Нийслэлийн өнгө төрхийг илтгэх замын шинэчлэл эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Нийслэлийн өнгө төрхийг илтгэх замын шинэчлэл эхлэв

Аливаа орны нийслэлийг олон улсын нисэх онгоцны буудалтай нь холбосон
зам тухайн улсынхаа хөгжлийн нүүр царай болж байдаг. Манай улс сүүлийн
жилүүдэд эрчимтэй хөгжлийн замдаа орж, Улаанбаатар хотын өнгө өдрөөс
өдөрт шинэчлэгдсээр байгаа энэ үед нисэх буудал чиглэсэн замыг нэг
талдаа 3 эгнээ бүхий орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажил
өнөөдрөөс эхэллээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд
хэрэгжүүлэх томоохон төслийн нэг бол Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн
товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх хатуу
хучилттай 13,7 км авто замын ажил. Яармагийн гүүрнээс Нисэх буудал
хүртэлх зам нь 1961 онд баригдаж, 1968 онд хатуу хучилттай болгосноос
хойш засвар хийгдээгүй өдий хүрсэн бөгөөд одоо тусгаарлах зурвас бүхий 2
зорчих хэсэгтэй, 6 эгнээтэй, нийт 28-46 м өргөн болгож бүрэн шинэчлэх
ажлын нээлт өнөөдөр болж, тендерт шалгарсан гүйцэтгэгч ажилдаа орлоо.
Энэхүү зам нь олон улсын нисэх буудлыг нийслэлтэй холбосон төдийгүй
Улаанбаатар хотын баруун, зүүн талыг холбосон нэгэн шинэ зам болох Богд
уулын ар хормойгоор тавих замтай холбогдож, нийслэлийн замын хөдөлгөөний
ачааллыг бууруулахад чухал үүрэгтэй зам болно гэдгийг Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр энд хэлсэн үгэндээ
онцолсон. Өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн хотын дарга тус замын зураг
төсөл, трасттай газар дээр нь танилцан, графикийн дагуу хийгдэх бүхий л
ажлын бэлтгэлийг сайтар хангасан юм. Нийслэлд олон ажлыг чанартай хийж,
төсвөөс үзүүлж буй дэмжлэгийг үр ашигтай зарцуулж байгаа хотын
удирдлагуудад талархаж буйгаа гүйцэтгэх засаглалын тэргүүн тус замын
нээлтэд оролцож үг хэлэхдээ онцлон дурдсан. Төлөвлөсөн хугацаа ёсоор энэ
зам ирэх оны 10 дугаар сард ашиглалтанд орно. Улаанбаатар хотод
одоогоор томоохон хэмжээний 3 авто зам болон хороолол дундах замын
ажлууд хийгдэж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж