Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Одод чуулсан үдэш

“UB palace”-ын их танхимд өчигдөр “Айзам 30жил шилдэг дуунууд” амьд тоглолт боллоо. Тоглолт эхлэх болоогүй  ч танхим хэдийнээ үзэгчдээр дүүрчээ. Догдлон хөөрсөн мянга мянган фенүүд нь тоглолтыг тэсч ядан алга ташин эхлүүлэх гэж яарна.Хөшиг нээгдэн тайзан дээр хөтлөгч Б.Ичинхорлоо, рок мангас Р.Мөнхсайхан, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар гарч ирэхэд яагаад гурвын гурван хөтлөгч байгаа юм бол оо гэж гайхах сэтгэл төрсөн ч гучин жилийн түүхийг тэд гурван хэсэгт хуваан танилцуулах болсонтой холбоотой аж. Гучин жил гэдэг бол хүний амьдралд урт удаан хугацаа. Харин урлагийн хувьд бол богинохон хугацаа ч энэ 30 жилд “Айзам” хамтлаг бидний сэтгэл зүрхэнд хоногшсон түм түмэн аялгуугаараа өнөөдөр энэ тайзан дээрээс үзэгч фенүүдтэйгээ учирч байгаа юм. Ийнхүү үе үеийн гайхамшигт олон сайхан хит дуунуудтай, мянга мянган фенүүдийнхээ сэтгэл зүрхэнд айзам болон эгшиглэсэн хамтлаг маань 1977 онд  үүсэн үндэс суурь нь нахиалж байжээ. Хөтлөгчид “Айзам” хамтлагийн  дуучид Д.Болд, О.Энхболд, Ч.Тамираа, Ц.Батсайхан нарыг урин тоглолтоо эхлүүллээ.

Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр
Алсаа бодоогүй чи бидэн хоёрын
Амьдрал болоогүй гэнэхэн учрал
Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод
 Яруухан дурсамж тодорно оо….

Тийм ээ…”Дурсамж” дуугаар тэртээх 80-аад оныг эргүүлэн авчирч  “Хавар”-аар хөтөлцүүлэн зугаалуулж, “Нутгийн цагаан шөнө”-өөр дурлалт хосууд жаргалдан шивнэхэд, “Хайрын дууг минь сонсооч”  дуугаараа дурлал хайрын дөл асаан хаврын үдшийг мэдрүүлэв. “Айзам” хамтлагийн тоглолтын тайз засалт үнэхээр таалагдсан. Тайзны голд байрлах дэлгэцэн дээр зураг солигдон дурсамж, түүх өгүүлээд л, дуу болгоны цаана ээлжлэн өөрчлөгдөх одот тэнгэр, будрах цасан, улалзан дүрэлзэх дэлгэцүүд тоглолтыг улам бүр чимж байлаа.
“Айзам” хамтлаг 1988 онд болсон “Улс төрийн дууны уралдаан”-д тэргүүн байр эзлэн тухайн үед гадаадаас ирсэн зурагчнаар зургаа даруулан монголд анх удаа өнгөт плакатыг гардан авч байжээ.
Дуу бүхэн түүх өгүүлэн дурсамж сэргээж байв. Хамтлагийн ахлагч Д.Ганболдын авъяас билгийг бахдах сэтгэл төрж байлаа. Түүний үгийг нь зохиож, аяыг нь хийсэн ийм олон сайхан хит дуунууд өнөөдрийг хүртэл үзэгчид  фенүүдийнхээ сэтгэл зүрхэнд эгшиглэн байгааг  мэдрэх агшин л уран бүтээлч хүний хамгаас үнэтэй сайхан мөч болов уу? “Чи минь” дуу бүтсэн түүх их сонин. Тус хамтлагийн дуучин Ч.Тамираа хамтлагийн ахлагч Ганболдод гоё үгтэй, сайхан аялгуутай, хөнгөндүү жанрын  дуу зохиож өгөөч гэж гуйхад тэрээр маргааш нь л “Чи минь” дууг хийн  түүнд бэлэглэж байжээ.
1990-ээд он “Айзам” хамтлаг тарахад түүнээс улбаалан хамтлагийн басс гитарчин Гантөр, Хүрлээ нар  “Айзам-2” хамтлагийг үүсгэн уран бүтээлээ цааш туурвисан. Бүүр “Айзам-3” хамтлаг ч үүсэх шахсан гэж яригддаг. Ингээд “Айзам-2” хамтлагийн дуучин Э.Мөнхбаяр хамтлагийнхаа тухай дурсамжаасаа ярин “Мөрөөдөл” дуугаа дуулав. Тайзан дээр хөтлөгч Б.Ичинхорлоо нэгэн бүсгүйг урин гаргаж ирсэн нь фм 107.5-ын захирал Ц.Ариунаа байлаа. Түүнийг  1983  онд “Айзам” хамтлагийн бүрэлдэхүүнд орон хоёр жил дуулсан гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Тоглолтыг чимэн Алла Пугачевагийн “Без меня” дууг дуулан танхим дүүрэн үзэгчдэд өөрийн хоолойныхоо чадлыг гайхуулаад авсан шүү.
“Айзам” хамтлаг хаалттай боогдмол 1980-аад оноос өнөөдрийг хүртэл дуулагдсаар ирсэн хит шилдэг уран бүтээлүүдээ зоригтойгоор хийн  шүүмжлүүлж байсан ч  өөрсдийн дуу хуур эстрад урлагаар дамжуулан залуусаа хөглөн, хөгжүүлж байсан тэднийг Монголын партизан хамтлаг гэж хэлж болох ч одоог хүртэл үзэгч фенүүд нь хамтлагийн ахлагч Ганболдын шинэ шинэ уран бүтээлүүдийг хүлээж байдгийг энд ирсэн мянга мянган үзэгч фенүүдээс нь мэдэрсэн юм. Хамтлагийн ахлагч Ганболдыг тайзан дээр гарч ирэхэд үзэгчдийн суудлаас түүний биеийн байдлын тухай харуусал, халаглал сонстож байлаа. Ганболдыг хайрладаг, хүндэлдэг байгууллагуудын шагналын хур буун хөтлөгч рок Мөнхсайханыг тайзан дээр гарч ирэх тэр агшинд үзэгчдийн суудлаас нэгэн эрхэм гарч ирсэн нь тоглолтын хөтөлбөрт тусгагдаагүй гэнэтийн бэлэг барив. Тэрээр “Айзам” хамтлагийн үнэнч улаан фен гээд цугласан олонд Ганболддоо сэтгэлийн дэм болгон хандив өргөхийг уриалаад өөрөөсөө 50.000 төгрөг хандивлахад  тайзны зүг фенүүдийн цуваа хөвөрлөө. Тийм ээ амьддаа бие биенээ хайрлъя, монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг батласан энэ эгэл жирийн иргэн өөрийнхөө нэрийг  хэлэхийг хүссэнгүй. Даруухан ч хөгжилтэйхэн  инээд алдан тайз үзэгчдийг холбох түүний зүг Ганболд гараа сунган, сэтгэлийн дэм хайрлаж байгаа үзэгчдийг харан өөрийн эрхгүй сэтгэл догдолж байлаа. Айзам эгшиглэж байхдаа хүчтэй л гэж энэ байх даа. “Айзам” хамтлагтай мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж байсан “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагууд мөн “Чингис хаан” хамтлаг, монгол улсын гавъяат жүжигчин дуучин Насантогтох нар ая дуугаа өргөлөө. Энэ тоглолт түүх өгүүлэн, дурсамж сэргээж тэртээх он жилүүдэд эргүүлэн аваачиж, эгшиг дуунд уяраан,  гайхамшигтай болж өнгөрлөө.  “Айзам” агуу хамтлаг Айзамын фенүүд хамгийн доргио хамгийн үнэнч гэдгээ тэд батлан тоглолт эхлэхээс дуустал дуу болгоныг даган дуулж, бүжиглэн доргив. Мөн “Айзам” хамтлагынхан анх дуулж байсан гадаад дууны урын сангаасаа толилуулан тайз эзэгнэн бүжиглэж байсан нь гайхалтай санагдсан . Тус хамтлагийн дуучин францын иргэн болсон Тамираа “Les feuillesmortes’’, ‘’Salute’’дуунуудыг, дуучин Энхболд ‘’Lay back in your arm’’дууг, тэд хамтран ‘’Beatles Golden slumbers’’ дуунуудыг чадварлагаар дуулцгааж байв. Монголын эстрад урлагийн загалмайлсан эцэг “Айзам” хамтлаг олон ч зүйлсийн анхдагчид. Анхны клип,  анхны өнгөт плакат, анхны хамгийн урт  тоглолтыг хийдэг байсан гээд л. Энэ тоглолтоороо ч үүнийгээ батлан харуулж дөрвөн цагийн турш өөрсдийн гайхамшгийг үнэнч фенүүдддээ дэлгэн сэтгэл зүрхийг догдлуулан дурсамж дүүрэн ертөнцөөр аялуулсан. Уйдах ч завгүй доргиж өнгөрүүлсэн тоглолт, “Дурсамж” дуугаараа эхэлсэн шигээ энэ л дуугаараа өндөрлөлөө. Тэд дурсамж дүүрэн 30 жилийг  эзэгнэгчид гэдгээ харууллаа. Тоглолт таран гадаа гарахад хаврын шөнийн тэнгэрт одод түгэн цас зөөлхөн бударч байлаа. Ганцхан орой тоглосон нь чамлахаар байсан ч гайхамшгийг мэдрээд гарч ирсэндээ сэтгэл хангалуун байлаа. “Айзам” хамтлаг монголын урлагийн тэнгэрт тодоос тод гялалзах одод, хаврын тэнгэрт будрах цасан мэт ховорхон гайхамшгийн эзэд юм аа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж