“Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага бий”

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

“Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага бий”

СТРАТЕГИЙН САЛБАРТ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГА БИЙ, ГЭХДЭЭ ХЭТ ЯАРАХ НЬ ЗОХИСГҮЙ


Сүүлийн үед бас нэгэн урт нэртэй хуулийн төсөл буюу Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль олны анхаарлыг татаж буй. Нэг талаас тус улсын үндэсний аюулгүй байдалд нийцсэн гэж зарим нь үзэж байхад нөгөө талаас сонгуулийн өмнө хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж хийж буй алхам гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар гол төлөв улс төрчид, эдийн засагчид саналаа илэрхийлж ирсэн бол энэ удаа хуульчдын төлөөллийн саналыг авахаар хуульч Бүдрагчаагийн Баяртай ярилцлаа.


-Дээр дурдсан талцлын талаар та хуульчийн хувьд юу гэж үзэж байна?

-Хуульчийн хувьд л хариулъя. Сонгуулийн өмнө, түүнтэй холбож хийж байгаа ажил уу үгүй юу гэдгийг улс төр судлаачид л дүгнэх болов уу. Үнэхээр стратегийн салбар дахь гадны хөрөнгө оруулалт, тэр тусмаа гадаадын төр, түүний өмчит байгууллагын хөрөнгө оруулалтад хяналт тавьж зохицуулдаг жишиг нэлээд орнуудад байна. Гэхдээ тэдгээр орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан тохиолдол цөөн юм билээ. Австрали гэхэд л миний мэдэхийн 2 тохиолдлоос бусдаар сүүлийн 4 жилийн дотор Хятадын хөрөнгө оруулагчдаас нийт 280 гаруй өргөдөл хүлээн авч хянаад зөвшөөрсөн байдаг, тэр нь нийтдээ 70 тэрбум Австрали доллар буюу бараг 92.3 их наяд (триллион) төгрөгийн хөрөнгө оруулсан байдаг. Эдийн засагчдын дунд “Гаднаас орж ирсэн нэг доллар наад зах нь 3.5 дахин үрждэг” гэсэн онол байдаг гэж сонссон. Манай нөхцөлд яривал, уурхайд ажилласан жолоочид төлсөн цалингаас жолоочийн гэр бүл гэрийн цагаан бүрээс худалдан авч, уг бүрээсийг оёсон хүн бөс барааны дэлгүүрээс даавуу авах жишигтэй юм уу даа. Энэ жишээг уншсан хүн “бөс барааны ченж нь нөгөө мөнгийг нь урагш нь гаргаад алдаж байгаа шүү дээ” гэж элэглэж болох юм. Гэхдээ жолооч ажилтай, гэр нь цагаан бүрээстэй, оёдолчин орлоготой, дэлгүүр ашигтай үлдэж байгаа гэдгийг бодолцох нь зүйтэй.

-Эдийн засагчийн байр суурь шиг сонсогдож байна. Хуульчийн байр сууринаас хандвал?

-Хууль боловсруулж, батлахдаа үр дагаврыг урьдаас судлан, нухацтай хандахыг хуулиар шаарддаг юм гэж л хариулах гээд холоос эхэлсэн юм. “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хууль, Хууль зүйн яамнаас баталж гаргасан хоёр ч аргачлалаар шаарддаг. Гол нь бид хэт яарснаас судалгаагүй, тогтсон жишгээс хэтрүүлсэн хуультай болчих вий гэж эмзэглэж байна. Тэгвэл хүсээгүй үр дагавар үүсэж, үндэсний аюулгүй байдалд харин ч сөргөөр нөлөөж, Үндсэн хуулийн шаардлага ч зөрчигдөхөд хүрэх юм. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн хууль санаачилсан бол тухайн хуулийн төсөлд Засгийн газар заавал санал өгөх хуулийн заалт байдаг. 2009 онд Улсын Их Хурлаас ажлын хэсэг гарч Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг холбогдох үзэл баримтлалын хамт боловсруулсныг Засгийн газар хэлэлцсэн гэдэг. Гэтэл миний ойлгож байгаагаар 2012 оны энэ хуулийн төсөл өөр гэж хэлж болохоортөсөл. Иймд Засгийн газраар хэлэлцүүлвэл зохистой.

-Судалгаа хангалтгүй байснаас сөрөг үр дагавар дагуулсан хуулийн жишээг та дурдахгүй юу? Тийм жишээ олон байдаг уу?

-Хамгийн наад зах нь 2011 оноос хүчингүй болсон алдарт “Гэнэтийн ашгийн татварын хуулийг” нэрлэж болно шүү дээ. Уг “Хуулийг хүчингүй болгох тухай” хуулийн төслийг тэр үед Засгийн газраас УИХ-ын оруулж байхдаа хийж байсан танилцуулга байдаг. Эдийн засагт хэрхэн сөрөг нөлөө үзүүлснийг маш дэлгэрэнгүй тоо баримттайгаар танилцуулсан байдаг. Гэтэл энэ хуулийн сөрөг үр дагавар одоо ч хүртэл арилаагүй, алтны салбар үндсэндээ зогссон, олон компани үндсэндээ нинжа шиг ажиллаж, байгаль орчинд учруулж буй хохирол ямар ч хараа хяналтад авагдахгүй болсон. Тухайн үед бэлэн мөнгө горьдохгүй, өөрөөрөө бахархажажил хийж, цалин авах боломжийголон мянган Монголчуудадолгож байсан үндэсний хөрөнгө оруулагчид өнөө хэр нь тэр хүчингүй болсон татварын дарамтаас гараагүй, одоо болтол цагдаа, шүүхэд дуудагдаад байж байна. Тендерийн хуульд оруулсан нэг өөрчлөлт мөн сөрөг үр дагавартай болоод хүчингүй болж байсныг сайн санаж байна. Тухайн үед уг нэмэлт өөрчлөлтийг санаачлагчид сайн судалгаагүй, “Азийн хөгжлийн банкны туршлага” гэх ташаа мэдээлэлд үндэслэн өөрчлөлт оруулсан байсан. Тендерт 6 удаа орсон, 3 ялсан бол дахиж тендерт санал өгөхийг хорьсон заалт байсан. Гэтэл АХБ бараа, ажил худалдан авахдаа хэзээ ч тийм хязгаарлалт тавьдаггүй, харин үйлчилгээ авахдаа иймэрхүү хязгаарлалт тавьж байсныгаа тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын урд жил нь “ямар ч үр дүн гараагүй” гэж үзээд хүчингүй болгочихсон байсан. Өнгөрсөн жил Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах санаачилга гарч байхад “Оросод хуулийн товчоог ашгийн бус гэж үздэг байна” гэсэн ташаа мэдээлэлд үндэслэн хуулийн үйлчилгээг “нийгэмчлэх” дөхсөн. Гэтэл хэдхэн заалтын ард “өмгөөлөгчид нь өөрсдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг,ашгийн татвараа төлдөгэтгээд байна, харин товчоо татвар төлөгч биш ч гэсэн өмгөөлөгчдийн татварыг төсөвт цуглуулж төлдөг татварын агент байна” гэсэн заалт байсан. Ийнхүү хуудуу хандах явдал энэ удаа ч давтагдах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Бид зөвхөн өөрсдийн туршлагаар хязгаарлах нь бас учир дутагдалтай. Олон улсын хэмжээндч гадаадын хөрөнгө оруулалтыг 50 хүртэл хувиар хязгаарлан, төр, эсвэл дотоодын аж ахуйн нэгж, иргэдэд эзэмшүүлэхээр хуульчилсан орон байх бөгөөд түүний талаар хийсэн цогцолбор судалгаанаас харвал хууль гарснаас хойш 10 жилийн дотор үйлдвэрлэл, үйлчилгээ (түүний дотор аялал жуулчлал хүртэл) үндсэндээ зогсож, машин тоног төхөөрөмж сул зогсоход хүрч, экспорт, импортын хэмжээ туйлын дор орж, далд эдийн засаг өргөжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн 50 гаруй хувиар буурсан байдаг. Гадны хөрөнгө оруулалт байтугай дотоодын хөрөнгө оруулалт нь гадагшаа урсаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, дэвсгэрт дээрх нэг тооны ард10 оронтой тэг үүссэн. Саяхан хууль гаргаж, тэр 10 тэгийг дэвсгэртээсээ хасахаар болсон. Гэвч эдийн засаг нь унасан хэвээр, төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээ, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал хэв журмыг хангах явдалдоройтжээ.Хэдийгээр дээрх жишээ нь дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд ховор тохиолдсон үзэгдэл боловч хүсээгүй үр дагавар хэрхэн үндэстэнг сүйрүүлдгийн тод жишээ болоод байна. Хэдхэн хоногийн өмнө хуулийн төсөл хэлэлцэх үеэр Бат-Үүл гишүүн 1920-иод оны үед Коминтерний захиалгаар гадны хөрөнгө оруулалтыг хумиснаар Монгол Улс 70 шахам жил хэрхэн бусдын хараанд орсныг сануулж байсан. Дээрх орны жишээнээс харахад 21 дүгээр зуунд ч ийм үр дагавар үүсэх бүрэн бололцоотой юм билээ.Үнэндээ Рио Тинтогоос бусад дорвитой том хөрөнгө оруулалт орж ирээгүй байхад “уул үзээгүй байж хормой шуух” гэдэг л болох вий.

-Тэгээд таны бодлоор цаашдаа яах ёстой вэ? Чайналко шиг гадаадын төрийн өмчийн компаниудын хөрөнгө оруулалтад хяналт тавьж зохицуулах ёстой юу?

-Би Монгол Улс стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагагүй гэж итгүүлэхийг оролдоогүй. Харин ч ийм зохицуулалт байх ёстой. Үнэхээр МонголУлсынүндэснийаюулгүйбайдлынүзэлбаримтлалд харш үр дагавартай байх хөрөнгө оруулалтын хэлцэл хийгдэх гэж байна гэж үзсэн тохиолдолд Засгийн газрын түвшинд хүртэл хянан шийдвэрлэдэг тогтолцоо байхыг үгүйсгэхгүй.Бусдын туршлагаас харж байхад ийм шаардлага тун цөөхөн гардаг юм билээ. Гэтэл миний ойлгож байгаагаар бүгдийг урьдчилан харж, түүнийг одооноос зохицуулсан, зохицуулахдаа Засгийн газар, бүр Улсын Их Хурал өөрөө оролцох зохицуулалт хуулийн төсөлдбайна. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг ямар ч хараа хяналтгүй орхичихоогүй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг бүр 1993 оноос батлан улмаар 2002, 2008, 2011 онуудад нэмэлт өөрчлөлт оруулан хэрэгжүүлж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалтын доод хязгаар 100 мянган ам. доллар байх, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгийн 25 хувиас дээш бол хэрэгжүүлэгч агентлаг болох Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт өргөдөл гаргаж бүртгүүлэн, гэрчилгээ зөвшөөрөл авдаг тогтолцоо бий шүү дээ.

Бас нэг анхаармаар асуудал бол энэхүү хуулийн төслийн зүйл заалт олон улсын гэрээний зүйл заалттай зөрчилдвөл олон улсын гэрээ үйлчлэхээр заасан байгаа. Хоёр талын хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах тухай гэрээний талууд болох орны нэлээд олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа учраас эдгээр гэрээг цуцлаагүй үед тэдгээрийн хөрөнгө оруулалтад тус хууль нь үйлчлэхгүй юм. Зарим олон улсын гэрээг цуцласан ч тухайн гэрээний зүйл заалт цуцалсан өдрөөс хойш 10 жил үйлчлэх, улмаар тус хуулийн зүйл заалт 10 жилийн дараа үйлчилж эхлэх магадлалтай байгаа. Ингээд бодохоор хууль маань үйлчлэх хүндээ үйлчлэхгүй, харин мөрөөрөө явсан бусдад нь үйлчлэхээрболчихоод байгаа юм. Харин тухайн орны гадаадын хөрөнгө оруулалтын дэглэм ямар байна гэдгийг судлаад түүнтэй нь ижил нөхцөлтэй дэглэм баримталвал илүү үр дүнтэй, олон улсын гэрээндээ нийцтэй. Бусад хүчин төгөлдөр хууль тогтоомжид ч тодорхой зохицуулалт бий. Өрсөлдөөний тухай хууль, тогтоомжоор дангаар ноёрхох болон өрсөлдөөний эсрэг бусад үйл ажиллагааг хязгаарласан. Талууд хэлцэж, зах зээлийн үнээс өөр үнэлгээгээр гүйлгээ хийх тохиолдолд Татварын хууль тогтоомжоор жишиг үнийн аргаар зохицуулахаар заасан.

“Гадаад улсын Засгийн газрын хяналтад байдаг байгууллага болон олон улсын байгууллага, түүний хяналтад байдаг байгууллага Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна” гэсэн зохицуулалтаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр бол гэсэн шаардлагатай хослуулан хэрэглээд харин гадны хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлхөөргүй бол агентлагийн түвшинд зөвшөөрөл олгож хянах зохицуулалт байвал аль аль талдаа зардал, хүндрэл, чирэгдэл багатай юм. Тухайн тохиолдол бүрээс хамааран асуудлыг шийддэг байвал уян хатан, шуурхай байх шаардлагыг хангана. Жишээлбэл, Өмнийн говийн элс компанид хөрөнгө оруулалт хийх гэсэн Чайналкогийн саналыг судлаад үзсэн чинь Монголын уул уурхайн салбарт, түүний дотор нүүрсний салбарт, түүний дотроо хүрэн нүүрсний салбарт эзлэх хувийн жин нь шалихгүй байсан бол яах вэ? Энэ талаар эдийн засаг, өрсөлдөөний талаас нь судлаагүй шүү дээ. Харин судалгаагаар үнэхээр Монголын экспортын бүтээгдэхүүний ирээдүйн үнэ, өртөгт нөлөөлөх боломж байна гэсэн дүгнэлт гарсан бол бас нэг өөр. Ийм мэргэжлийн дүн шинжилгээ байхгүй байхад таамаглалаар яваад байгаа нь хуульчийн байр сууринаас харахад шүүгчээс “ямар ч нотлох баримтгүйгээр шийдвэрээ гарга” гэж шахахтай адил юм. Нөгөөтэйгүүр энэ талаар тодорхой баримт, судлагаа байсан ч энэ тохиолдолд тавих шаардлагыг бүгдэд нь хавтгайруулан тавихаар дахиад л шүүгчээс “энэ хэрэг дээр нотлох баримт байхгүй ч өмнөх ижил хэрэгтэй адилхан шүү дээ, иймд шийд” гэж шахахтай бас л адилхан болоод байна. Эрдэс баялгийн салбарыг бүхэлд нь стратегийначхолбогдолбүхийсалбар байхаар тодорхойлсон нь Ашигт малтмалын болон Цөмийн эрчим хүчний хуулиар стратегийн ач холбогдол бүхий орд гэж өмнө нь тодорхойлон, улмаар ийм ордын жагсаалт гаргах талаар төр, засгийн холбогдох байгууллагаас үлэмж хүч хөдөлмөр гарган тодорхойлсныг үгүйсгэсэн, зөрчилдсөн заалт болсон. Олон мянган орд, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулах нь төрд дааж давшгүй ажлын ачаалал, үргүй зардал үүсгэнэ гэж ойлгогдож байна. Энэ нь мөн банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын хувьд ч үнэн юм. Дээрээс нь энэ хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Яг ямар шаардлагыг, хэдийд, яаж зөрчсөн гэдэг нь тодорхой бус, ерөнхий агуулгатай заалтууд байхад (тухайлбал, “хөрөнгө оруулалт нь тухайн салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх” гэдэг маш ерөнхий заалт 7.3.5-д орсон), дээрээс нь олон мянган аж ахуйн нэгжүүдэд байнга хөрөнгө оруулалт шаардлагатай байдгаас хөрөнгө оруулалтын хэлцлүүд олон мянгаараа хийгдэх тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлах асуудал хавтгайрч, улмаар нугалаа завхрал болвол эцсийн үр дүн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй үр дагаварт хүргэж болох юм. Эцэст нь гадаад улсад хийсэн хэлцэл, гүйлгээнээс Монгол Улсад татвар ногдуулахаар заагаад байгаа. Хуульд ийм заалт орсон ч амьдрал дээр хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Татварын байгууллага ч энэ талаар надтай ижил байр суурьтай байх. Үүний оронд татварын хууль тогтоомжид байгаа одоогийн зохицуулалт, заалтууд шаардлага хангахгүй бол хэрэгжих боломжтой байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох юм.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж