Сонгогчдын тоо тодорхойгүй хэвээрээ байна

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Сонгогчдын тоо тодорхойгүй хэвээрээ байна

УИХ, НИТХ-ын ээлжит сонгууль болоход 45 хоног үлдээд буй. Харин энэ
өдрүүдэд сонгуулийн бэлтгэл ажил, санал өгөх, тоолох, иргэний үнэмлэх
гээд багагүй шийдвэрлэх ёстой асуудал тодорхойгүй хэвээр байна.

Харин иргэний үнэмлэхээ гээж  үрэгдүүлсэн болон 16 нас хүрээд шинээр
иргэний үнэмлэх авах иргэдийн тоо 64 мянган 940 бий гэх тооцоог Улсын
бүртгэлийн ерөнхий газраас гаргажээ. Энэ нь хаясан бичиг баримтаа шинээр
авахаар тус  газарт хандсан иргэдийн тоо юм. Харин хандаагүй хэдэн
иргэн байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Одоогоос хоёр жилийн өмнө
буюу 2010 онд болсон Монгол Улсын хүн амын тооллогоор хоёр сая 647 мянга
685 хүн тоологдсоноос 16-аас дээш насны нэг сая 964 мянга 427 иргэн
тоологдсон байна.  Үүнийг өнөөгийн сонгуулийн насны хүн гэж тооцож
болно. Учир нь тухайн үед 16 настай байсан иргэдийн олонхи нь өнөөдөр
18-тай болж сонгуулийн насанд хүрсэн гэсэн үг. Магадгүй эдгээр 1,9 сая
хүний зарим нь өөд болсон байж болох юм. Гэхдээ ерөнхийдөө бланслах
ёстой. Тэгвэл энэ сарын 3-ны өдөр УБЕГ-аас нэг сая 839 мянга 984 хүн
сонгуульд санал өгөх эрхтэй гэсэн жагсаалтыг хүргүүлсэн аж. Статистикийн
дунджаас харвал Монгол Улсад жилд дунджаар 20 орчим мянган хүн нас
бардаг гэсэн бүдүүн бараг мэдээлэл байна. Энэ тоо ёсоор бол хоёр жилийн
хугацаанд 40 мянга гаруй хүн нас барсан гэж тооцвол  1,9 сая гаруй
сонгогч байгаа гэсэн үг. Гэтэл СЕХ 70 мянга орчмоор дутуу тоо үзүүлж
байна. Бусад нь хаачив аа?

Өөр бас нэгэн сонирхолтой тоо бий. Тэр нь тооллого болсон тухайн үед
иргэний үнэмлэхгүй, тооллогод хамрагдаагүй, огт бичиг баримтгүй 40 мянга
гаруй иргэн байгаа гэдгийг албаныхан хэлж байсан. Эдгээр иргэдийг
өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бичиг баримтжуулах, үнэмлэхийг дахин
олгож байгаа гэдгийг УБЕГ-ыхан хэлж байгаа. Бичиг баримтжуулсаар байтал
бичиг баримтгүй хүний тоо өссөөр байгаа нь бас л хачирхалтай. Өчигдрийн
байдлаар 64 мянган 940 бичиг баримтгүй хүн бий гэнэ. Тэднээс хэд нь 18
нас хүрч шинээр бичиг баримт авах вэ гэсэн асуултанд  УБЕГ-ын дарга
Л.Амарсанаа “Ирэх баасан гаригт албан ёсны тоо гарна” гэлээ. Ямартай ч дээрхи 64 мянган иргэдэд цахим үнэмлэх олгох боломжтой гэдгийг УБЕГ-аас мэдэгдсэн.

Тэгвэл гадаадад амьдарч байгаа иргэдээс шинэчилсэн бүртгэлд хамрагдсан,
зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа 107 мянга 140 иргэн
тоологдсон. Үүнээс энэ удаагийн сонгуульд 30 мянган гаруй нь санал
өгөхөөр бүртгүүлсэн талаар албаны хүмүүс хэллээ. Цаашид энэ тоо төдийлөн
нэмэгдэхгүй гэсэн таамгийг албаныхан дэвшүүллээ. Онцлог нь эдгээр иргэд
зөвхөн намд саналаа өгөх юм.

Энэ мэтээр сонгуулиар санал өгөх хүмүүсийн тоо өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Цаашид ч цөөрнө үү гэхээс нэмэгдэхгүй бололтой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж