ДХИС-ийн оюутнууд гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

ДХИС-ийн оюутнууд гомдол гаргав

Дотоод Хэргийн Их Сургуулийн төгсөх курсын оюутнууд сургуулийн захиргаанаасаа нийт 21,5 сая  гаруй төгрөг нэхэмжилсэн байна. Учир нь тус сургууль өнгөрсөн 2011 оны сургалтын төлбөрийн зөрүү, өнгөрсөн саруудын оюутны тэтгэлэгийн мөнгө зэргийг олгоогүй байгаа аж. Энэ асуудлыг Дотоод хэргийн их сургуулийн нягтлан бодогч Ц.Батнямаас тодрууллаа.

-Ямар учраас өнгөрсөн жилийн төлбөрийн зөрүүг олгоогүй юм бол?

-Өнгөрсөн жилийн сургалтын төлбөрийн зөрүү гэдэг нь үнэн. 2011 онд манай сургалтын төлбөр 300 мянган төгрөг байсан юм. Сургалтын төрийн сангаас Хүний хөгжил сангийн мөнгө гэж 491.990 төгрөг орж ирсэн. Ингээд илүү гарч буй 200 мянган төгрөгийг оюутануудтайгаа тохиролцож, энэ жилийн сургалтын төлбөр рүү шилжүүлсэн юм. Тэгтэл энэ жилийн сургалтын төлбөр 545 мянган төгрөг болж нэмэгдсэн. Тиймээс оюутнууд 345 мянган төгрөгийг сургалтын төлбөртөө бэлнээр төлсөн юм.

-“Хүний хөгжил сан”-гаас оюутнуудад олгож байгаа төлбөрийн мөнгөний хувьд ч гэсэн асуудал гарсан гэж оюутнууд ярилаа?

-Санхүүжилт орж ирээгүй байгаа юм. Манайхаас нийт 400 гаруй хүүхдийн материал Сургалтын төрийн сан руу явсан. Гэтэл нэр нь баталгаажсан 232 хүүхэд байна гэсэн тоо л ирсэн. Нэр ирээгүй, тодорхой биш гэсэн үг л дээ.  Тийм учраас төлбөрийн мөнгө шилжихгүй байгаа.

-Оюутнууд 70 мянган төгрөгөө аваагүй байгаа гэлээ. Дөрөвдүгээр сарын мөнгө нь жишээ нь олгогдсон уу?

-Оюутны тэтгэлэгийн 70 мянган төгрөгийг сар бүрд бус тухайн улиралд нь багтаан олгох ёстой байдаг. Сургалтын төрийн сан дөрөвдүгээр сарын тэтгэлгийн мөнгө авах оюутнуудын нэрсийг энэ сарын 15-нд авч эхэлнэ гэсэн. Бид нэрсээ явуулахаар бэлтгэсэн байгаа.

-IV дамжааны оюутнууд хэдхэн хоногийн дараа төгсөөд явах болчихсон байгаа. Тэдний асуудал яах вэ?

-Сургалтын төрийн сангаас хоёр сарын оюутны тэтгэлэг болох 140 мянга, хүний хөгжил сангийн 491 мянган төгрөг шилжиж ирмэгц оюутнуудад мөнгийг нь өгнө.  Хэзээ санхүүжилт орж ирэхийг мэдэхгүй байгаа учраас хугацаа хэлэх боломжгүй байна.

                                                                                        Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж