Барилгын материалын 12 үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Барилгын материалын 12 үйлдвэр байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлд инфляцийг хөөрөгдөхгүй байх зорилгоор нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцлөхөөр тусгажээ. Үүнд нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Мөн шатахууны нөөц бүрдүүлэхэд зориулж 40 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар төлөвлөжээ. Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй мэдээллээр инфляцийг хөөрөгдөж байгаа гол шалтгаан нь мах, нефтийн бүтээгдэхүүний үнэ хоёр гэнэ. Тиймээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй энэхүү хоёр бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө мөнгийг нь төлөвлөчихөөр дотоодоос хамааралтай инфляцийн хөөрөгдлийг хязгаарлана гэж Засгийн газар тооцоолжээ. Гэхдээ өнгөрсөн жил махны үнэ өсөхөөс сэргийлж улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээд 12 мянган тонн мах нөөцлөн хавар нь худалдаанд гаргахаар төлөвлөөд байсан ч өвөлдөө мах магнаг болсон тул цагаан сараас урьтаж хэрэглээнд гаргасан. Ирэх жил ч энэхүү үзэгдэл давтагдах вий гэдэг болгоомжлолыг гишүүд хэлж байлаа. Түүнчлэн дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаагүй цагт нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарахгүй. Энэ нь үйлдвэр байгуулагдтал нефтийн үнэ ханш дотоодод хэлбэлзэлтэй байхын нэг нотолгоо гэж байлаа.

Ер нь инфляцид нөлөөлж төгрөгийн ханшийг унагаж байгаа гурав дахь шалтгаан нь орон сууны үнэ аж. Жил тутамд орон сууцны үнэ чангарсаар байгаа, тэр байтугай нэг сарын дотор нэг мв талбайн үнэ 100 мянган төгрөгөөр өсч буй дүр зураг ч харагдах болсон. Хоёр жилийн өмнө 40 гаруй мв квадрат талбайтай хоёр өрөө байрыг 42 сая төгрөгөөр худалдаж авчих бололцоо байсан бол одоо бол нэг өрөө дээрх талбайн хэмжээтэй дүйх сууцыг 50 сая төгрөгөөр худалдаж авч чадахгүй тал руу оржээ. Гэтэл Барилгачдын холбооныхон “Байрны үнэ буурна” гэдэг PR хийсээр суудаг. Иймд цаашид байрны үнэ ханшийг ямар арга замаар бууруулахаар төлөвлөж байна вэ гэсэн гишүүдийн асуултад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга хариулт өгсөн юм.

Байрны үнэ ханш өндөр байгаагийн гол шалтгаан нь барилга барихад шаардагдах гол материалыг урд хөршөөс импортолдог. Энэ нь үнэд огцом нөлөөлж ирсэн. Тиймээс ирэх жилээс эхлэн барилгын материал үйлдвэрлэх 12 үйлдвэр шинээр байгуулахаар төлөвлөсөн тухай мэдэгдлээ. Үүнд нийт 322 тэрбум төгрөг шаардагдах гэнэ. Мөн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ирэх жил гэхэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг 1000 орчим иргэнд олгохоор, түрээсийн байр 900 орчмыг барихаар төлөвлөсөн тухай дуулгасан юм.

Харин дээрх тайлбарыг сонссон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулахдаа зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулж, жинхэнэ баялаг бүтээдэг хувийн хэвшилд ажиллагсдыг хөсөр хаяж ирснийг анхааралдаа авахыг хүсэв.

Дашрамд сануулахад, чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн чиглэлийг хэлэлцэхийн өмнө Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж