Э.Цасчихэр ямар буруутай вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Э.Цасчихэр ямар буруутай вэ?

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр эрх чөлөөгөө хасуулаад цөөнгүй хонож байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх Увсын Засаг даргад гурван жил хорих ял оноолоо. Түүнийг төсвийн хөрөнгийг зориулалтын бу­саар зарцуулан төсөвт онц их хэмжээний хохирол уч­руулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа юм. Тод­руулбал, Улаангомд баригд­сан төрийн 24 албан хааг­чийн орон сууцны барилгын ажлыг дуусгах үүднээс “Ун­дар­га констракшн” компанид нэмэлт санхүүжилт өгсөн гэж буруутгаад байгаа билээ.  Гэтэл уг шийдвэр зөвхөн Э.Цас­чихэ­рийнх байсан уу гэвэл бас үгүй юм аа. Хөндлөнгийн экспертүүдийн гаргасан дүгнэлтийг Засаг даргын зөвлөлөөр хэлэл­цүүлж, ИТХ-ын тэргүүлэгч­дээр тогтоол батлуулж энэхүү хөрөнгийн асуудлыг Засаг дарга Э.Цасчихэр шийдэж өгсөн байдаг. Аймгийн ИТХ-ын тэр­гүүлэгчдийн 90 тоот тог­тоолыг Засаг дарга хэрэг­жүүлснийхээ төлөө ийнхүү гурван жилийн хорих ял сонсчээ.

ИТХ-ын энэ тогтоолыг хэрэгжүү­лээ­гүй бол өнөөдөр Увс айм­гийн төвд баригдаж дуусаа­гүй балгас л бий болох бай­сан шүү дээ. Тэгэхээр түүнийг буруутгаад байх үндэслэлгүй мэт. Хэрэв нэмэлт сан­хүү­жилтийг нь өгч барилгын аж­лыг дуус­гаагүй, бас нэгэн балгастай болсон бол энэ нь харин Э.Цас­чихэрийг буруутгах үндэслэл байв. Өөрөөр хэл­бэл, орон нутгийн төсвөөс багагүй хэмжээний мөнгө гаргачи­хаад байшингүй, балгастай үлдсэн бол улсад их хэм­жээний хохирол учруулсан гэж буруутгаж болох юм л даа. Гэтэл бодит байдал эсрэгээ­рээ байхад ИТХ-ын тэргүү­лэгч­дийн тогтоолыг л хэрэг­жүүлснийхээ төлөө Э.Цас­чихэр буруутлаа.

24 айлыг орон сууцтай болгосныхоо төлөө, орон нутгийн төсвийн хөрөнгийг балгас болгоогүйнхээ төлөө,  ИТХ-ын тэргүүлэгчдийн гарга­сан шийдвэрийг хэрэгжүүлс­нийхээ төлөө энэ хүн хориг­дож байна. Буруугүй мөртлөө буруу­тан мэтээр хоригдож байгаа Э.Цасчихэрийн оронд байсан хэн ч түүнтэй адилхан л алхам хийх байсан болов уу. Тэгэхээр үнэнээр явсны­хаа төлөө л энэ хүн өнөөдөр буруутан болжээ.

Д.БАТСАЙХАН ямар буруутай вэ

УИХ-аас баталсан хуу­лийн хариуцлагыг хэн хүлээ­дэг вэ. Тэр хууль нь үнэхээр буруу, бусдын эрх ашигт нийцэхгүй байгаа бол Үндсэн хуу­лийн Цэц л хүчингүй бол­годог.
Түүнээс биш парла­мент олон­хиороо баталсан хуу­лийг буруу боллоо гээд УИХ-ын даргыг нь барьж хорь­дог улс дэлхийн бөмбөр­цөгийн хаана ч байхгүй. Тэр тусмаа ардчилсан засаг­лалтай Монголд бол тийм зүйл хэзээ ч болох ёсгүй.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгуул­лага гэдэг яг л дээрхтэй адил. ИТХ-ын хурал бол орон ну­таг­таа л УИХ нь гэсэн үг. Яа­гаад гэвэл, ИТХ-ын төлөө­лөгчид бүгд УИХ-ын гишүүдийн нэгэн адил ард түмнээсээ мандат авч сон­гогд­дог билээ. Тэд тухайн орон нутгийнхаа ард түмний элч нь байдаг билээ. Гэтэл ард­чиллын зарчим буюу ИТХ-ын тэргүүлэгчид нь олон­хио­роо асуудал шийд­сэн байхад ИТХ-ын даргыг нь барьж хоёр жилээр хорих шийдвэр гаргасан тохиол­дол Монго­лын түүхэнд анх удаа гарлаа.

Увс аймагт ба­ригдсан төрийн албан хаагч­дын орон сууцны барилгын нэмэлт санхүү­жилтэд шаар­дагдах 115 сая төгрөгийг олгох тог­тоолыг ИТХ-ын тэргүүлэгчид 100 хувийн саналаар гарга­тал ИТХ-ын дарга Д.Батсай­ханыг нь шоронд аваачаад хий­чихлээ. Энэ мөнгө ИТХ-ын тэр­гүүлэгчдийн хур­лаар ший­дэгд­сэн болохоор л өнөөдөр 24 айл шинэ орон сууцандаа сэтгэл хангалуун амьдарч байгаа. Тэгтэл иргэдээ орон сууцтай болгохын тулд гаргасан ИТХ-ын шийдвэрийг буруу гэж шүүх үзээд, улсын яллагчийн саналаар ИТХ-ын дарга Д.Батсайханыг барьж хорьж байх юм. Хам­тын шийдвэр гаргасных нь төлөө ганцхан хүнийг хорьдог тогтолцоо дэлхийн өөр хаана ч байхгүй болов уу. Буруутай бол бүгдээрээ буруутай. Бу­руугүй бол бүгдээрээ л буруу­гүй. Түүнээс Д.Батсайхан буруутай, бусад нь буруугүй гэсэн зарчим ИТХ-ын шийд­вэр дээр байх ёсгүй билээ. Энэ бол УИХ-ын даргыг пар­ламентын гаргасан шийд­вэрийн өм­нөөс барьж хорьж байгаа­тай л адил юм боллоо. Дашрамд дурдахад, УИХ-ын дарга ч тэр, ИТХ-ын дарга ч тэр зүгээр л хурал даргалах, алх цохих үүрэгтэй. Тэд бусад гишүүн­тэйгээ бусдаар бол яг л адилхан эрхтэйг тодотгоё.

Эх сурвалж:   “Үндэсний шуудан“ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж