Уньт-Тариалангийн чиглэлд авто зам тавихаар боллоо | News.MN

Уньт-Тариалангийн чиглэлд авто зам тавихаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Уньт-Тариалангийн чиглэлд авто зам тавихаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Куветын сан хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Зээлийн хэлэлцээрийг баталснаар Булган аймгийн Уньт сумаас-Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэл 88.7 км хатуу хучилттай авто зам тавих ажил саадгүй болж байгаа юм. Кувейтын сангаас дээрх замыг барихад зориулж нийт 20.5 сая ам.долларыг 22 жилийн хугацаатай, жилийн 2.5 хувийн хүүтэйгээр олгоно.
Монгол Улсын Засгийн газрын хувьд Кувейтын сангийн энэхүү зээлийг 1996 оноос эхлэн авч, Дархан-Уул аймгаас-Эрдэнэт, Эрдэнэтээс-Булган хүртэлх хатуу хучилттай авто зам барихад санхүүжилт хийж иржээ.  Авто замын ажил ч урагштай байгаа тул Кувейтын сангаас зээлийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналаа дахин тавьж,  Уньтаас-Тариалан сум хүртэлх авто замыг санхүүжүүлэхээр болсон юм байна. Ингэхдээ тус сангийнхны хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дээр дурдсан чиглэлд авто зам тавина гэж үзжээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд зам барихыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч замын компаниудын ажил дэндүү цалгар, наазгай явж, бас чанаргүй зам ихээр барьж байгааг хатуухан шүүмжилсэн. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн санхүү эдийн засгийн хямралаар хаацайлж, үнийн зөрүү өгөхгүй бол зам барихгүй гэж унждаг. Тэгсэн атлаа тендерт оролцохдоо бүх нөхцлийг хангана гэж гарын үсэг зурчихсан байдаг гээд замын компаниудын “но”-той ажлаас багагүй дэлгэв.
Харин албаны хүмүүсийн тайлбараар бол манайд замын өртөг зардал өмнөд хөршийнхөөс 2-3 дахин бага аж. Тодруулбал, манайх нэг км замыг 300000 төгрөгт багтаан барьдаг. Өмнөд хөрш нэг км замыг 700 мянган төгрөгөөр барьдаг. Тиймээс тендерийн журмыг өөрчлөх шаардлага байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл, өнөөгийн тендерийн журамд хамгийн бага үнэ хэлсэн нь тендерт ялж, зам барих зөвшөөрөлтэй болдог нь үндсэндээ чанаргүй зам барих нэг үндсэн шалтгаан болж буй ажээ. Нөгөөтэйгүүр, замын өртгийг ийнхүү доогуур тооцдогоос гадаадын компаниуд Монгол Улсад зам тавих сонирхол байдаггүй. Уг нь зарим гишүүдийн хэлээд байгаачлан үндэсний компаниудаа жаахан тордоод өгчихвөл гадаадынхныг гуйлтгүйгээр авто замаа барьчих бүрэн боломж бий гэдэг ч суралцах зүйл бишгүйг энэ үеэр албаны хүмүүс бас хөндсөн юм.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын тайлбарласнаар буруу бүхнийг замын компаниудад үүрүүлэх нь учир дутагдалтай. Зам барихад шаарддаг түүхий эдийнхээ тавны дөрвийг гадаадаас авдаг аж. Гол “шаталт” авчирдаг бүтээгдэхүүн бол шатахуун. Тиймээс Тендерийн журам, импортын үнэ гээд бүхий л зүйл дээр шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа бас хэлээд авсан.
Хэдийгээр зам тойрсон маргаан багагүй үргэлжилсэн ч хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүх аймгийг хатуу хучилттай авто замаар холбоно гэж амласан байсан нь энэхүү зээлийн хэлэлцээрийг “ногоон гэрлээр” явуулахад чамгүй тулгуур болж, гар өргөн дэмжицгээсэн юм.
Биокомбинатыг бүрэн шинэчилнэ

Мөн өдрийн чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь гар өргөн баталсан хоёр дахь асуудал бол Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байлаа.
Хэлэлцээрийг соёрхон баталснаар Биокомбинатыг шинэчлэхэд зориулж 17.5 жилийн хугацаатай 25 сая ам.долларыг Унгар улсаас авах боломжтой болов. Зээлийн хөрөнгийг гурван жилийн хугацаанд ашиглаж дуусах ёстой.
Биокомбинат улсын үйлдвэрийн газар нь дээрх хөрөнгөөр өндөр зэрэглэлийн лабораторитой болохоос гадна барилга байгууламжаа бүрэн шинэчилнэ. Мөн хүмүүсээ сургана. Шинэ лабораторитой болсноор мал, амьтны гоц халдварт 63 нэр төрлийн био бэлдмэлээс гадна 28 нэр төрлийн шувууны томуу, шүлхий өвчнийг анагаах бэлдмэлийг хийдэг болно. Одоогоор 16 нэр төрлийн шинэ өвчин хаяанд тулчихаад байгаа аж.
Нөгөөтэйгүүр, Монгол Улс мал аж ахуйн орон. Малын тоо толгойгоороо дэлхий дахинд дээгүүр давхина. Гагцхүү мал нь эрүүл байж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс малыг эрүүлжүүлэх, малын гоц халдварт өвчин гарлаа гэхэд түүнийгээ дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар анагаадаг байх, урьдчилан сэргийлэх вакциныг хийдэг болох, улмаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспотлоход эдгээр ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж, Засгийн газрын төвшинд энэхүү хэлэлцээрийг авахаар Унгар улстай тодорхой тохиролцоонд хүрээд байсныг УИХ-аар ийнхүү баталгаажууллаа.  

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-10 183.81.169.2

300 000000 l bailgui de

Avatar

Зочин 2010-05-10 180.149.64.162

yag unenzuragtiin nevtruulegch nar too og medehguidandaa buruu helneichmeer baidag

Avatar

2003 ONI LEXUS 470 ZARNA 2010-05-10 203.91.114.3

2010-05-07 nd usa-s irsen 2003 onii tsaivar nogoon ongiin lexus 470 zarna utas 99939396 91612268

Avatar

bulganiih 2010-05-10 221.139.215.147

BULGAN AIMAGIIN HUTAG-ONDOR SUMIIN UINT BAG GEDEG YUM MAHAN TOLGOITOO YUMIIG SAIN MEDEJ BICHEECH

Avatar

Bat-Erdene 2010-05-10 202.72.242.162

300 saya baih aa

Avatar

y we 2010-05-10 93.88.184.11

1km-g 300000 gedeg arai hudlaaa bn

Avatar

Зочин 2010-05-10 202.72.246.130

3000 7000 мянган төгрөг биш байлгүй дээ 3000-7000 сая төгрөг гэвэл үнэнд ойртоно Энэ хэдэн сэтгүүлч нэртэй нөхдүүдэд сонины редакцууд нь хэдэн оронтой бол мянга зуун мянга сая тэрбум гэж нэрлэдгийг зааж өгмөөр юмаа ТВ-ийн мэдээ уншиж байгаа нэвтрүүлэгч нар ч мөн адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж