Г.Энх-Амгалан нь 2010 оны 11-12 дугаар саруудад ОХУ-ын Владивосток хотод аялан тоглолттой байх үедээ бэлтгэл болон тоглолтын үед алдаа гаргалаа гэж 13 настай жүжигчин О-г таяг төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн дух руу нь цохиж танхайрсан гэмт хэргийг үйлджээ. Мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Владивосток хотод, 2010 оны 12 дугаар сарын 18-наас 2011 оны нэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Хабаровск хотод, 2011 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 26 хүртэлх хугацаанд Красноярск хотод бэлтгэл болон тоглолт дээр алдаа гаргалаа гэж ялимгүй зүйлээр шалтаглан О-г удаа дараа шанаадах, алгадах, үснээс нь зулгааж хана мөргүүлэх, гуя болон чихнээс нь зулгааж, чимхэх, элэгдэх зэргээр байнга зодож, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Түүнчлэн 2010 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Хабаровск хотод байхдаа алдаа гаргалаа хэмээн загнаж, хохирогчийн Моторолло маркийн 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хана руу шидэж, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан байна. Тиймээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Г.Энх-Амгаланд таван жил нэг сар хорих ял оногдуулсан юм.
Гэсэн ч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Нийслэлийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Г.Энх-Амгалан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан бодит хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүнд ял шийтгэл хөнгөрүүлж оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн, мөн прокурор хуульд зааснаас доогуур ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 551-д зааснаар Г.Энх-Амгаланд оногдуулсан хорих ялыг 3.6 сар болгон өөрчилжээ.