуун найман агуйд даяанч шиг хэдэнтээ бясалгачихаад дотоод сэтгэлээрээ тийм гэж хэлэхийн аргагүй гэгээрчихээд тэргүүн юунаасаа гэрэл цацруулан явж буй нь энэ. Бас сонин юм шүү. Равжаа хутагтын шастираа  хэвлэлд өгөн, оюун билэгт ард түмнээ Говийн догшин ноён хутагттай дахин учруулчихаад хоёр хутагтын нутгийг зорьж явна гэдэг. Эндээс л Монголын их хутагт гэгээдийн гурамсан сүлжээ мэдрэгдэж, Мэнд-Ооёо найрагчаар дамжин бид бүхэнд номын ид шид, тарнийн гэгээ гэрэл хуралдаж байлаа.Бидний хүлэглэсэн ганган хар жийпэнд Цогдоржийн Бавуудорж найрагч мөн заларч яваа.Мэнд-Ооёо Бавуудорж хоёрын хооронд бас нэгэн нандин шижим буйг молхи би эртнээс мэдэх юм. Эл хоёр эрхэм багш шавийн барилдлагатай. Цаана нь ч бас өөр барилдлага бий. Тэр бол Явуу юм. Дорнын их найрагчаар анхны номоо өлгийдүүлсэн азтай хүмүүсийн нэгэн нь Дөнгөтийн Цоодол, Гомбожавын Мэнд-Ооёо нар. Дөнгөтийн Цоодол абугай хаврын хаварт мөн л Идэрийнхээ хөвөөг зорьдог нэгэн. Үсэн буурал Урианхайтайгаа нийлж аваад л хөл хөөр инээд хөгжөөн болохыг нь яана. Төв аймгийн Бүрэнгийн их уулс, Булган хангайн Чачиртын хүрлэгэр уулс үүлстэйгээ хамт Идэрийн голын хөвөө рүү нүүж байна уу гэмээр мөн чиг сүртэй явна шүү дээ, тэр хоёр. Уран зохиолын өргөөнөө далаад онд дуу шуутайхан орж ирсэн, энэ цагийн ноён оргилууд юм аа. Д.Цоодол найрагч энэ удаа өмнөд Монголоо зориод эзгүй байсан учир аяны дөрөө нийлсэнгүй ээ.

Нэгэн мянга есөн зуун ерэн нэгэн онд Дарьгангын шадар гурав болох Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар, Гомбожавын Мэнд-Ооёо нар найрагч нөхдийн хамтаар хангайн нурууны ноён оргил мөнх цаст мөнгөн залаат Отгонтэнгэр хайрханд очиж мөргөсөн байдаг. Алтан-Овооны мөнгөн ганжирын гол сорогшинг хангайн нурууны, Отгонтэнгэрийн модоор хийсэн юм гэнэ лээ. Түүнээс ч болдог уу, эс бөгөөс Отгонтэнгэрийн өвөр дэх Бадархундага нуур, Алтан-Овооны өвөр бэл дэх Ганга нууртай газар доогуур холбогддог учрал ерөөлийг ч бодсон уу, за тэгээд мэдээж Их Явуугаа дурсан Дарьгангын гурван найрагч Отгонтэнгэрт сүслэн мөргөсөн байна. Тийн явах үед найрагчдын багт нэгэн горзгор туранхай бор хүү нийлж, уянгын шүлгүүдээ уншин утга зохиолын цээжний хэдэн морьдод үнэлэгдсэн нь Ц.Бавуудорж байсан бүлгээ.Энэ тухай Г.Мэнд-Ооёо найрагч шавийнхаа “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” хэмээх номын өмнөтгөлд бичсэнийг санаж байна.Ооёо ахын нургисан зөөлхөн дууг сонсож, Равжаа хутагтын гэх тодотголтой ногоон хаш аяганаас нь аршаан хүртэн явахдаа эл бүхнийг эргэцүүлж байлаа.

Унаа машинд бас нэг ланжгар амьтан ханайх нь энэ л Завхан нутгийн хүү, Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн доктор Дашлхүмбийн Галбаатар ажгуу. Эрхэм доктор бас л сэтгэл хангалуун, тийм нэг айван тайван говийн намар шиг ханайж явна. Учир юун гэвэл гучин жилийн хүч хөдөлмөрөө зарцуулж, билэг оюунаа түймэрдэн байж бүтээсэн уран зохиолын толь бичгээ эх барьж авсан. Галаа багшийн гучин жилийн хөдөлмөр гээд бодохоор үнэхээр дүнэгэр сонсогдож байгаа юм. Түүний бүтээл туурвилын тухай хэдхээн хоногийн өмнө манай сонин дээр Долгорын Цэнджав доктор “Монголын уран зохиолын анхны нэвтэрхий толь” хэмээн ямар ч гаргалгаагүй болтол бичсэн учир энд илүүг нуршихын хэрэг юун.

Ийм л нэг данайсан амьтадтай суудал зэрэгцэж Идэр голын хөвөөнд, эх хэл бичгийнхээ чуулганд ангир шиг ганганан ирэв дээ. Долоо, найман жийп Идэрийн голыг өгсөж явна. Их Урианхай захирлаа бараадчихаад тун чиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Захирал нь мэдээж “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр. Аугаа их Урианхайг оюун санааны зөвлөхөөрөө авсан хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Ямар ч л байсан бичгийн их хүмүүн Урианхайд “Шинэ Ази” групп сард нэг сая төгрөгийн цалин өгч, тусдаа өрөө гарган суулгаж, өглөө оройд сайд шиг машинаар үйлчлэх бүлгээ. Оюуныг ингэж л дээдэлдэг хамт олон. Д.Галбаатар докторын олон жилийн хөдөлмөр шингэсэн ихээ зузаан бүтээлийг, Ц.Бавуудорж найрагчийн “Хүннү туульс”, энэ цагийн нэгэн өнгө болсон содон нийтлэлч, зохиолч Баастын Золбаярын “Бүгээн” тэргүүт жинтэйхэн бүтээлүүдийг  “Шинэ Ази” групп, түүний захирал Л.Төрбаяр, Мэндээ нар олонд хүргэж байгаа. 

Идэрийн голоо өгсөн Их-Уулын хүрэн тэрмэгэр уулсын суга бэлээр давхиулсаар Тосонцэнгэл суманд Д.Энхтайван ахынд хүрч ирлээ. Идэр орох замд эднийхээр заавал ч үгүй дайрна шүү. Хүрч очсон гэрийн эзэн, Төрөө захирал хоёр сэтгэл зүрхний сайхан андууд. Очих бүрийд үхрийн хатсан хавирга чанаад бэлдчихсэн, шинэ гарсан идээ цагаагаар хайлмаг хийчихсэн, үнээний шинэхэн уураг дөхүүлээд тавьчихсан, зарим үед хурга ишгээ хөнгөллөө гээд тогоотой халуун засаа уур савсуулчихсан хүлээж байна. Энэ удаа ч ялгаагүй ээ. Энхтайван ахынд түрхэн зуур дөрөө мултлах ахуйд олон ч хүн босгыг нь алхлаа. Дандаа л таньдаг, мэддэг, гурамсан чөдөр шиг хүрэн эрчүүд. Бүгд л Төрбаяр ахдаа ирж золгоно, Урианхайд, өнөө олон зохиолч, эрдэмтдэд бас үнсүүлээд авна. Түүнийгээ Далай багшаас адис авсан мэт тэнгэрлэгээр бодох нь сайхан. Яриа хөөрөө энгийн задгай, зочилсон айлынхаа хоймрын орон дээр зарим нэг нь хажуулчихсан, орны урдуур Урианхай ах хөлөө жийгээд суучихсан, Ооёо ах гэрийн эзэгтэй¬эй тав гурван үг сольсон шигээ аанай сууж байтал сүр пар хийгээд нэг хүн ороод ирсэн нь улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалан. Завханы Их-Уулын уугуул тэрээр Тосондоо аж төрж байгаа ажээ.

Нэг их том гүзээтэй, сүр бараатай бүдүүн улаан нөхөр чинь аавдаа золгож байгаа хүүхэд мэт Төрөө ахын өмнө бохирч суух нь холгүй байж үнсүүлээд авлаа. Гэснээ байшингийн хананд өлгөөтэй хивсийг аваад нөмөрчихсөн мэт далбайсан том хар савхиныхаа  халааснаас эртний хэт хутга, хуучны хийцтэй мөнгөн цохилуур зэргийг гаргаад ахдаа барьчихав. Тэгээд л үг дуугүй алга боллоо.Салхи шуурга дэгдэх шиг ороод гарсан түүний хойгуур инээд хөөр болох нь тэр ээ.Бат-Амгалан начин хаа л явна олныг инээлгэж хөгжөөдөг увдистай. Нэг удаа мань эр Тосонгийнхоо төвд мотоцикльтой давхиж явж. Тэгтэл шүгэл тасхийгээд цагдаа зогсоочихож.Хамгаалалтын малгайгүй явж байна хэмээн зэмлэсэн байна. Хариуд нь манай нөхөр “Чи намайг бодоход боловсролтой сэхээтэн хүн. Миний энэ толгойд хамгаалалтын малгай таарах уу, чи бод доо. Би ямар ванн углаад явж байлтай нь биш” гээд амыг нь таглачихсан гэдэг. Бат-Амгалан гэж ийм л нэг хөөний хүн хөдөөдөө байна.Уул нь ерээд оны эхээр шуугиулж явсан залуу хүчтэнүүдийн нэг сэн.

Тосонцэнгэлээс хөдөлж Тэлмэний Хүрэн талын хөндийгөөр галигуулаад Идэрээд өгснөм. Лутын Лхагважав багш өнөө л хуучин бүрхээ духдуулан, улаан шаргал дээлээ эгэлдэргэлж, сумын засаг ноёд, сургуулийн захирал гээд баахан олон дарга нарыг дагуулчихсан, хоёр ногоон “жаран ес” таширлуулаад Бөхөн шарын нурууны яг чигтээ ард Идэрийн голынхоо хөвөөн дээр угтлаа. Жилийн жилд л ийн угтдаг билээ.Унаа машинаас буухуйд уулсын эрчимлэг салхи оюун бодлыг цэлмүүлэн үлээж, Бөхөн шарын нурууны наагуур адуу мал энгэрлэн налайн, Туна, Жаргалантын голын эхэнд хаваржиж буй хэдэн цагаан гэрээс хөхөлбий утаа суунаглана.Голын хөвөөг даган бэлчээрлэсэн хонин сүргийн дэргэд ухаа хонгор морьтой хүүхэд чавхдан ирж байгаа нь дотнохон дүр зураг даа. Хоёр талынх нь эрэг тэр чигтээ мөнгөрөн талстаж, Идэрийн гол мөсөн хананы дундуур тун чиг дөлгөөхөн мэлтэлзэж байна аа. Тэртээд Сэвжидбалбар хайрханы орой цавцайж, ихэмсэг тэргүүн өөд нь хараа бэлчээхүйд нэг их тэнгэрлэг бодол бие сэтгэлийг минь булхаад авах нь бий. Идэрийн хөвөөнд ирэхүйд ийм л тэлмэгэр байдаг даа.

Эх хэлбичгийн чуулган эхлэх өглөөний наран урьд урьдынхаас илүүтэйгээр тийм нэг гоёмсгоор мандав шүү. Идэрийнхнийг нөмөрлөн орших бидэрт халиун уулсын  тэргүүн дээрээс энгэр бэл рүү нарны туяа нэвчин урсах нь тэр ээ. Нэг мэдэх нь сумын төвийг гэгээ гэрэлдээ булхуулж, үүр цүүрээр л сургуулийн гадаа цугласан хүүхэд багачуудын алиман хацар улмаа туяараад ирэх ажгуу.Уул нь бол нар манддагаараа л мандаж, орчин тойрноо гэрэлтүүлдгээрээ л гэрэлтүүлж байгаа. Энэ өглөөний наранд илүү нэг ч цацраг байхгүй. Харин эх хэлнийхээ баярт алсаас зорин ирсэн олны  хүсэл тэмүүлэл, хөөр баяр, нарны туяатай сүлэлдэн зангилагдсан учир хүн бүрт арай л тунгалгаар мэдрэгдсэнийх биз ээ. Арваннэг дэх жилдээ болж буй чуулганд Алтайнхан Дарвийн нуруугаа даваад ирчихэж. Лутын Лхагжав багшийн нэрэмжит эх хэлбичгийн баяр анх зохиогдохдоо зөвхөн Идэр сумынхаа хүрээнд болдог байсан гэх. Дараа жилээс нь зэргэлдээ сумын “морьд” шандсаа сорьж эхэлсэн бол өнөө жил Завхан аймгийн сумдаас гадна Говь-Алтай, Хөвсгөл, Эрдэнэтийн багш сурагчид дөрөө мулталлаа. Увс аймгийн наад талын сумдаас ч мэдүүлэг юугаа өгсөн дуулдана.Тэгэхээр яалт ч үгүй баруун бүсийн даншиг болох нь тодорхой шүү.

Газар газрын шигшмэл хурдууд цуглачихсан наадмын өглөө ямар байдаг билээ дээ. Бие сэтгэл өөрийн эрхгүй хөвсөлзөөд л ирдэг сэн.Түүн лүгээ адил Идэрийн сургуулийн дан цагаан байшингийн гадаа сургууль сургуулиараа, сум сумаараа, аймаг аймгаараа ялгарсан олон эх хэлбичиг, түүх соёлынхоо төлөө далай их сэтгэлээр найрсан нэгдсэн нь энэ. Завхан аймгийн Улиастай хотын “Жавхлант” цогцолбор сургуулийн багш Лайханжавын Батцэцэг эрдмийн баярыг нээлээ. Эл даруухан бүсгүй өнгөрсөн жилийн аварга юм. Тодруулбал, түрүү жил мэргэжлийн багш нарын уралдаанд магнайдаа тоосгүй ирж Лхамсүрэнгийн Төрбаяр захирлаас нэг сая төгрөг, алтан цом, мөн нэг сая төгрөгөөр бүтсэн “багш дор мөргөмү” хэмээх цул эрдэнийн тэмдгийг нүдэндээ нулимстай гардан авч байсан нэгэн. Яруу найргийн хамгийн том баяр “Болор цом”-ыг өмнөх жилийнх нь түрүү найрагч, эгшиглэнт Янжинлхамын эзэн нээдэг. Ийм нэг нандин уламжлал Идэрийн голын хөвөөнд эх хэлбичгийн чуулганд давтагддаг байна.Номын авшиг шингэсэн баяр гэдэг цаанаа ихээхэн утга учиртай, ямар нэгэн эрх ашиг өвөрлөөгүй, сонгууль энээ тэртэй бүр чиг холбоогүй нь сайхан юм.Түүнээс жилийн жилд гуч, дөчин сая төгрөг зараад багшийнхаа нэрэмжит наадмыг зохион явуулж буй “Лхагважав сан”-гийн тэргүүн эхлүүлж болох шүү дээ.

Идэр бол билэг оюун, хүч чадлын аль ч гаргалгаанаас харсан идэрхэн хөвүүд төрдөг тэнгэрээс тэтгэгдсэн газар ус гэдэг нь хэнбугайд ч анзаарагдана. Монголын утга зохиолын сонгомол нэгэн туурвигч Пүрэвжавын Баярсайханы зохиол бүтээлийг уншаагүй хүн ховор. “Хөх туурийн тал”, “Анир гүм нутаг”, “Гэрэл гэгээг хүснэ”, “Гүн ертөнц”, “Сармагчин бол сармагчин” тэргүүт шилдэг бүтээлүүд нь цаг хугацаа алсрах тусам улам л үнэд орж байна. Эл эрхмийг Монголын топ таван зохиолчийн нэгээр Гун-Аажавын Аюурзана нэрлэсэн нь бий.Түүнийг төрийн шагнал авалгүй хорвоог орхисонд ихэд харамсдагаа ч нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгээд Ванчинбалын Инжиннаши, Дашдоржийн Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ нартай эн зэрэгцэх сонгомол зохиолч гэж олондоо зарласан. Утга зохиолын нэртэй шүүмжлэгчид, ялангуяа Дашлхүмбийн Галбаатар доктор тэр жил өндөр Баяраагаа Явуугийнхаа хэлснээр “Цаст цагаан уул”-ыг эзэгнэлээ гэж бичээд зарим нэгнийх нь дургүйг хүргэж байсан удаатай. Гурав, дөрвөн жилийн өмнө байна уу даа, төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов “Лхагважав сан”-гийн урилгаар зохиолч нөхдийнхөө хамт Идэрт ирчихээд нэг их хайлган дурсамжийг үлдээсэн түүхтэй.

Тэр нь өнөө л Пүрэвжавын Баярсайхантай холбоотой юм.“Баяраа бид хоёр Идэрийн гол руу хамт явна гэж удаа дараа ярьдаг байсан ч чадаагүй, үүлэн сүүдэр заагласан. Нөхрийн бие эзгүй ч сэтгэлийн гүнд надтай хамт ирлээ” гэж өгүүлээд хаврын тэр нэг орой “Дорнын цагаан сар”-аа одод чуулалдах үед дуулсан гэнэ лээ. Тэгэхдээ мань хүн сумдаас ирсэн залуухан багш бүсгүйчүүдтэй хөтлөлцсөн шигээ, сарны саруулхан гэрэлд хундага харшуулсан байдаг.

Өндөр Баяраа зохиолчоос гадна Дамдинсүрэнгийн Алтангэрэл, Алтанхуяг гэж ах дүү хоёр бий.Өөрсдийгөө “Ялгасангийнхан” хэмээн тодотгодог байсан эл хоёр эрхмийг манайхан бүтээлээр нь мэднэ ээ. Алтангэрэл агсан Английн Лийдсын Их сургуульд боловсрол эзэмшсэнийхээ дараа “Монгол ардын үлгэрүүд”, “Монголын орчин үеийн яруу найраг” бүтээлүүд болон “Учиртай гурван толгой” дуурийг англи хэл рүү хөрвүүлж олон улсын тавцанд Монголынхоо сод туурвилыг гаргасан гавьяатан. Гэвч түүний энэхүү гавьяа цагийн шуурганд үнэлэгдээгүй өнгөрчээ. Хэзээ нэг өдөр англи хэл моодонд орно, моод ч юу байхав, бид бүхний аминд орно, дэлхий нийтийн хэрэгцээ болно гэдгийг Идэрийн хөвүүн ихээ эрт ухаарсан байна. Талхныхаа мөнгийг яая гэж байх хүнд бэрх цагт ч тэр орчуулгаасаа, толь бичиг гаргана гэх чиг шугамаасаа хазайсангүй. Ерөөс ахуй амьдралаа орхиж англи хэлний төлөө зүтгэсэн. Гэвч түүний хичээл зүтгэл өнгөрснийх нь дараа л биелсэн болов уу. Ерэн гурван онд Монголын анхны “Англи-монгол толь бичиг”-ийг зохиож, түүний дараагаар хичнээн боть гаргав.Хичнээн олон мянган залуус Алтангэрэлийн толийн буянаар зүг чигтэй болов. Одоо чиг Их сургуулийн багш нь ч, энгийн нэг оюутан нь ч түүний тольтой л зууралдаж байгаа. “Идэрийн голын хөвүүний зохиосон “Англи монгол толь бичиг” нь Монголын хэл шинжлэлийн түүхэнд үзэгдэл болсон бүтээл юм” гэж мэргэн гүүш Готовын Аким дуу алдсаныг энд шигтгэе.

Дамдинсүрэн хувилгааны бас нэг чөмөгтэй хөвүүн нь Алтанхуяг найрагч. Мөнхүү орчуулагч. Л.Кэрраллын “Алиса гайхамшигт оронд аялсан нь”, Э.Хэмингуэйн “Климанжорагийн цас”, Ференц Карентигийн “Будепешттийн хавар” тэргүүт дэлхийн гайхалтай зохиолуудыг ард түмний оюун санд бэлэглэсэн. “Сэтгэлийн дуу”-гаас аваад яруу найргийн бүтээлүүдийг нь Мишигийн Цэдэндорж найрагчаас улбаалаад олон хүн үнэлсэн нь бий дээ. Идэр бол ийм л мэргэдийн өлгий еэ.

Эх хэлбичгийн баярын үеэр уригдсан зочдыг Бөхөн шарын нурууны оройн салхинд адислуулж, хийморь лундааг нь сэргээдэг бичигдээгүй хуультай. Бөхөн шарын нуруунаас долоон хошууны нутаг харагддаг гэдэг. Тунын гол, Жаргалантын голыг хөндлөн огтолж, Идэрийн голын урдуур давхиулсаар нуруу өөдөө мацна. Бэлийнх нь салхинд илбүүлэхэд л бие сэтгэл ариусах шиг болдог нь гайхмаар. Сэтгэл санаа дагаад тэр болов уу. Гэхдээ Хамба номун хан өөрөө тахин, ид шидийн тарнийн увдисаа тэнд л гаргаж, тэнгэрээс ер бусын энерги оюун бодолд нь хуралдахыг мэдэрч, эгэл ардуудтайгаа Бөхөн шарынхаа нуруун дээр морьдоо уралдуулж, бөхөө барилдуулж байсан түүхтэй шүү дээ. Үнэхээр эрийн хийморь сэргээсэн, номын буян хуралдуулсан ариун бумбын орон юм аа. Бавуу найрагчийн хэлснээр “…Салхинаас нь тарнийн аялгуу сонсогдоод, нарнаас нь арцны үнэр сэнхийгээд нэг л сайхан даа”. Бөхөн шарын нуруу өөд өгсөж явахуйд халиурсан шаргал талд яргуй нүдлэн цэнхэртжээ.Бүр нэг дуу алдмаар сайхныг нь яана.

Яргуй нүдэлсэн яруухан цаг мөн дөө гэх бодох агшинд дүнэгэрхэн нурууны баруун урдаас нар зөв хурайлан давхиулсаар тэлмэгэр магнай дээр нь гараад ирлээ.Хадаг яндар, судар ном нь уулын оройн салхинд илбүүлэн цаад тэнгэрийнхээ өнгөтэй ууссан хоёр овоо, дундаа “Бөхөн шарын нуруу” хэмээх дуун хөшөөтэй гурвуул чандманилан ханайсаар өмнөөс угтав.

Машинаас буухуйд тэнгэрт ойртчихсон мэт гэгээн бодол төрж, бүрх малгайгаа салхинд хийсгэн араас нь хөөцөлдөх үест газраас жингүйдэн буйгаа мэдэрсэн дээ. Монголынхоо нэгэн сайхан уулын оройн салхийг залгилж, хангайн нурууны дөрвөн зүгийн уудмыг хоёр нүднийхээ дуран авайгаар байтугай, сэтгэл зүрхнийхээ мөн чанараар нэвт харах хувь байж шүү. Ийн бодох ахуйд уярлынх ч байна уу, утгынх ч байна уу, ухаарлынх ч байна уу, ямар ч л байсан хоёр нүдний нулимс сувдраад ирсэн дээ. Хоёр мянга долоон оны зуны эхэн сард Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутгаар дайран өнгөрөхдөө тэр их аагим халуунд, хайлмагтсан мэт элсэн дээр сөхөрч суугаад Бурханбуудай хайрханд залбирснаа, гэв гэнэт хоёр нүдийг минь нулимс бүрхсэнд гайхсанаа мартдаггүй. Түүнээс хойш баруун Алтайн их уулсыг үзээд, Алтан-Овоонд сүслэн мөргөөд, газрын дундад диваажин Ханхөхийг зорин очихдоо нүдэндээ нулимстай явж билээ.Гэтэл Бөхөн шарын нуруун дээр өөрийн эрхгүй нэгэн цагийн бөглөө гардаг байна шүү. Манайхан ярьдаг даа, энэ үрээний бөглөө одоо л нэг гарч байна гэж.Надад үнэндээ тийм байсан.

Ханайсан сайхан эрс зэргэлдээх хоёр овоонд, мянган километ¬рийн цаанаас ачиж авчран кранаар буулгуулан байж цогцлоосон дуун хөшөөний өмнө хэдэнтээ сунан мөргөсөн. Бөхөн шардаа хүслээ шивнэсэн. Данзангийн Батжаргал гэх Идэрийн идэрхэн арслан бүр чиг сүсэг бишрэлтэй байна. Их овооны өмнө маани хөгжөөн суугаа Ойдовын Бадмаадорж хувилгааны хажуу бөөрөнд завилаад суучихаж.

Тэрээр өнгөрсөн зуны наадмаар дөрөв давж начны даваанд Б.Ганбат арсланд унасан. Улсын цолонд тун ойр яваа нэгэн. Өнгөрсөн жилийн наадамд Идэрийн галтайхан хоёр хүү начны даваанд нэрээ дуудуулсан нь Ширбазарын Жаргалсайхан, Данзангийн Батжаргал нар. Жаргалсайхан нь уран барилдаант, идэр залуу хүчтэн Өлзийбатын Даваабаатар харцагаар тав давж начин цолыг хүртэн олон жил хүлээсэн түмнийг баярлуулсан. Гуч, дөчөөд оны үед Идэрийн хүчтэнүүд төрийн наадамд бахтай байлаа.“Хамбын бор” хэмээн дуудуулж энэ л Бөхөн шарын нуруунаас бөхийн гараагаа эхэлсэн “Урт гарт” Маамын Лхагва арслан аваад олон хүчтэнүүд бий.

Хөвсгөл аймгийн Боловсролын хэлтсийн дарга Н.Баатар-Очир идэрхэн багш нараа дагуулаад ихэд сүсэг бишрэлтэй иржээ. Тэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул нэгэн юм байна. Нутгийнхаа зүг хараа сунгаж, тэртээд цэнхэрлэх уулсаа харж зогсоно. Ер нь олон хүн өөрийнхөө уулсыг эндээс олж харсан. Салхинд алгадуулан, дотоод эрчим хүчээ ер бусаар хуралдуулан зогсох үед баруун урд зүгт, тэртээд тэнгэрт цайлалзан Отгонтэнгэрийн бараа харагдлаа. Үгүй ээ, мөн сайхан аа. Хангайн нурууны ноён оргил цаст Очирваань хайрханаа Бөхөн шарын нуруун дээрээс тольдоно гэдэг. Өөрөө хүч хөдөлмөр гаргаж, төсөв санхүүг нь дааж, Хамба гэгээнийхээ сүншигтэй энэ л ариун дагшин газар дуун суварга босгон Идэрийн хөвүүн Л.Төрбаяр гэрэлт хөшөөний өмнө бахдалтайхан сууна аа. Тэрээр Цогдоржийн Бавуудорж, Тогтохын Сэр-Од хэмээх авьяас билэгт эрхэм хоёр дүүгээ дэргэдээ суулгачихаад мөн чиг долгилонгуй байна. “Бөхөн шарын нуруу” дээрх хоёр авьяас билэгтний бүтээл гэдгийг манайхан мэдэх билээ. “Морин хуур” наадмын тэргүүн дуугаар тодорсныг ч мэднэ. Төрт ёсны баяраар уг дуу эгшиглэхүйд нэг л гэгээн бодол төрдөг нь юуных бол оо. Нүднийхээ мананг арилгаж, сэтгэлийн ариуслыг дээд зэргээр мэдэрчихээд Бөхөн шарын нуруунаас буусан даа.

Их уулсынхаа салхинд хийморь лундаагаа сэргээсэн харчуул сумын төвийн улаан буланд ирж мэдлэг боловсрол, авьяасаараа тодорсон багш сурагчдад шагналыг нь гардуулсан юм. Хамгийн гол шагнал болох мэргэжлийн багш нарын төрөлд тэргүүн байрыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын багш О.Сүнжидмаа тодров. Тэрээр улсын уралдаанд мөн тэргүүлжээ.Аварга бол аваргаараа л байдаг ажээ.Түүнийг шалгаруулж буй эрхэм докторуудын үнэлгээ мөн ижил байдаг ажээ. Сүнжидмаа багшид нэг сая төгрөг, алтан цом, “Багш дор мөргөмү” хэмээх цул эрдэнийн тэмдгийг  боловсролыг дэмжигч “Лхагважав сан”-гийн тэргүүн гардуулсан. Түүний ард Орхон аймгийн Бүрэнтогтохын Нямсүрэн, Хөвсгөлийн Галтын Алтангэрэлийн Цэрэнхүү нарын багш нар цулбуурдуулж, өндөр шагналын эзэд боллоо.Мэргэжлийн багш нарын тэргүүн шагналын санг ирэх жилээс нэг сая бус арван саяд ч хүргэх бодол байна гэж Л.Төрбаяр захирал хэлэхүйд уухайлсан олны дуу, хөөр баяр улаан булангийн дээврийг зад татах дөхсөн шүү. Ийнхүү баяр бахдалаар халгиж, билэг оюунаар жигүүрлэн, номын гэгээ гэрэл, их уулсын сүр хүчинд алгадуулан хэдэн өдрийг Идэрийнхээ хөвөөнд өнгөрүүллээ. Салхи нь зуу зуун жилээр тарнийн шидийг оршоосон билэг төгөлдөр нутагт улирлын сайханд ирээд буцахуйд нас хэдэн жилээр уртсах хувийг олдог билээ.

Н. ГАНТУЛГА (“ӨДРИЙН СОНИН”)

ЗАВХАН АЙМГИЙН ИДЭР СУМЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН АХМАД БАГШ, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Лу.ЛХАГВАЖАВЫН НЭРЭМЖИТ “БАГШ ДУР МӨРГӨМҮ” ЭХ ХЭЛНИЙ УЛАМЖЛАЛТ ОЛИМПИАДЫН ДҮН – 2012


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж