
Дархан хотод нойрсож байгаа оросын мэргэжилтнүүдийн ар гэрийхэн 2 жилд 1 удаа уулзаж бурхан болоочын газрыг цэвэрлэж ариусгадаг аж. Дурсгалын хөшөөг нээх ёслолд Эрхүү, Буриад, Улан-Үдээс хамаатан садан нь ирж хөшөөнд хүндэтгэл үзүүлж амьд цэцгийн баглаагаар хөшөөг бүрхсэн юм.
Манай хотод хүн ам өсөхийн хэрээр гэр хороолол хүрээгээ тэлж байгаа. Давхрын өртөө буюу оросуудын нойрсож байгаа тэр газарт иргэд амьдрах нь холгүй байгаа учраас ОХУ-ын ерөнхий консулын газраас уг газрыг хамгаалалтад авахаар болжээ. Эхний ээлжинд хөшөө босгож дурсгалыг нь мөнхжүүлэх бол цаашлаад хамгаалалтын хашаа татаж , зүлэг ногоо тарьж ургуулан бичил ногоон байгууламж болгоно гэдгийг ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул Мостыка хөшөөний нээлтийн үеэр онцлон хэллээ.