Вьетнамын төлөөлөгчид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Вьетнамын төлөөлөгчид айлчилж байна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Үндэсний ассемблейн Тамгын газар, Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид 2012 оны 05 сарын 16, 17-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын урилгаар айлчилж байна.

БНСВУ ба Монгол улс 1954 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны гэрээг 1961 онд байгуулж, 1997, 2000 онд тус тус шинэчилж байжээ. БНСВУ, Монгол улсын хооронд улс төр, эдийн засаг, гадаад худалдаа, соёл, боловсрол болон хүмүүнлэгийн салбарт амжилттай хамтран ажиллаж байна. 1990 оноос хойш хоёр орны парламент болон парламентын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. 2011 онд УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог тэргүүтэй төлөөлөгчид БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Судалгаа мэдээллийн төв, Хууль зүйн Судалгааны хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчилж байсан бол энэ удаад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар, Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Монгол улсад айлчилж туршлага судалж байна.

БНСВУ нь Азийн бүс нутагт чөлөөт эдийн засгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа,  улс төрийн дэглэм,  засаглалын эрх мэдлийн хуваарилалтын хувьд өөрийн гэсэн онцлогтой орон юм. БНСВУ-ын Үндэсний Ассамблей нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг ба байнгын бус ажиллагаатай, нэг намын тогтолцоотой. 2011 онд  тус улсын Үндэсний Ассамблей 1992 онд баталсан Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тул төлөөлөгчид энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Монгол улсын туршлагыг судлах зорилготой иржээ. Үндсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар төлөөлөгчид УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог, Эрх зүй хууль тогтоомжийн хэлтсийн дарга  Насанжаргал болон Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд В.Удвал, Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн ажилтнууд болон УИХ-ын Тамгын газрын судлаачид, зарим эрдэмтэдтэй   уулзаж ярилцахаар  төлөвлөжээ.

Монгол Улсын Их Хурал 2010 онд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай“ хуулийг батлан гаргасан  туршлагатай. Иймд Үндсэн хуулийн зохицуулалтын суурь асуудлууд, Үндсэн хууль өөрчлөлт оруулах асуудлаар  судлаачид харилцан санал солилцож, туршлагаа хуваалцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж