Г.Энх-Амгалангийн гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Г.Энх-Амгалангийн гомдлыг хэлэлцэнэ

Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гомдлыг Улсын дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэнэ. Тэрээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.1-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн шүүхээс таван жил, нэг сарын хорих ял оногдуулсан. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд  хорих ялыг хэвээр баталсан билээ.

Хэргийг сануулбал, Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байжээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан  байна.  Тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.

                                Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж