“Увсад бурхан өрсөлдөөд ч нэмэргүй”

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

“Увсад бурхан өрсөлдөөд ч нэмэргүй”

Увс аймгаас сон­гогд­сон ҮЗХ-ны ги­шүүн, Ардчилсан залуучуудын холбооны Удирд­ла­гын зөвлөлийн ги­шүүн Н.Тэгшбаяртай уулзаж ярилцлаа.

-Та бол Увс аймгаас АН-ын ҮЗХ-нд сонгогд­сон хүн. Нутгийн чинь зүгээс сонин мэдээлэл дуулдах боллоо. Айм­гийн АН-ын гишүүдийг МАН-ынхан төрийн гай­гүй албанд томилох бол­жээ. Ард түмэн үүнийг “Сонгуулийн өмнө ардчиллынхныг албан тушаалын барь­цаанд хийж эхэллээ” хэмээн ярьцгааж бай­гаа бололтой?

-МАН-ынхан Увст 100 хувь ялаад байгаа мөртөө Хууль зүйн хэлт­сийн даргаараа АН-ын залууг тавьчихаж байгаа юм. Сонгуулиар тэр за­луу­гийн ажилласан той­рог дээр МАН-ынхан асуу­дал үүсгээд илт давуу ялсан байхгүй юу. Айсан­даа МАН-ынхан түүнд даргын албан тушаал өгч байгаа нь тэр. Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга хийж байгаа АН-ын гишүүн тэр залуу ярьдаг юм. “МАН-ынхан намайг гайгүй албанд тавихгүй бол өөрсдөөсөө ичнэ биз дээ” гэж. Энэ бол тодор­хой баримт шүү. Үнэндээ АН-ын зарим нэг ийм нө­хөд өөрсдөөсөө эхлээд ичих ёстой байхгүй юу. Өнөөдөр Увст сонгуу­лийн өмнө ийм нэг техно­логийг МАН-ынхан хэрэг­жүүлж эхлээд байна. Иймэрхүү маягаар албан ту­шаалд худалдагдсан өөр асууд­лууд байгаа. Хамаагүй ярьж болох­гүй л дээ. Тэнд ардчиллын төлөө зүтгэж буй бусад нөхөд минь хэлмэгдэнэ. МАН-ынхан энэ техно­ло­гио хичнээн сайн хэрэгжүүллээ гээд Увсын ардчилагчдыг бүгдийг нь барь­цаалж чадахгүй. Манай аймгийн АН-ын дарга Цэнд­сү­рэн­гээс эхлээд ард­чиллын төлөө, шударга ёсны төлөө тултал нь тэмцэж байгаа нөхөд байна. Цэнд­сү­рэн маань МАН-ынханд хэлдэг юм, “Та нар тендерт ялж болно. Та нар­тай өрсөлдөөд нэмэр байх ч үгүй. Ганцхан та нар тендерээр авсан ажлаа хийчихэж бай л даа” гэж. Ар­гаа барсан хүний үг байгаа биз. За тэгээд ямар ч цаг үед урваг­чид байж байдаг шиг байна. АН-д тул­гарч буй хамгийн том аюул бол иймэрхүү нөхөд эгнээнд минь ард­чил­лын нэрийг бариад ашиг хон­жоо хай­гаад явж байгаад бай­гаа юм.

-Сая Увсын Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг шорон руу ач­лаа. Увсын АН-ынхан шударга ёсны төлөө тэмцсэний үр дүн гэж ард түмэн харж байна. Гэтэл ариун цагаан хоёр амьтан байсан мэтээр сүүлийн үед бичээд эхэл­лээ шүү?

-Тэднийг тийм л хувь заяа хү­лээж байсан юм. Өөрсдийгөө ариун цагаан байсан мэтээр мөнгө тө­лөөд нийгэмд хүргэж чадах ёс сур­та­хуунтай хүмүүс л дээ. Ийм л хү­мүү­сийг увсчууд 20 жил сонгож ир­сэн байна. Одоо бол ард түмэн ойл­госон. Гүүр барина гэж улсаас тэрбум төгрөг авчихаад тавхан шон босгохоос өөр ажил хийгээгүй мөнгийг нь идчихсэн хулгайчийн толгойг илээд байх юм бол энэ улс орон яаж хөгжих юм бэ. Таван давхар байшин барина гэж улсын мөнгө авчихаад дөрвөн давхар байшин барьдаг, үүнийхээ төлөө 100 сая төгрөгийн шагнал авдаг МАН-ын ийм хулгайчууд шоронд очихгүй өөр хаана очих юм бэ. Тэд тавын тоо мэддэггүй юм уу, хаашаа юм. Эд бол өрмийг нь идсэн хулгай­чид, одоо хусмыг нь хуссан нөхөд ямар ял авах бол гэж харж байгаа. Увсын дээрх хоёр дарга бол өрмийг нь цохиод байсан нөхөд. Одоо доо­гуур нь хусмыг нь тоншдог хэсэг нө­хөд өрөөндөө сууцгааж байна. Тэд­нийг АТГ шалгаж байгаа байх. Сон­гууль болохоор луйвар хийдэг, сонгуулиас бусад үед татвар тө­лөгч­дийн мөнгийг ингээд идээд сууж байдаг МАН-ын гишүүд Ув­саар дүүрэн байгаа. Эднийг л шо­ронд явуулж зайлуулахгүй бол Ув­сын минь цэнхэр хязгаар хэзээ ч хөг­жихгүй. Үүнийг би хэнээс ч эмээх­гүй хэлнэ. Увст өнөөдөр ар­дын хүүхэд авьяас чадвараараа өр­сөл­дөөд аймгийн төрийн албанд ажилд орох систем байхгүй болсон. Цэцэр­лэ­гийн галчийг хүртэл намын харьяал­лаар нь авдаг систем үйлчилсээр байгаа аймаг шүү дээ. Үүнийг нь хэлсэн хүнийг ил далд дарам­тал­даг, жаахан бизнес эр­хэл­дэг бол түү­нийг нь хааж бооно,  айлгана. Тэр бүү хэл сургуульд сурдаг хүүх­дийг нь хүртэл дарам­тал­сан тохиол­дол гарсан шүү дээ. Тэгэ­хээр энэ аймагт ардчиллын үнэр байна уу. Байхгүйд нь би үнэхээр бухимддаг, тэмцдэг. Та бүхэн хар л даа, 90 мянга гаруй хүнтэй байсан Увс аймаг өнөөдөр 70 мянга хүрэхгүй хүн амтай бол­чи­хоод байна. Та нар сонссон бол Сэ­лэнгэ, Булган айм­гийн нутагт Увсын иргэд сум, багаа­раа дүрвэн нүүж ирсэн шүү дээ. Хэдэн мян­гаа­раа нүүж ирсэн. Тэд юм ярьдаггүй болохоос биш яг үнэндээ дарам­таас л зугтаасан байхгүй юу. МАН-ын дарамт­лагч­даас. Тэрнээс Увст ган зуд нүүрлээд, амьдрах аргагүй болсон юм байх­гүй. Өвөл нь өнтэй, зун сайхнаараа болж байгаа. Увс чинь басчиг бэл­чээр ус сайтай нутаг шүү дээ. Гэтэл төрж өссөн тэр сайхан нутгаасаа дайжсаар байна. 21 аймгийн дот­роос манайх шиг хүн амын тоо нь жил ирэх тусам хэдэн мянгаар цөөрч байгаа аймаг байхгүй. Зөвхөн энэ жишээнээс л харахад Увс аймаг юу болчихоод байгааг харж болно. Нийслэлд арай өөр юм. Яагаад гэвэл ард түмэн мэдээлэлд ойр байгаа уч­раас ардчиллыг сонгоод байна. Айм­гуудад тийм юм алга. Аймгийн АН-ыг дэмждэг хэдэн залуу теле­ви­зийн зөвшөөрөл авах гэж найман жил зүтгэлээ. Хуулийн дагуу мате­риа­лаа бүрдүүлээд өгдөг, дээгүүрээ Увсаас сонгогдсон хэдэн дарга нар яриад зогсоочихдог. Увсчууд мэ­дээ­лэлтэй байх нь тэдэнд аюултай байна. Гэтэл МАН-ын залуус зөв­шөө­рөл хөөцөлдөхөөр 7 хоногийн дотор өгчихдөг. Цөхөрсөн залуус нутагтаа ажиллаж амьдрах арга алга гээд хот бараадаж байгаа байхгүй юу. 

-Увст тэгээд сайхан амь­дарч байгаа нэг ч өрх айл байхгүй гэж үү?

-Байгаа, байгаа. Аймгийн Засаг даргыг тойрсон зургаан өрх айл, Ардын намыг тойрсон 10 гэр бүл маш сайхан амьдарч байгаа. Эдэнд алд, алдаар, га, га-гаар газар олддог бол ард Дорж гуайд сөөм газар ч олдохгүй байгаа.

-Гэхдээ л увсчууд тэднийг үеийн үед сонгосоор ирсэн шүү дээ?

-Увсчууд тэднийг сонгоод байна уу, өөрсдийгөө сонгуулаад байна уу. Сонгууль бүрээр маш их булхай луйвар гардаг. Тэр бүхнийг баримт­тай нь шалгуулдаг юм. Гэтэл хуу­лийн байгууллагууд саналд нөлөө­лө­хүйц биш байна гээд буцаадаг байхгүй юу. Дийлдэхгүй ш дээ.  

-Өнгөрсөн 20 жилийн хуга­цаанд Увс аймагт ардчилал ялж үзээгүй нь үнэн. Ардчиллаас Д.Дорлигжав мөн ч олон удаа унасан даа.

-Хараад байхад улс төрд ца­гаа­шир­чихсан Дор­лиг­жав шиг хү­мүүст жижигхэн санаа төрдөггүй юм шүү дээ. Би танд яг үнэнийг ний нуугүй ярья. Миний хувьд Увсын унаган хүүхэд. Сонгууль бүрээр бараг тэнд ажилласан гэж болно. Дорлиг­жав даргатай хамт л явсан. Увст саналын хулгайчид байхад ардчиллаас бурхан очиж өрсөл­дөөд ч гарахгүй юм байна лээ. Би сүүлдээ Дорлигоо даргад ил цагаан хэлсэн. “За Дор­ли­гоо даргаа, ийм байдлаар явах­гүй юм байна. Ху-гийнхны хийж байгаа хар муу пиарыг сөргүүлээд хийе. Өөрсдөд нь өөрсдийнх нь мэхийг хийж үзье” гэж. Тэгсэн мань хүн юу гэсэн гээч. “Тэгшээ хэдүүлээ хүний муу үзэхгүй шүү. Тийм юм хийдэг хүмүүс нь хийг. Ар гэр, амьдрал ахуй, үр хүүхэдтэй бидэнд тийм юм байж болохгүй. Нэг л амьдрах насандаа жудагтай бай. Мөрөө­рөө л сурталчилгаа хийе” гэсэн. Ингээд л саналаа луй­вар­дуул­даг, хар муу пиарт нь сон­гогчдын зарим нь итгэдэг байхгүй юу. Дорлигжав даргын унасан шалт­­гаанууд ердөө ийм л байдаг.

-Сонгууль үүдэнд ирлээ. Мон­­го­лын хамгийн том намын залуучуудын байгууллагыг удир­­далцаж байгаа хүний хувьд  өнөөдрийн улс төрийн орчинг хэрхэн харж байна?

-Монголын улс төр хууль нь булингартай болохоор орчин нь бу­лин­гартай л байх шиг байна. Бүх зүйл нь тодорхойгүй, тодорхой ганц нэг зүйлийг нь ахиулаад харахаар бас тодорхойгүй байдаг. Ер нь улс төр дэх тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Жилийн өмнө, ядаж хагас жилийн өмнө тодорхой бол­чих­сон байвал бу­хим­­дал гарахгүй. Гэтэл одоо нийс­лэ­лийн ИТХ-ын сон­гууль нь Их хурлынхтайгаа хамт явах гэж бай­на. Зүй нь болбол явуул­бал аймаг сумгүй бүгдийг цугт нь явуулаад эсвэл салгаж явуулах ёстой.

-АН нэг шүүмжлэлийг байнга дагуулдаг. Залуучуудаа дээш нь гаргахдаа тааруу гэж?

-Энэ сонгуулиар бол харин ч сайн дэмжье гээд байгаа шүү дээ. Өнгөрсөн 20 жилд анх удаа залуу­чуу­дынхаа байгууллагатай харил­цан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёрт гэвэл залуу хүн гэхээрээ хэн нэгэн том хүнийг бараадсан, дээрээ крантай, дороо данхарааттай байж болох­гүй шүү дээ. Данхараатыг нь авчих­вал яах юм. Кран нь уначихвал яах юм. Шууд л шороон дээр унана. Тийм болохоор АН-ын залуучууд бүг­дээ­рээ болохоосоо болохгүйг нь хүртэл тэмцээд гараад ирж байгаа. Жишээ нь өнөөдөр Х.Тэмүүжин, Лу.Ган­тө­мөр… өөр хэн байна, АН-ын гишүүн нийгэмд торойж байгаа залуус байна. Ингэж чадаж байгаа­нууд нь дархлаатай, улс төрийг олон жил хийж, илүү сайн зүй­лүү­дийг улс оронд бүтээнэ. Бусад на­мын залуус бол дээрээ тростой байж улс төрд явж харагдаж байгаа юм. Дээр нь тэд мөнгөн бороо оруулж байж шат ахиж байна шүү дээ. Уг нь бол залуу хүн тархин дот­роосоо оюуны бороо оруулж бай­гаад гарч ирж байвал Монгол өөр бо­лох юм байгаа юм. Ингэхгүй байгаад асуудал байна.

-Гэхдээ л өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн гайгүй албанд, мөн төрийн өмчийн томоохон компаниудад АН-ын гэх залуу хүн байхгүй л байна. МАН-ын залуус л дүүрэн хэвээр байна?

-Нам боловсон хүчин болсон за­луусаа дэмжих хэрэгтэй. Гэхдээ за­луу хүн дэмжүүлэх түвшинд өөрөө боловсорсон байх хэрэгтэй. Би бүр эсрэгээр нь хардаг. Улс төрд ам­бицтай байгаа залуус үеийн­хэн­тэй­гээ ч тэр, дээд үеийнхэнтэйгээ ч тэр, шүү­сээ гартал үзэлцээд гарч ирж чад­вал амттай, гоё. Ийм өр­сөл­дөөн дунд залуусын дийлэнх нь шан­тарна. Шантраагүйнүүд нь жинхэнэ улс төрийн орчны хүн болж чадна. Начны найраа гэдэг шиг улс тө­рийн най­раа байж бол­моор­гүй бай­на шүү дээ. Өнөөдөр бол ард­чил­лынх­ны хувьд анхны 13 өлсгө­лөн зар­лагс­дын үеийнхэн ид бай­на. Да­раа­гийн үе хүссэн хүсээгүй га­раад ирнэ. Залуус гарч ирж буй үед дээд үеийнхэн нь түвэг уддаггүй бай­хыг л үе солигдох гэж хэлдэг байх.

-Энэ сонгуулиар та ямар орол­цоотой орох вэ. Аль шатанд нэр дэвшинэ гэж шийдсэн?

-Надад Их хурал энэ тэрд нэр дэвших санаа оноо байхгүй. Тийм болохоор ингээд чөлөөтэй яриад сууж байна.

Танд ажлын амжилт хүсье

П.ХАШЧУЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж