Хадгаламж зээлийн хоршоод дуу дуугаа аван дампуурснаас хойш найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч хохирогчид өнөөдрийг хүртэл хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй. Уг нь нийт 30 гаруй ХЗХ дампуурлаа зарлах үед хууль хяналтын байгууллагууд 43 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилж аж. Түүнээс гадна газар, ашигт малтмалын лиценз, 34, 36 айлын орон сууц гээд олон үл хөдлөх хөрөнгүүд байсан ч үнэлгээнд оруулалгүйгээр алга болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тайлбараар бол тус газар нь цагдаагийн байгууллагаас анх 29 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авч байсан гэнэ. Мөн таван ашигт малтмалын лиценз хүлээж авсан ч цаг хугацаандаа лицензийн төлбөр нь төлөгдөөгүйгээс болж Ашигт малтмалын газраас тэдгээрийг хурааж авсан байна. Харин хохирогчдын хувьд анх хөрөнгийг битүүмжлэх үед нийт 14 лиценз байсан, түүнээс ердөө тав нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжиж ирсэн, ес нь аль шатанд алга болсон бэ гэдийг тодруулж чадахгүй өнөөдрийг хүргэсэн гэдэг зөрүүтэй мэдээллийг өгсөн юм. Мөн хохирогчид хамгийн үнэ хүрэх боломжтой үл хөдлөх хөрөнгүүдийг нэг бол огт үнэлгээнд оруулаагүй ч юм уу, эсвэл үнэллээ гэхэд хамгийн бага үнээр үнэлж, худалдсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл борлогдохгүй, агуулахад хог болон хэвтэж байгаа эд хөрөнгүүдийг болохоор хэт өндөр үнэлсэн байдаг гэлээ.
Уг нь ХЗХ-д дампуурч, хөрөнгүүдийг битүүмжилсний дараа хохирогчид битүүмжилсэн хөрөнгүүдийг хувь тэнцүүлэн өөрсдөө үнэ тохирч авъя гэдэг хүсэлтийг холбогдох газруудад гаргаж байсан аж. Хэрвээ тэдний шийдвэрийг хүлээн авсан бол зам зуурт үл хөдлөх хөрөнгүүд алга болохгүй байсан, асар их хөрөнгө замын дундаас хэний гарт шилжсэнийг олж мэдэх гээд чадахгүй байна гэдгийг хохирогч Д.Оюунцэцэг мэдэгдэв.
Гэтэл одоо хэний ч хэрэгцээ шаардлагыг хангахгүй болчихсон, дуудлага худалдаанд орууллаа ч борлогддоггүй эксель машины хаалга, ажиллах эсэх нь эргэлзээтэй компьютер зэргийг хохирогчид авах болчихоод байдаг. Ер нь тэгээд эксель машин өнөөдрийн хэрэглээнээс гарчихсан үед хаалга гэх мэт зүйлийг өрөндөө авлаа гэхэд бараг л ашиглахгүй. Үүнтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрынхан ч санал нэгдлээ. Хэн хэнийх нь тайлбарласнаар бол асар олон машин тэрэг цагдаагийн байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжиж ирэхэд тоногдчихсон байжээ. Нөгөө талаас хөрөнгүүдийн үнэлгээг тухайн үед хэт өндөр тогтоосноос болж, хохирогчдын хохирлыг барагдуулах ажилд хүндрэл учирсан гэдэг тайлбарыг ч талууд хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хөрөнгүүдийн үнэлгээ бодитой байсан уу гэдгийг шалгаж тогтоох үүднээс Улсын ерөнхий прокурор, Аудитын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагынхан оролцсон баг орон нутагт ажиллаж, зарим үнэлгээг шинэчлэн гаргажээ. Тухайлбал, 300 сая төгрөгөөр үнэлсэн байрыг 5-6 сая төгрөг рүү, 40 сая төгрөгөөр үнэлсэн байрыг 1.2 сая төгрөгөөр үнэлэх байж гэдэг шинэ үнэ гаргасан байна. Үүнээс 1.2 сая төгрөгөөр үнэлэгдсэн байр нь Дархан-уул аймагт байдаг, хуучин оросуудын ашиглаж байсан, тахианы байр гэнэ. Одоогоор холбогдох байгууллагуудын хамтарсан багийн шалгалтын дүн эцэслэгдэж гараагүй байгаа ажээ.
Тиймээс тухайн үед үнэлгээг тогтоогчид хэн нэгний лоббид хөтлөгдөн хэргээр эд хөрөнгийг үнэлэв үү. Үнэхээр тэр үед битүүмжилсэн эд хөрөнгүүдийг тэгж үнэлэх жишиг байсан уу гэдэг энэхүү хуралдааны явцаас тодорхойгүй үлдэв. Харин хохирогчдын хэлснээр бол жинхэнэ үнэ хүрэх зүйлийг үнэлэлгүй сугалж авч үлдсэнээс болж өнөөдөр хохирогчид хохирлоо 100 хувь барагдуулж чадахгүй явж байна гэлээ. Ямар ч байсан дээр дурдсан ашигт малтмалын лицензүүдийн тухайд алт, зэс, нүүрсний ордуудын лиценз байжээ. Түүнийг нь хэн нэг нөхөр авчихсан өнөөдөр ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоочих боломж байгаа ч бас л ямар ч тайлбар өгөлгүй өнөөдрийг хүргэсний зэрэгцээ газар зэрэг үнэт капиталуудыг ч орчин цагийн цуутай хулгайч нарт алдчихсан сууж байх юм. Уг нь яаж ч бодсон газрыг хулгайлах боломжгүй, тухайн газраа байж л байлтай. Өргөөд даах биш дээ. Гэвч бас л эзэн олдсонгүй. Харин энэхүү байнгын хорооны хуралдаанд цагдаагийн байгууллагыг төлөөлж оролцсон албан тушаалтан “Мөрдөн байцаалтын шатанд газар хийгээд, лиценз алга болсон асуудал байхгүй” гэдэг л хариулт өгч байна. Ямар ч байсан энэ асуудлын зах зух руу Прокурорын байгууллага шалгалт хийж эхэлжээ. Харин эцсийн хариу гарахад нэлээд том луйврууд илэрч мэдэх нь.